Квентин Тарантиногийн сахиусан тэнгэр Ума Турман 50 нас хүрлээ

2020 оны 04 сарын 29

“20 нас хүрэхэд чинь Холливуд таныг ганц өдрийн дараа унтрах од гэж нэрлэнэ. 25 настайд чинь 30 хүрээд зодог тайлна гэж ярина. Харин би 40 нас хол гарсан ч найруулагчид дуудсаар л байгаа”

Ума Турман энэ үгийг 46 настайдаа хэлж байсан бол өнөөдөр тэр 50 нас хүрч байна. Үнэхээр цаг хугацаа гэдэг нүд ирмэхийн зуур өнгөрөх юм. Харин Турман сайн дарс шиг улам чангарсаар л байна. “Квентин Тарантиногийн сахиусан тэнгэр”, “Сэхээтнүүдийн секс бэлгэ тэмдэг”. Энэ бүхэн түүний тухай үг.

Ингээд 50 насны тэгш ойг нь тохиолдуулан Ума Турманы замналын талаарх сонирхолтой баримт, дагаж мөрддөг амьдралын дүрмийг нь хурц эшлэлүүдийн хамт толилуулж байна.
 

Умагийн аав нь буддын шашны зэрэг дэв хүртсэн анхны америк лам Роберт Турман бол ээж Нена нь Шведийн фото модель, сэтгэл зүйч гэдгийг та мэдэх үү? Роберт Далай ламын сайн найз бол Нена хаан угсаатай язгууртан хүн. Ийм эгэл бус гэрбүлд төрсөн болохоор Ума Турман ч онцгой нэгэн болон өссөн юм. Ума бол маш эртний нэр. “Буян хайрлагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд Эртний Энэтхэгийн үлгэр домогт Шива бурхны гэргийг Ума гэж нэрлэдэг байв. Дорно дахиныг судлаач том эрдэмтэн аав нь охиндоо үнэхээр ховор нэр өгсөн юм.

Холливудын од Ума Турманыг одоо хараад багадаа “нугасны муухай дэгдээхэй” байсан гэхэд итгэхэд бэрх. Тэгвэл Ума 15 нас хүртлээ өөрийнхөө царайд сэтгэл дундуур, хурдан том болох сон гэж мөрөөддөг байжээ. 182 см өндөр, 42 размерын хөлтэй гэж байгаа.

Ума Турманы замнал

Өндөр нуруулаг Ума загвар өмсөгч болох гэж оролдсон ч хэн ч түүнийг ажилд авсангүй. Нью-Йоркт ирсэн эхний хэдэн жилдээ аяга угаагч, гуанзны үйлчлэгчийн ажил хийж, амьдралаа залгуулж байлаа. Хэзээ нэгэн цагт алдар хүндийн тавцанд гарна гэж итгэж байсан охин мөрөөдлөө орхилгүй ажлынхаа хажуугаар жүжигчний шалгалт, дүр шалгаруулалтад орсоор л байлаа. 16 настайдаа Ума кино ертөнцөд ороход нь тусална гэж амласан 35 настай эртэй танилцлаа. Ярилцлагад орохоор шинэ танилынхаа гэрт очсон гэнэн цайлган охин хаалга түгжихэд нь юу болохыг ойлгосон гэдэг. Гэвч дийлсэнгүй, хүчин мөхсөджээ. Энэ хүчирхийлэл түүний сэтгэл зүйд хүндээр туссан билээ. Ингэж явсаар эцэст нь нэг юм түүнд аз дайрлаа. Шаргуу охиныг “Барон Мянгуужины адал явдал” киноны жижигхэн дүрд тоглуулсан юм.

Ума Турман 1990 онд “Хенри, Жун хоёр” киноны гол дүрд тоглоод маргааш нь алдартай жүжигчин болон сэрсэн гэдэг. Хэт илэн далангүй, ямар ч хүний сэтгэлийг татах увдистай энэ дүрийг бүтээснийхээ дараа Ума “Сэхээтнүүдийн секс бэлгэ тэмдэг” гэсэн нэртэй болжээ.  Энэ талаараа Ума “Жүжигчин хүн бүх дүрийг бүтээж чаддаг байх ёстой. Ямар ч дүрд тоглосон халуухан, тачаангуй харагдах нь миний ажил” гэж хэлж байлаа.

Ингээд л ар араасаа урилгууд ирж, Ума сайн жүжигчдийн эгнээнд орж ирсэн бол 1994 онд найруулагч Квентин Тарантиногийн алдарт “Pulp Fiction”-д гол дүр бүтээснийхээ дараа дэлхийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болжээ. Умагийн оролцсон бүх кино амжилттай болдог ч “Pulp Fiction” өмнөх бүх рекордыг эвдсэн юм. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Алтан далдуу модны навч” гэсэн кино урлагийн гол гурван шагналыг хамаад зогсохгүй, оролцсон кино наадам болгондоо тэргүүлж байв. Энэ киноны дараа Умад “Квентин Тарантиногийн сахиусан тэнгэр” гэсэн нэр оногдсон юм.

30 насных нь төрсөн өдрөөр Тарантино түүнд “Биллийг ал” киноныхоо гол дүрээр бэлэг барилаа. Жилийн дараа киноны хоёрдугаар хэсэг дэлгэцэд гарч, Ума Турман “Алтан бөмбөрцөг” шагналд хоёронтоо  дэвшсэн ч энэ удаад шагнал авч чадсангүй. Гэхдээ Ума, Тарантино хослол дэлхийг гайхуулсан хэвээр үлдсэн юм.

Хувийн амьдрал

Умагийн хайр дурлал эзнээ хар салхинд туугдсан хөлөг онгоц шиг л эргээс эрэгт шидэж байлаа. 1990 онд 19 настайдаа өөрөөсөө 12 насаар ах жүжигчин Гэри Олдментэй гэрлэсэн ч хоёр жилийн дараа саллаа. Даруу төлөв Ума архичин, хар тамхичин Гэритэй таарсангүй.

1998 онд дахин гэрлэлээ. Мөн л жүжигчин. Гэхдээ энэ удаад нас чацуу Итан Хоукийг сонгосон юм. Хосууд хүү, охинтой болж, хамтдаа долоон жил амьдарсан. Аз жаргалтай амьдрал гэхэд хэцүү. Итан Умаг байнга араар нь тавьж, Анжелина Жолигоос эхлээд гэрийн үйлчлэгчтэйгээ хүртэл учир ургуулж амждаг байв. Турманд энэ салалт маш хүнд туссан юм.

Урлагийн хүмүүс найдвар муутай, хөнгөмсөг гэдгийг ойлгосон Ума гурав дахь удаагаа гэрлэхдээ 2007 онд санхүүчтэй хуримласан. Загвар өмсөгч Эль Макферсоны нөхөр асан Арпад Бюссонтэй амьдрахдаа Ума 42 настайдаа Луна гэдэг охиноо төрүүлсэн билээ. Гэвч бас л саллаа. 2014 онд тэд гэр бүлээ цуцлуулж, Ума Турман одоо залуу үеийнх шигээ салхи мэт эрх чөлөөтэй байна.

“Одоо би дэлхийг тойрон аялмаар байна. Хүүхдүүдээ аваад жил гаруй аялна. Зам зуураа заяаны ханиа олно” гэж Ума Турман салсныхаа дараа ярьж байлаа.

2018 онд Турман Холливудын продюсер Харви Вайнштейны эсрэг хөдөлгөөнд нэгдэж, түүний хүчирхийллийн золиос болох дөхсөнөө илэн далангүй ярьсан. Канны кино наадмыг шүүж, кино урлагийн салбарт гялалзсан хэвээр байна. Найруулагч Тарантино “Биллийг ал” киноныхоо гуравдугаар хэсгийг хийх бодолтой байгаагаа мэдэгдсэн тул удахгүй бид Ума Турманыг тэр киногоор дахин харж мэдэх юм.

“Эмэгтэй хүн нас ахих тусмаа улам сайхан болдог. Өөртөө хайртай байхад л ямар ч гоо сайхны мэс засалгүйгээр үзэсгэлэнтэй харагдаж болно” гэж Ума Турман ярьсан. Энэ нууцыг нь мэдэхийн тулд түүний амьдралын дүрэмтэй танилцах хэрэгтэй.

Ума Турманы амьдралын дүрэм

1. 21 нас хүрэхэд минь эрчүүд надаас холдсон. Учир нь би өөрийгөө хамгаалж чаддаг болсон байлаа. Ихэнх эрчүүд сул дорой эмэгтэйтэй харьцах дуртай байдаг.

2. 27 настайд охиноо төрүүлээд би энэ амьдралын бүх зүйлийг үзэж, туулсан мэт санаж байлаа. Гэвч үгүй юм гэдгийг одоо ойлгож байна.

3. Хүүхдүүд минь янз бүрийн мэргэжил сонгоосой гэж би хүсдэг. Гэхдээ тэд миний замаар явахыг хүсвэл би баярлана.

4. Квентин Тарантинотой учирсан нь миний амьдралын хамгийн гайхамшигтай зүйл. Бид хоёрын уран бүтээлийн харилцаа бол гайхамшиг. Тэр үргэлж надад итгэдэг байсан.

5. Жүжигчний ажил тогоочийн мэргэжилтэй төстэй. Ялгаа нь бид өөрийн туршлага, ажиглалт, төсөөллөөрөө уран бүтээл хийдэг.

6. Би хүнд хэцүү үеэ даван туулсандаа баяртай байдаг. Зовлон шаналлын ачаар би их юм сурсан, их амжилтад ч хүрсэн. Тийм болохоор би тэр үеийг хувь заяаны бэлэг гэж боддог.

7. Ихэнх хүмүүсийн нэгэн адил би ойр дотнын хүмүүстэйгээ ойлголцдоггүй байсан. Би хэт сэтгэлийн хөдлөлтэй байлаа. Нэг хэсэг сэтгэл зүйчид очиж, эцэст нь хүний болон өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгодог болж билээ.

8. Би одоо ч дурлалын тухай шинэ зүйл мэдсээр байна. Хайр дурлал хэзээ ч бүр мөсөн алга болдоггүй. Урьд өмнө дурлаж байсан эрчүүддээ одоо ч хайртай.

9. Унах нь төгсгөл гэсэн үг биш. Надад замнал минь дуусжээ гэж бодох үе арван удаа тохиолдож байсан. Азгүйтэл болгоноо би үхэл мэт хүлээн авдаг байсан. Гэхдээ уналт, сүйрэл болгоны дараа амьдрал дуусаагүй гэдгээ мэдрэх нь сайхан байдаг. Сэтгэлээр унаад гурван сар орондоо хэвтэж болох ч хэзээ нэгэн цагт босохоос өөр аргагүй болно.

10. Хүнтэй гэрлэж хамт амьдрахын тулд өөрийгөө золиослоход бэлэн байх ёстой.

11. Нас ахих тусам хүн ганцаардлыг хялбар даван туулдаг. Ер нь бол нас ахина гэдэг муу зүйл биш. Харин хөгширлөө гэж гуниглах нь гунигтай зүйл шүү.

12. Энэ ертөнц чамайг жалганд түлхээд унагаахад үргэлж бэлэн байдаг.

13. Миний эцэг эх буддын шашинтай ч би шашин шүтдэггүй. Гэхдээ би мэдлэг боловсрол олох маш их хүсэлтэй.

14. Багадаа би өөрийгөө царай муугийн туйл гэж боддог байсан. Хурдан том болмоор байдаг, цаг хугацаа өнгөрч өгдөггүй байж билээ.

15. Шинэ залуу жүжигчин өөртөө итгэлгүй байдаг. Өөртөө итгэлтэй болж чадахгүй бол хүн галзуурч ч болно. Кино урлагт олон хүн галзуурч, нэг хэсэг нь булшиндаа орсон. Харин би тэдний адил болохыг хүсэхгүй байна.

16. Өрх толгойлсон, ажил хийдэг эмэгтэй бол супер хүн. Би үүнийг өөрийн жишээн дээр сайн мэднэ.

17. Эрчүүд эхлээд эмэгтэй хүнийг хайдаг, харин дараа нь тэднээс нуугддаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.63.23.141) 2020 оны 04 сарын 29

Тэр мундаг эрдэм номын далай болсон аавтай хүн буян заяа нь тэгширч явалгүй яахав

0  |  0
Top