ФАТФ: Монгол Улсад хийх үнэлгээгээ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2020 оны 04 сарын 30

 

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах хугацаа коронавируснээс болж хойшлоод буйг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ФАТФ-аас манай улсад хийх үнэлгээгээ үргэлжлүүлэхээр  болсон байна.  Монгол Улсын Засгийн газар  “Саарал жагсаалт”-аас гарахад цөөн ажил үлдсэн тул хоёр дахь үйл явцын үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг  ФАТФ-т тавьж, зөвшөөрсөн хариу авчээ.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “ФАТФ нь Саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг коронавирусний  тархалтаас болж түр хойшлуулах шийдвэр гаргасан. “Саарал жагсаалт”-аас гарахад цөөн ажил үлдсэн тул хоёр дахь явцын үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг Монгол Улс тавьсныг ФАТФ хүлээн авлаа. ФАТФ-ын шаардлагыг биелүүлж, тайлангуудыг цагт нь хүргүүлэн “Саарал жагсаалт”-аас гарахаар төрийн олон байгууллага хамтран шуурхай ажиллаж байна” гэжээ.

ФАТФ коронавируснээс хамааран улс орнууд хүнд сорилттой тулж буйг хүлээн зөвшөөрч байгаагаа энэ сарын 28-нд гаргасан мэдэгдэлдээ илэрхийллээ. Түүнчлэн  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй улс орнуудад хийх үнэлгээгээ хойшлуулснаа сануулахын зэрэгцээ эрчимтэй хяналтаас гарахын тулд идэвхтэй ажиллаж буй Монгол, Исланд улсуудад хийх үнэлгээгээ хойшлуулахгүй хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралдаанд эхний тайлангаа амжилттай хамгаалсан.  Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, зургаан  чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.

ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа дөрвөн сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага  Монгол Улсын тайланг хэлэлцсэний дараа  ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шатны ажил явагдах ёстой. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан  ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх ёстой юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorigt(71.9.2.98) 2020 оны 05 сарын 01

Ofshooroos mongoo avaachee. Hariutslaga tootsoochee.

0  |  0
Top