СУРВАЛЖИЛГА: 30 саяар авсан нэхийгээ ХОГИЙН ЦЭГ рүү ачуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Улаанбаатар хотын иргэдийг малын мах, түүхий эдээр хангадаг гол төв болох "Эмээлт" захыг зорилоо. Тус зах нь хөдөө орон нутгаас авчирсан малын мах, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн худалдаалдаг газар бөгөөд өвлийн цагт арьс шир, хаврын цагт ноолуур, зун, намрын цагт мах, хонины ноосны худалдаа ундардаг. Арьс ширний илжирсэн үнэр хамар сэтлэм ханхийж, ялаа батгана шавааралдаж, золбин ноход хөлхөлдсөн “Эмээлт”-ийн эргэн тойронд өдийд ноолуураа тушаах гээд малчид хөлхөж байдаг цаг сан. Нар, салхинд борлож гандсан арьс шир борлуулан нийлүүлэгчид, энгийн ажилчид үг дуугүй дор бүрнээ завгүй ажиллаж байлаа. Арьс шир, түүхий эд худалдаж авна гэсэн том хаяг бүхий цэгүүдийн үүдэнд хөдөөнөөс зурайх замыг хараа чилээн харуулдах ченжүүд гиюүрэн суугаа харагдана.


МАЛЧИД, ҮЙЛДВЭР ХОЁРЫН ДУНД ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ АМСДАГ НЬ ЧЕНЖҮҮД БАЙДАГ

“Их уул” арьс шир, түүхий эд худалдан авдаг цэгийн өргөн, уудам хашаа руу явж оров. Хашаагаар нэг дэлгэж хөглөрсөн үхэр, адууны арьс ширийг гурав, дөрвөн залуус портер машины тэвш рүү шидэлнэ. Амаа алчуураар ороож, зузаан бээлий өмссөн тэдгээр эрсийн нэгтэй яриа дэлгэв. “Үхрийн ширийг өвөл 15 мянгаар авч хөлдөөдөг бөгөөд урьж орж гэсэхээр нь давсалдаг. Давсалсан ширээ арьс ширний үйлдвэрүүдэд худалддаг” гэв. Цаашлаад арьс ширний үйлдвэрүүд боловсруулаад Орос, Хятад, Турк руу нийлүүлдэг. Гэвч энэ жилийн тухайд коронавирусний гайгаар арьс шир, түүхий эд үнэгүйдсэн.

“Эмээлт”-ээс амьжиргаагаа залгуулж байгаа олон хүн бий. Хэрэв ажлын байр элбэг, амьдрал сайхан байсан бол юу гэж өмхий самхайтай зууралдаад байж байх вэ дээ” гэж мөнөөх эр учирлан ярилаа. Адууны шир дэлтэйгээ 10 мянга төгрөгийн үнэ ханштай байдаг бөгөөд “Мон торгон дэл” ХХК нэг килограмм дэлийг 5000, сүүлийг нь 6000 төгрөгөөр худалдан авдаг аж. Урьд урьдын жилүүдэд хятадуудаас захиалга авч хонины нэхийгээ 1000-2000 мянган төгрөгөөр худалдан авч нөөцөлдөг байсан боловч энэ жилийн тухайд таамаглашгүй хүчин зүйл болсон цар тахлын улмаас хонины ширийг хог дээр хаяхаас өөр аргагүй болжээ.

Арьс шир борлуулан нийлүүлдэг ахимаг насны эмэгтэй “Одоо надад 1000 төгрөгөөр авсан 30 мянган хонины нэхий байна. Хэн ч 500 төгрөгөөр тоож авахгүй байна. Хог дээр хаяулъя гэхээр нэг сая төгрөгөөс нааш хаяж өгөхгүй. Өмхийрүүлээд байлгаад байлтай нь биш гээд бид ачуулсан. Малчид 10 шир бариад арьс ширний үйлдвэр рүү хэзээ ч явахгүй л байхгүй юу. Малчид, үйлдвэр хоёрын дунд хамгийн их хохирол амсдаг нь ченжүүд байдаг. Ченжүүд байхгүй бол малчид баларна” гэдгээ халаглан ярьж байв. Ямааны ноолууртай арьс 8000 мянган төгрөг бол ноолуургүй арьс нь үнэгүй байлаа. Уг хашааны хойд хэсэгт ажилчид тэмээний арьсыг ноосолж байв. Тэмээний арьс ноостойгоо 25 мянган төгрөг хүрдэг бол ноосолсон үдээр авдаггүй аж.

“Нарны шил зүүсэн, 30 орчим насны эмэгтэй “Тэмээний ноос нэг килограмм нь долоон мянган төгрөг болдог. Энэ жилийн үнэ ханш нь тодорхой гараагүй л байна. Уг нь хятадууд тавхайтай нь хүртэл худалдан авдаг боловч коронавирусний улмаас худалдан авалт таг зогссон учраас тавхай нь хог руу ачигдана” гэв. Аанай л хог руу ачигдах болсон түүхий эдийн үнийн бодлого баримтлахгүй бол арьс шир борлуулан нийлүүлэгчид туйлдаж байгаагаа илэрхийлж байлаа.

МАЛАА ЧЕНЖҮҮДЭД БӨӨНДӨХӨӨР 30-50 МЯНГАН ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАЙДАГ

"Эмээлт" зах нь 16 га талбайтай бөгөөд малчдад хашаагаа түрээслүүлэн амьд мал худалдаалдаг. Хонь, ямаа хашсан хорооныхоо хайс дээр сандайлсан залуус яргуй идсэн ямааны мах авах уу гээд угтав. Шинэ хонины шөл оочилж, яргуй идсэн ямааны махаар тэнхрэх зорилготой ирсэн хүмүүсийг дагуулан харах мөнөөх залуус хониныхоо нас, шүдийг тоолон үзүүлнэ. Эр хонь 250 мянган төгрөг, соёолон хонь 150 мянган төгрөг гэсэн бол яргуй идсэн ямаа нь 150-160 мянган төгрөг байв. Төв аймгаас ирсэн нэгэн малчин “Энэ жилийн хувьд махны үнэ ханш тогтвортой байна. Би банканд лизинг төлдөг. Малчдын амьдрал мал дээрээ л тогтдог. Малаа ченжид бөөндөхөөр нэг мал дээр 30-50 мянган төгрөгийн алдагдалтай байдаг болохоор өөрөө зардаг” хэмээн ярьж байв.

Зарсан хонь, ямаагаа хүлж аваад усны тэрэг дээр тавиад түрээд явлаа. Ямаа бааштай амьтан болохоор майлалдаад сүйд болов. Баруухан талд байрлах мал нядалгааны газарт ягаан халаадтай бүсгүйчүүд малын гэдэс дотрыг шалмаг гэгч нь арилгах бөгөөд 15-20 минутын дотор гялалзуулчихав. Тэд энэ үйлчилгээгээ 15-18 мянган төгрөгт үзүүлдэг аж. Харин өлөнгийн цехүүд намрын улиралд малын өлөнг өнгөр тогтохоор нь 1000 төгрөгөөр худалдан авдаг талаар ягаан халадтай бүсгүй гургалдай чихэнгээ нэмж хэллээ. Тэрбээр энэ талбайд өдрийн 20 мянган төгрөг төлдөг бөгөөд гадаа хонь зарж буй түүний дүү нь ч хашаагаа 20 мянгаар түрээсэлдэг ажээ. Хонины гэдэс арилгаж дуусахыг хүлээн зогсоо залуу “Эхнэр маань урьд шөнө амаржсан. Эмнэлгээс гарахаас нь өмнө шинэ шөлийг нь бэлдэж явна. “Эмээлт” захаас малаа авчихаар хямдхан тусдаг юм” гээд инээмсэглэв.

НООЛУУРЫГ 100 МЯНГААР ҮНЭЛЖ 70 ХУВИЙГ БЭЛНЭЭР, 30 ХУВИЙГ НЬ СОНГУУЛИЙН ДАРАА АВ ГЭЖЭЭ

“Шинэ од” ХХК тэргүүтэй хэд хэдэн ноолуур худалдан авах цэгээр орж ноолуурын үнэ ханшийг судлав. Ноолуур 40-50 мянган төгрөгт авч буй гэв. Малчид ноолуураа мэр сэр ирж тушааж байгаа бололтой. Ноднин 140 мянган төгрөгт хүрч байсан ноолуур энэ жил 60 мянга хүрч байвал их юм болчихоод байгаа. Засгийн газрын тогтоолоор 300 тэрбум төгрөгийн зээл олгож, ноолуурыг 100 мянгаас буулгахгүй гэсэн ХХААХҮ яамны сайд Ч.Улааны амлалтыг хэн хүнгүй шүүмжлэн бухимдаж байлаа. Манай улс жилдээ 10 мянган тонн ноолуур самнадаг бөгөөд 60 хувь нь Итали улс руу нийлүүлдэг. Гэтэл өнөөдөр Итали улс коронавируст эзлүүлчихсэн юун ноолуур манатай байгаа. 10-20 хувь нь Хятад, Америк улс руу нийлүүлдэг. Жуулчдын хөдөлгөөн хаагдсан учраас ноолууран бүтээгдэхүүний зах зээл зогсонги байдалд орсон. Нэгэн ченж ”Үндэсний үйлдвэрлэгчид малчдаас ноолуурыг нь 100 мянгаар худалдан авбал дампуурна.

Хятадууд энэ завхралыг далимдуулж хөдөө орон нутгаар ноолуурыг 70 мянгаар авах гээд явж байна. 10 килограмм ноолуураа “Говь” ХХК-д тушаачихаад падаан бичүүлээд, мөнгөө Хөдөө аж ахуйн яамнаас очиж авах гээд явж байдаг малчид байхгүй. Ченжүүдэд бэлэн мөнгөөр өгөөд будаа, гурилаа аваад буцахаа бодно. Адлаад байгаа ченжүүд чинь хамгийн их эрсдэл үүрдэг. Жишээ нь манай складанд өвөл 12 мянган төгрөгөөр авсан үхрийн шир дүүрэн овоолоостой байна. Одоо 5000 мянгаар ч өгье гэхэд авах хүн олдохгүй байна" гэж байлаа. Биднийг ийн хуучлах зуур Өвөрхангай аймгаас ирсэн малчин өвгөн ноолуураа тушаахаар ирэв. Аймагт нь ноолуурын үнэ унаж 35 мянган төгрөг болжээ. Хөдөөгүүр албаны хүмүүс малчдын ноолуурыг 100 мянгаар үнэлж падаан бичээд 70 хувиа бэлнээр ав, 30 хувийг нь сонгуулийн дараа ав гэжээ.

Чухамдаа Ч.Улаан сайд гарвал 30 хувиа олж авна, гарахгүй бол олж авахгүй гээд малчдыг мөнгөөр барьцаалж эхэлсэн талаар тэрбээр “ховлож” байв. Малчид 30 хувиа авахын тулд түүнийг сонгох тийм гарцгүй байдалд оруулах сонгуулийн шоу хийж байгаад ард иргэд дургүйлхэж байгаа ажээ. “Бид малаа барьцаалаад банкны зээл авдаг. Гэтэл ноолуурын үнэ унаад байдаг. Хавар ноолуураа тушаагаад төлнө гээд хүүхдүүддээ байр сууц, сургалтын төлбөр ялбар гээд 100 сая төгрөг зээлсэн банканд малаа хураалгах дээрээ тулаад байна. Улс төр малчдаараа оролдох буруу л юм байгаа юм. Хамгийн сүүлд хэдэн гишүүд нийлж нэг килограмм тутамд 20 мянган төгрөг нэмж төлөх хуулийн төсөл батална гэдэг ч үлгэр байх аа” гээд яаран ноолуураа тушаах гээд яаран одлоо. Арьс ширний илжирсэн үнэр хамар сэтлэм ханхийж, ялаа батгана шавааралдаж, золбин ноход хөлхөлдсөн “Эмээлт”-ийн эргэн тойронд өдийд ноолуураа тушаах гээд малчид хөлхөж байдаг цаг сан.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(66.181.188.163) 2020 оны 05 сарын 04

Ченжүүд байхгүй бол малчид балрана ч гэх шиг. Та нар л харин хэдэн малчидыг шулж амьдардаг биздээ. Хүний төлөө ажиллаж байгаа юм шиг юу гээд хуцаад байгаан. Хэцүү байгаа бол больчихооч. Тэгээд ч хонины нэхийг хэн ч авахаа байгаад удаж байгаа шд. Худлаа гоншигоноод байгаарай хувалзууд минь.

0  |  0
Хонины шир гэж юу ба(66.181.161.93) 2020 оны 05 сарын 04

Хихи

0  |  0
Түвшээ(202.70.34.114) 2020 оны 05 сарын 03

Манайд арьс ширний дотоодоо бүрэн хангах том үйлдвэр байсан. Төрд гарсан хулгайчид бүгдийг хувьчлаж авсан. Энэ мэтээр байвал монгол хөгжихгүй л дээ.

0  |  0
хо(202.9.46.58) 2020 оны 05 сарын 03

Энэ ярганы газрыг хаах хэрэгтэй.

1  |  0
Бат(202.9.46.194) 2020 оны 08 сарын 25

Бид хөгжих ч болоогүй байна аа дүү нар минь арьс ширний боловсоруулах үйлдвэрийн ноу хау судлаж ирээд ард түмэндээ хандвал арьс ширээ боловсоржуулж юм хийхсэн

1  |  0
Ghl(37.201.171.54) 2020 оны 05 сарын 01

Tolgoi muu ajillaj bna da 30 sayar nehii eldeh vildver barisan bol odoo vnegvi nehii avaad eldej suuhgvi vu amar hylbar argaar mungu olon gesen hvmvvs balardag vm daa!!!!!!!

0  |  0
2(202.72.245.122) 2020 оны 05 сарын 04

Чёнжийн Хүмүүс асар их зантай Хүүхдүүд нь Хүмүүжилгүй хоосон толгойнууд байдаг

2  |  0
САЙН ИРГЭН(202.9.46.71) 2020 оны 05 сарын 01

30 САЯАРАА ҮЙЛДВЭР БОСГОСОН БОЛ ..

2  |  0
Зочин(223.24.158.254) 2020 оны 05 сарын 01

Өөрсдөө сонгосон ажлаа сайн хийх хэрэгтэй. Арчаагүй юмнууд бусдаас дандаа илүү харж гуйлагчин царайлаад үзээрэй

0  |  1
Иргэн(103.212.119.254) 2020 оны 05 сарын 01

дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бол гаргаж хэдэн төгрөг олох хэрэгтэй ш дээ. Ямар уул уурхай шиг ухаад авч байгаа биш. Төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй

2  |  0
Top