ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Өнөөдөр 2020.05.05. Энэ оны 125 дахь өдөр бол он дуусахад 241 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 27 минутад мандлаа. 20 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр. Улс орнуудаас Өмнөд Солонгос, Японд Хүүхдийн өдөр, Киргизэд Үндсэн хуулийн, Нидерланд, Данид Чөлөөлөгдсөн өдөр, Этиопт Эх орончдын ялалтын, Албанид Эх орончдын, Палауд Ахмадын өдөр тохиож байна.

Энэ өдөр Израиль-Америкийн сэтгэл зүйч, Нобелийн шагналт Даниэль Канеман, Америкийн жүжигчин, найруулагч Фред Уильямсон, Испанийн Ерөнхий сайд асан Фелипе Гонзалес, Их Британийн дуучин, гитарчин Эдди Грант, Америкийн гитарчин, “Red Hot Chili Peppers” хамтлагийн гишүүн Жон Фрушанте, Португалын хөл бөмбөгч, дасгалжуулагч Паулу Фонсека, Америкийн жүжигчин Ева Мендес, Стерлинг Найт, топ модель Тэйлор Хилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922: Ноёд лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлага, ардуудаас албан татвар авах эрхийг хасжээ.

1961: 1960 онд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид үйлдвэр бүтээн байгуулах тухай гэрээ”-ний дагуу 1961 онд эхний хэсэг болох 754 хүн Улаанбаатарт ирэв.

1992: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх цэргийн хар тугийг залах ёслол болжээ. Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Амгалангийн зургаар хийсэн тэрхүү хар сүлдийг бүтээхэд 500 гаруй хүн, 16 байгууллага оролцож, Монгол Улсын 200 гаруй сумын 1000 гаруй азарганы хөхөл үс цуглуулжээ.

2017: Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслол Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болов.

Энэ өдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сүм дуган сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top