Б.Оюумаа: Сонгууль товлосон хугацаандаа болно

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас дараах зүйлийг толдрууллаа.


-Сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгууль өндөржүүлсэн бэлэн байдлын үед явагдаж буйгаараа онцлогтой. Одоогийн байдлаар бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явж байна. Өнөөдөр гэхэд сонгуулийн байгууллагад ажиллах иргэдийн сургалтыг цахимаар зохион байгууллаа. Мөн орон нутагт цөөн тооны иргэдэд, сургалт явуулж эхэлсэн. Цаашид сургалтад хамрагдсан хүмүүстээ гэрчилгээ олгох, хэсгийн хороонд ажиллах боловсон хүчний судалгаа гаргах зэрэг ажлуудыг хийнэ. Мөн тавдугаар сарын 10-16-ны хооронд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Ингэхдээ бие даагчид тавдугаар сарын 10-ны өглөө аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос баталгаажуулсан гарын үсэг цуглуулах маягт авах юм. Бие даагчид маягтаа авахаар очиход нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх зөвлөмж өгнө. Сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24-ний лхагва гаригт товлогдсон. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын үе таарч байгаа ч сонгууль товлосон хугацаандаа явагдана.

-УИХ-ын сонгуулийн тойрог 29 байхаар батлагдсан. Аль дүүргийн иргэд ямар тойрогт багтаж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 29 тойрогт сонгууль явуулна. Орон нутагт 20 тойрог, Улаанбаатарт есөн тойрог байна. Орон нутагт яагаад 20 тойрог байгаа вэ гэхээр Дундговь, Говьсүмбэр аймгуудийг нэгтгээд нэг тойрог болгосон. Харин нийслэлийн тухайд Багахангай, Багануур, Налайх дүүрэг нийлээд нэг тойрог болно. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр хоёр тойрог болж хуваагдсан байна.

-Нийт хэдэн сонгогч санал өгөх вэ. Сонгуулийн хэсгийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтдээ 2070 санал авах байранд санал хураалт явагдана. Сонгогчийн тоо одоогоор 2 сая 200 мянга гэж гараад байна. Сонгууль болтол энэ тоо мэдээж хэрэг хэлбэлзэнэ. Жишээ нь, нас баралт, “түр хасав” тэмдэглэгээтэй хүмүүс нэмэгдэнэ. Энэ мэдээллийг нэгтгээд, эцсийн байдлаар санал өгөх иргэдийн тоо гардаг.

-Зөөврийн хайрцгаар санал авах уу?

-Зөөврийн хайрцгаар санал авна. Ямар шалтгаантай хүмүүсээс санал авах вэ гэхээр нэгдүгээрт, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж өөрийн биеэр санал өгөх боломжгүй иргэд байдаг. Хоёрдугаарт, нийтийн дайчилгаанд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчид зөөврийн хайрцгаар санал өгнө. Гуравдугаарт, баривчлагдсан, түр саатуулагдсан иргэд багтдаг.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар дэглэмээр санал хураалт явуулах ёстой юм бол?

-Бид мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авахаар хүргүүлээд байна. Санал авах байран дээр ямар дэглэм баримтлах, зөөврийн хайрцаг авч явахдаа ямар дэглэм баримтлах, нам эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаа явуулахдаа ямар дэглэм барих, бие даагчид гарын үсэг цуглуулахаар явахдаа ямар дэглэм баримтлах вэ гэдэг нарийвчилсан зөвлөмж авахаар мэргэжлийн байгууллагад хандсан. Зөвлөмж гарахаар бие даагч айлаар явж, гарын үсэг цуглуулахгүй гэх мэт илүү тодорхой зүйл гарч ирэх байх.

Сая БНСУ парламентын сонгуулиа маш амжилттай зохион байгууллаа. Тус улсын сонгуулийн байгууллагаас бидэнд туршлага хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлж, ил захидал явуулсан. Мэдээж сонгуулийн байгууллагын зүгээс эрүүл ахуй, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахина. Мөн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу сонгогдчид ямар зайнд, хэрхэн санал өгөх талаар зохицуулалт хийнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.31.229) 2020 оны 05 сарын 04

Өвчний байдлаас болох байхаа хө.

0  |  0
Top