ДЭЛХИЙН ТОЙМ: Цэргийн хиймэл дагуул хөөргөсөн гэж ИРАНД хориг тавих уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

- Вашингтон нөхцөл байдлыг ашиглаж байна гэв -

Иран улс энэ сарын 22-нд анхны цэргийн хиймэл дагуулаа хөөргөсөн билээ. АНУ Ираны анхны цэргийн хиймэл дагуул болох “Нур-1”-ийн тагнуулын чадварт эргэлзэж байжээ. АНУ-ын Сансрын хүчний командлагч, генерал Жон Рэймонд уг төхөөрөмжийг “сансарт сэлгүүцэж буй вэб камер” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь шаардлагатай мэдээллийг өгөх боломжгүй юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео эсрэгээр нь, Иран цэргийн хиймэл дагуул хөөргөсөн нь бүгд найрамдах улсын сансрын хөтөлбөрт аюул учруулж байгааг харуулж байна гэжээ.

Мэргэжилтнүүд ийм зөрчилдөөн нь Цагаан ордны гадаад бодлогын онцлог гэж үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Вашингтон Тегераныг буруутгаж, үүнийгээ Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх шалтаг болгон ашиглах аж.

Шинэ амжилт

Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалах хүчний “Нур” буюу “Гэрэл” нэртэй хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орсон нь тус улсын сансрын технологид шинэ амжилт болжээ. Иран улс өмнө нь 2009 онд анхны хиймэл дагуулаа иргэний зорилгоор сансарт хөөргөж байв. АНУ тэргүүтэй олон орон Ираныг тив алгасах баллистик пуужин үйлдвэрлэх зорилготой гэж хардаж, сансрын хөтөлбөрөөс нь эмээдэг гэж хэлж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны тэнгисийн цэргийн завь болон эргүүлүүд Америкийн байлдааны хөлөгт заналхийлбэл шууд буудах зааварчилгаа өгчээ. Үүний өмнө Ираны тэнгисийн цэргийн 11 завь, эргүүл Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлөгт 10 метрээс дотогш ойртож, аюултай нөхцөл байдал үүсгэж, олон улсын хуулийг зөрчсөн гэгдэж байна.

Ираны “Гэрэл” хиймэл дагуул дэлхийн гадаргаас 425 км өндөрт байх тойрог замд амжилттай хүрсэн бөгөөд тус улс сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн хиймэл дагуул хөөргөх гээд амжилтгүй болоод байв. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард харилцаа холбооны хиймэл дагуул нь тойрог замд хүрч чадалгүй сүйрсэн билээ. Мөн пуужин хөөргөх станц нь шатах үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тагнуулынхны авсан ослын газрын нууц зургийг Твиттер хуудсандаа нийтэлж байсан юм. Олон улс уг үйлдлийг АНУ тус станц дахь дэлбэрэлтийг зохион байгуулсан байж магадгүй гэж үзсэн ч Трамп няцаасан байдаг. Тэрбээр энэ удаад Тегеран шинэ хиймэл дагуул хөөргөж, НҮБ-ын хоригийг зөрчсөн гэж үзэн хариу арга хэмжээ авах магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Иран улс дэлхийн их гүрнүүдтэй 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарах шийдвэрийг 2018 оны тавдугаар сард гаргасан. Америкчууд үүнийхээ дараа Ираны эсрэг хэд хэдэн эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ. Энэ оны эхээр Ираны Хувьсгалт гвардын командлагч, генерал Касем Сулейманийг хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулсан нь хоёр улсын харилцааг улам муутгасан.

Уриалга

АНУ-ын Батлан хамгаалах яам хэд хоногийн өмнө хөөргөсөн Ираны цэргийн хиймэл дагуул “Нур-1”-ийн тагнуулын чадварт эргэлзэж байгаа талаар мэдэгдсэн генерал Жон Рэймонд АНУ-ын Сансрын хүчний командлал нь “Нур-1” хиймэл дагуулыг сансарт хөөргөхөд холбосон “хоёр объект”-ыг үргэлжлүүлэн хянаж байгаа талаар ярьжээ. Рэймондын хэлснээр АНУ-ын 18 дугаар нисэх хүчний сансрын хяналтын алба түүнийг “Kубсат 3U” форматтай жижиг хиймэл дагуул гэж тодорхойлсон байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тегеран цэргийн хиймэл дагуул хөөргөсөн нь Ираны сансрын хөтөлбөрөөс гарч болзошгүй аюулыг сануулж байна гэжээ. Тэрбээр “АНУ гадаадын террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн Ираны Исламын хувьсгалт хамгаалагчдын корпус хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд энэ нь бидний хэлж байсан бүх зүйлийг нотолж байна. Ираны сансрын хөтөлбөр нь энх тайвны бус шинж чанартай” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн Ираны эрх баригчдыг сансрын хөтөлбөр нь энх тайван шинж чанартай гэж худал хэлсэн гэж буруутгажээ. Цэргийн хиймэл дагуулаа нууцаар бэлтгэж хөөргөсөн нь Ираны дээрх мэдэгдэл худлаа болохыг баталж байна гэж Майк Помпео үзэж байгаа аж. Тэрбээр бусад улс мөн Иранд хамтарсан эсэргүүцэл үзүүлэхийг уриалав. “Бүх энх тайвныг эрхэмлэдэг улсууд Ираны баллистик пуужингийн технологийг хөгжүүлэхээс татгалзаж, аюултай пуужингийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд нэгдэх ёстой” гэж Помпео хэлсэн байна.

Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд бусад улс аравдугаар сард дуусах Ираны эсрэг зэвсгийн хориг тавих хугацааг сунгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тэрбээр мөн Ираны пуужингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар оролцсон хувь хүмүүс, байгууллагуудад хориг тавихыг Европын холбооны улсуудад уриалав. Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Нур-1”-ийг хөөргөх ажилд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд баталсан 2231 дүгээр тогтоолыг дагаж мөрдөх шаардлагатай гэж үзэж байжээ.

Шүүмжлэлийн хариу

Иран цэргийн хиймэл дагуул хөөргөсний дараа АНУ тус улсын эсрэг шинэ буруутгалууд гаргаж ирсний дараа Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф тус улсад цөмийн цэнэг авч болох пуужин байхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Иран нь цөмийн зэвсэггүй, пуужингууд нь “ийм аймшигт зэвсгийг” хүргэж чадахаар зохион бүтээгдээгүй” гэжээ. Үүний зэрэгцээ Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Ираны цэргийн хиймэл дагуултай холбоотой товч мэдээлэл хийхдээ, цөмийн гэрээний нөхцөлүүд нь Тегераны сансрын судалгаа хийх эрхийг хязгаарлаагүй гэсэн байна. Захаровагийн үзэж байгаагаар, Вашингтоны шинжээчдийн Ираны сансрын пуужингууд цөмийн зэвсэг зөөж чадна гэсэн дүгнэлт нь “үр дүнгүй оролдлого”, “бодит байдал руу орж буй луйвар” аж.

“Иранд цөмийн зэвсэг байхгүй, байгаагүй, хэзээ ч байх боломжгүй гэж найдаж байна. НҮБ-ын тогтоолд заасны дагуу Иран улс цөмийн зэвсэг зөөх чадвартай баллистик пуужин хөгжүүлэхгүй, туршихгүй, ашиглахгүй” гэж Оросын дипломат хэлэв.

“Хүчийг нэмэх”

Улс төр судлаачдын үзэж байгаагаар “Нур-1” хиймэл дагуулын тухай “зөрчилтэй мэдэгдэл” өөр өөр газар гарч ирэх нь АНУ-ын хувьд ер бусын зүйл биш юм. АНУ-ын эрх баригчид болон цэргийн удирдагчдыг хоорондоо зөрчилдсөн мэдэгдэл айлгахгүй аж. Америкийн цэргийн болон улс төрийн манлайллын гол зүйл бол бүх хэвлэл мэдээллийн төвд байх явдал юм. АНУ энэ утгаараа мэдээллийн орон зайг давамгайлахад ашигладаг. Тэд хэзээ ч, юу ч гэж хэлж болно гэж үздэг гэж судлаачид өгүүлсэн байлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, генерал хоёрын хийсэн мэдэгдлүүд хоорондоо нийцэхгүй байгаа ч АНУ-ын гадаад бодлоготой нэлээд нийцэж байна гэж шинжээчид үзжээ. Вашингтон ихэнхдээ технологийн хөгжлөө харуулж буй өрсөлдөгчдөд хариу үйлдэл үзүүлдэг хоёр төрөлтэй аж. Эхнийх нь түгшүүрийн дохио, яаралтай эсрэг арга хэмжээ авах шаардлагатай гэсэн мэдэгдлүүд юм. Хоёр дахь нь АНУ, түүний холбоотнуудаас бусад хэн нэгний амжилтыг “тэгшлэх” явдал гэнэ. Дээрх тохиолдолд Вашингтон хоёуланг нь зэрэг ашиглаж байна. Ялангуяа Ираны тал үр дүнд хүрсэн ач холбогдлыг хүчингүй болгох зорилгоор ашиглана.

Зарим улс төр судлаач АНУ-ын Сансрын хүчний командлагчийн мэдэгдэл Ираны сансрын салбарт гарсан ололт амжилтыг бууруулах зорилготой гэж үзэж байна. Америкийн цэргийн командлагчийн тайлбараар бол цэргийн хиймэл дагуул хөөргөх нь ямар нэгэн утгагүй зүйл. Гэхдээ АНУ үнэхээр тэгж бодож байсан бол үүнд санаа зовохгүй байх бөгөөд үйл ажиллагааг нь байнга хянаж байхаа болино.

Мөн Раймонд хэлэхдээ сансрын хиймэл дагуулыг вэб камертай хөөргөж байгаа нь технологийн нухацтай ажлын үр дүн гэж үзэж байгаа. Харин Майк Помпеогийн мэдэгдэлд Иран цэргийн хиймэл дагуул хөөргөсөнд сөрөг тайлбар өгөх өөр зорилго байгаа аж. Цаашилбал, хэрэв ямар нэгэн аюул заналхийлэл хэлэх шаардлагатай бол АНУ сансрын хөтөлбөр нь бүх дэлхийд аюултай гэж мэдэгдээд Ираныг улам бүр хүчтэйгээр довтлох болно гэж шинжээчид өгүүлжээ. Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэхийн тулд Вашингтон одоо шинэ шалтгаан хайх шаардлагатай болжээ гэж зарим нь үзэж байна.

АНУ нөхцөл байдлыг сайн ашиглаж байгаа аж. Мэдээж энэ нь хориг арга хэмжээний хүчийг нэмэх, Ираны Европын орнуудтай хийсэн худалдааны гэрээг цуцлах зорилгоор хийгдэж байна. Вашингтонд шалтгаан хэрэгтэй. Доналд Трамп Исламын Бүгд Найрамдах Улсыг улс төрийн өрсөлдөгч гэж үздэг. Тэгвэл зарим шинжээч энд бүх зүйл Орос, Хятад хоёрын байр сууриас хамаарна гэв. Москва энэ асуудалд Ираныг дэмжиж ажиллахаа хэдийнээ зарлаад байсан. НҮБ-ын хориг нь урьд өмнө байгаагүй зүйл байж магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь АНУ болон түүний холбоотнууд НҮБ-ын шинэ шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн үг биш бөгөөд үүнээс гадна Исламын Бүгд Найрамдах Улсад улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхээ зогсооно гэж шинжээчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top