Зөвшөөрөл авч чадаагүй 500 гаруй компани ЦАХИМ ЖАГСААЛ хийнэ

2020 оны 04 сарын 29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ тавдугаар сарын 1-нийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, тайван жагсаал зохион байгуулах хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал зохион байгуулж болохгүй гэсэн хариу авчээ.

Коронавирустэй холбоотойгоор ажлын байраа алдсан болон алдах эрсдэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд коронавируснээс хамааран тайван жагсаал хийх эрхээ эдэлж чадахгүй байгаа ч цахим орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлэхээр болсон байна.

Тодруулбал, ажилтай иргэд нь ажлын байран дээрээ ажил хаялт зарлаж, цахим жагсаал хийх бол ажилгүй болсон иргэд ажлын багаж, хэрэгслээ Д.Сүхбаатарын талбай дээр байрлуулж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.

Ажлын байраа, орлогоо хамгаалж үлдэхийн төлөөх  жагсаалд нэгдэх хүсэлтээ одоогоор 500 гаруй компани МҮХАҮТ-д гаргаад буй аж. 

МҮХАҮТ-ын  зүгээс “Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр зохицуулж ирлээ. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, гуравдугаар  сарын байдлаар 46 мянган хүн нэмж ажилгүй болоод байна. Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй боллоо. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд тайван жагсаал хийж, "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-ыг сонгуульд дэвших бүх намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт гардуулна гэж байсан.

 

МҮХАҮТ-аас тавьж буй шаардлагуудыг сануулъя

 

  • Коронавирусний үед  эдийн засгийн яаралтай арга хэмжээ авах УИХ-ын тогтоолыг яаралтай баталж, хэрэгжүүлэх

 

  • Эдийн засгийг эрчимжүүлэх бодлого төлөвлөгөө гаргах түр нэгж байгуулах

 

  • Нэг сая ажлын байр олгодог хувийн хэвшлийн нэгдэж дуу хоолойгоо илэрхийлсэн саналуудыг сонгуульд нэр дэвшиж буй бүх намууд мөрийн хөтөлбөртөө тусгах гэхчлэн шаардлагуудыг тавьж байна.

 

Эдийн засгийн яаралтай  арга хэмжээ авах УИХ-ын тогтоолын төсөлд МҮХАҮТ-аас өгсөн 10 санал байгаа юм.

 


Сануулахад, Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний  ажлын байранд үзүүлж буй нөлөөллийг тодруулах судалгааг МҮХАҮТ-аас  гуравдугаар сарын 20-23-ны  өдрүүдэд 1504 аж ахуйн нэгжийг хамруулан хийсэн.

Судалгааны дүнгээс харахад төрийн зүгээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд  ажилчдын тооны бүлэг, бизнесийн салбар харгалзахгүйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж аж ахуйн нэгжүүд үзэж байв.  Хөнгөлөлттэй зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг хойшлуулах нь ажлын байрыг хадгалахад дэмжлэг болно гэж  ажил олгогчид үзэж буйг МҮХАҮТ-аас мэдэгдэж байсан.

Судалгаанд оролцсон нийт аж ахуйн нэгжүүдийн 67.4 хувьд нь коронавирусний халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ МАШ ИХ, 22.8 хувьд нь ДУНД ЗЭРЭГ  нөлөөлсөн гэсэн дүн гарсан байсан.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 63 хувь  нь ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг, 49 хувь нь НДШ-ийн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, 44 хувь нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг нь ажлын байрыг хадгалахад төрөөс нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай дэмжлэг гэж үзсэн.

Дээрх шаардлагатай дэмжлэгүүдийг салбараар харвал судалгаанд уул уурхайн салбарын 44 хувь, банк санхүүгийн 42 хувь,  үйлчилгээний 42 хувь, тээврийн 41 хувь нь ажлын байр хадгалан үлдэхэд зориулсан санхүүгийн дэмжлэг шаардлагатай гэж үзсэн бол, хөдөө аж ахуйн салбарын 38 хувь, хүнсний үйлдвэрлэлийн салбарын 30 хувь нь хөнгөлөлттэй зээл хэрэгцээтэй байна гэсэн байгаа юм.

Мөн хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 32 хувь, үйлчилгээ, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, аялал жуулчлалын 33 хувь, барилгын 38 хувь, боловсролын 36 хувь  нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах нь бодитой дэмжлэг болно гэж үзсэн.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн зүгээс нэн шаардлагатай гэж үзсэн тусламж, дэмжлэгүүдийн нэг болох Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөртэй холбоотой шийдвэрийг төрөөс гаргасан. Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний  хооронд хэрэгжинэ.

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шийдвэр бол МҮХАҮТ-аас гаргасан 10 саналын нэг. Түүнчлэн ажлын байрыг хадгалж үлдэхэд чиглэсэн бодитой дэмжлэгүүдийг төрөөс гаргах нэн шаардлагатай хэвээрээ байна гэж танхим үзэж буй юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.80.211.111) 2020 оны 04 сарын 29

Засаг төр нь ой санамжаа мартчихсан хүмүүс шиг Сангийн сайд нь Худлаа ярина Хөдөлмөрийн сайд нь бас нэг худлаа ярина Татварын албаны байцаагч нар нь худлаа ярьж аж ахуйн нэгжүүдээ яаж дарамтлахаа бодоод завгүй учир нь тэд үр дүнгийн урамшуулал авдаг. НДШ төлнө төлөхгүй гээд худлаа битгий ярьв Одоо болсон.

0  |  0
Su ah(202.179.27.35) 2020 оны 04 сарын 29

Болж байгаа үйл явдалд бодит дүгнэлт хийж шуурхай ажиллаж чаддаггүй засаглал бол тоглоомын засгийн газар байдаг. Тэр нь одоогийн УИХ ба Хүрэлсүхий тэргүүлсэн засаг бас ерөнхтйлөгч нэртэй Баттулга.

0  |  1
Top