Ө.Уянга: Бид хоёр мэргэжил нэг болохоор ямар ч үл ойлголцол гардаггүй

2020 оны 04 сарын 28

Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөл “Богем” дуурийн Мими, “Травиата” дуурийн  Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг өөр, өөрийн гэсэн өвөрмөц араншин, дотоод оршихуйтай дүрүүдийг тайзнаа амилуулж, хоолойныхоо цараа, чансаагаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлдэг дуучин бүсгүй опера Дива Ө.Уянга хэмээх бүсгүйг өнөөдрийнхөө хүндэт зочноор урилаа. Цог золбоотой гал халуун насны ид хав, дайчин цуцашгүй чанар түүнийх. “Уянга”, “Бахархал”, “Монгол", “Grand Opera” “Эрхэмсэг”, “Зул сарын үдэш” зэрэг 10 гаруй тоглолт хийж үзэгч олноо хүргэсэн дуучин бүсгүйтэй уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцахад тайзан дээрх Уянга, энгийн амьдрал дээрх Уянга хоёр тэс өөр санагдсан. Тайзан дээрх Уянгын харцанд ад, од, хор шар буцалсан оч гялалзах нь цаг хугацааг эрхшээгч хатан хаан лугаа хязгааргүй эрх мэдэл, бүхнийг даран чадагч хүч чадал, юунд ч үл нугарах хат зориг ханхийдэг бол амьдрал дээрх Ө.Уянга шулуун шударга яриатай, хээгүй зантай бүсгүй байв


-Таны бүтээсэн дүрүүдийг олон түмэн андахгүй мэднэ. Дүр хоорондын ялгаатай чанар болон мэргэжлийн дуучнаас шаарддаг ур чадварын тухай яриагаа эхэлье?

-Бүх л дүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Дүрийг амьдруулахын тулд тухайн дуучнаас асар их мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Жишээлбэл, саяхан нэг дуурийн хоёр өөр дүрд тоглосон. Моцартын “Увидаст лимбэ” дуурьд эхний өдөр Шөнийн хатан, дараагийн өдөр Шөнийн хатны охиных нь дүрд тоглосон. Охин нь сайхан сэтгэлтэй, гэгээлэг дүр бол, ээж нь өшөө хорсолд автсан хорон муу санаатай дүр л дээ. Шөнийн хатныг олон жил тоглосон туршлагатай болохоор тэр дүр миний биед суучихсан, амар байсан. Харин охины дүрд харц, үйл хөдөлгөөн, жүжиглэлтээс эхлээд дуулалтын хувьд илүү зөөлөн, уянгалаг хоолойгоор дуулах ёстой учраас анхаарал, мэдрэмж, хөдөлмөр шаардсан шүү. “Богем” дуурийн Мимид олон жил дуулсан. Мими бол ядуу зүдүү айлын өвчин зовлон туссан, охины ялдамхан дүр. Тус дуурьд гардаг Музетта бол галзуу, аальгүй хүүхний дүр. Хүмүүс намайг энэ дүрд тохирно гэж хэлдэг /инээв/. Гэхдээ анх сургууль төгсөж ирээд л тоглосон дүр болохоор Мимидээ маш их хайртай. “Богем” дуурь бол маш уянгалаг, романтик хөгжимтэй. Тэр дундаа Мимигийн хөгжим чимж байдаг. “Травиата” дуурийн Виолетта бас л энхрий хонгор дүр. Хайр сэтгэлийнхээ төлөө шаналж, өвчин зовлон амсаж яваа дотоод сэтгэлийн өвдөлтөөрөө Мимитэй адил боловч Виолетта язгууртан эмэгтэй гэдгээрээ ялгаатай. Язгууртан эмэгтэйн харц,  үйл хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг хүртэл дотроо бодож ялгаж харуулах хэрэгтэй. Тийм учраас дүрээс дүрийн хооронд өөрийнхөө бие, сэтгэлийг шилжүүлж, заримдаа шөнө хүртэл зүүдэлнэ шүү дээ, яг л галзуу хүн шиг /инээв/.

-Ж.Верьдийн “Риголетто” дуурь бол мэргэжлийн дуучдын чансааг шавхдаг гэдэг. Юугаараа тийм их хүч хөдөлмөр шаарддаг юм бол?

-Ж.Верьдийн “Риголетто” дуурь бол эрэгтэй баритон хоолойны чадал, чансааг сорьдог бол Жильдагийн парт бол сопрано хоолойн чадлыг шавхдаг.  Энэ дүр бол Дуурийн театрын надад найдвар тавьсан томоохон бүтээлүүдийн нэг. Гавьяат жүжигчин Ж.Цэцэгээ эгч Жильдаг дуулж байсан. Энэ дуурийг шинэчлэн найруулахад Францаас ирсэн найруулагч надад маш их зөвлөгөө өгсөн “Жильда бол 16 настай, цэвэр ариухан охин шүү. Тиймээс ямар ч вибрацгүй, жаахан охины хоолойгоор, тунгалагхан дуулах ёстой шүү” гэж хэлсэн. Гэтэл би 30 хүрэх гэж байгаа хүн шүү дээ. Тэр ойлголтоороо Жильдагийн дүрийг сайн гаргасан гэж боддог.

-Дуурийн урлагт дуучин нь дуугаа сонгодоггүй, дуу нь дуучнаа сонгодог гэдэг. Таны хоолойд тохирсон дүрүүдээс өөр дүрд хувирах сан гэж боддог уу?

-Жишээ нь, Кармен дуурь бол мэццо сопрано хоолойд тохирно. Надаас өтгөн өнгөөр дуулах дуучинд тохирно. Дууг зохиохдоо хоолойны төрөлд нь тохируулж биччихсэн байдаг. Алдарт дуучин П.Доминго тенор хоолойтой боловч нас ахиад ирэхээр хоолойны өнгө нь бүдүүрээд баритон партыг дуулдаг болсон. Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоска дүр бол драматик сопрано парт л даа. Миний хувьд лиричиский сопрано буюу уянгын цээл хоолой  бол драматик сопрано нь өтгөн өнгөтэй, суурьтай хоолой. Нас явж, хоолой өтгөрч байж дуулах дүр л дээ. Сургуулиа төгсөж дуурьд ороод шингэн сопрано партууд дуулж байгаад өөрийгөө сорьж үзье гэж зориглоод Улаан Үүдийн Маринский театрт Тоска дүрийн шалгаруулалт болоход нь очиж шалгуулсан. Тэнцээд  тэндээ гадаа гарахгүй сар бэлтгэл хийсэн дээ. Оросын үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Одоо ч дахиж ирж Тоскагаа дуулаач гэсэн урилга тасрахгүй байгаа.

-Сэтгэл санаа тавгүй, ядарсан үед хоолой гарахгүй үе байдаг байх?

-Байлгүй яах вэ. Дуучдыг хоолой сайн идээд, нойроо сайн ав гэдэг. Дуучин хүн ядарч болохгүй, өвдөж болохгүй. Тэгж байж сайхан дуулна шүү дээ. Өчнөөн сар бэлдэж бэлдчихээд нэг л удаа өвдчихвөл хамаг хөдөлмөр талаар болно. Тиймээс хувийн зохион байгуулалт маш чухал.

-Та Орос, Герман, Америкийн театруудаар дуулж явсан. Тэднээс үлгэр дуурайл авах зүйл олон л байх даа?

-Манайхан байгаа юмаа нураах гээд байдаг нь буруу. Урлагийн бурхдыг төрүүлсэн түүхт ордноо  хуучных нь хэв маягаар додомдоод, засаж сэргээгээд байж л байг. Шинэ театр бол манай улсад зайлшгүй шаардлагатай. Харбины театр, Маринскийн хоёр  театр шиг  мэргэжлийн том дуурийн театр шинээр бариасай гэж боддог шүү.

-Урлагийн хүмүүс сэтгэл зүрхээрээ асаж явдаг болохоос яг үнэндээ цалин хангамж тааруу гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид тайзан дээр л гялалзаад л байдаг. Гялалзах л ёстой юм чинь. Бидний ард амьдрал байдаггүй юм шиг л гялалздаг. Гэтэл тайзнаасаа буугаад энгийн хүн, ээж хүн, эхнэр хүн болдог. Бусадтай адилхан асуудал, бэрхшээл, зовлон хүн л юм чинь байж л байдаг. Урлагийнхан зовлон нэг их тоочоод байдаггүй хүмүүс л дээ. Урлагтаа бүхнээ зориулаад түүндээ хөглөгдөж, тэжээгдэж явдаг хүмүүс болохоор цалин хангамж муу байна гэж гоншигноод байх нь ховор. Үнэндээ ямар гэдгийг бүгд л мэдэж байгаа.

-Та юунд эмзэглэж явдаг вэ?

-Төр засгаас бүхий л салбараа бодлоготойгоор дэмжээд хүний сэтгэл, оюун тархинд нь л юм хиймээр байна. Бодлого боловсруулж нийслэлийн захын хорооллын иргэнд, улсын хил хязгаар дахь нутгийн малчинд ерөнхий боловсролын суурь мэдлэгээс нь эхэлж дуу, хөгжмийн хичээлээс нь эхлээд урлаг соёлыг хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Тэгж байгаад эх хүн үр хүүхдээ хог дээр хаяхгүй, эцэг хүн архи ууж гудамжинд тэнэхгүй. Тэд би хүүхдээ өөр шигээ амьдруулж болохгүй юм байна, ертөнц гэдэг чинь огт өөр юм байна гэж бодно шүү дээ. Социализмын үед цэргийг хуарангаар нь театрт “Хунт нуур” үзүүлж, ажилчин ангийг армиар нь “Учиртай гурван толгой” сонсгож нүд, чихийг нь нээж байсан. Цэрэг гэхээр л барилга байшин бариад, хар ажилд нухлаад байж болохгүй. Тэдний дундаас ямар ч хүн төрж болно шүү дээ. Тэдний сэтгэлийг соён гэгээрүүлж, гэгээ татуулах хэрэгтэй байна. Үүнд урлаг асар их үүрэгтэй.

Хүүхдэд хүүхдийн жүжиг тогтмол үзүүлдэг болмоор байна. “Чоно ба долоон ишиг”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр” жүжгээс эхлээд үлгэрийн сэдэвтэй “Увидаст лимбэ”, Моцарт, Россинигийн дууриудыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хувилбараар найруулж тоглох хэрэгтэй байна.  Хүүхдийг тайзны ар  талаар аялуулж, дуучдын хувцас, хэрэглэлийг нь хэн бэлддэг юм, тайз заслыг нь хэн хийдэг юм, дуу өсгөгч, гэрэл техникийг нь хэн хариуцдаг юм гээд бүгдийг нь танилцуулаад театрын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгох хэрэгтэй. Тэр хүүхдүүд чинь соёлч, боловсон үзэгч болж бэлтгэгдэхийн сацуу тэдэнд мэргэжлээ сонгох санаа, сэдэл төрүүлж, хүсэл мөрөөдлийн оч асаана шүү дээ.

-Та сая эмэгтэйчүүдийн сэдэв хөндлөө л дөө. Эмэгтэй хүн гэдэг ямар байх ёстой юм бэ?

-Эмэгтэй хүн, эмэгтэй л хүн байх ёстой. Манай эмэгтэйчүүд маш их ачаалал дааж чаддаг. Тийм болоод л гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Өөрөөрөө бодоход хэрэв нөхөр маань байхгүй байсан би хоёр хүүхдээ яаж өсгөх байсан юм бол, уран бүтээлээ хэрхэн хийх байсан юм бол гэж байнга боддог юм. Эмэгтэй хүн насан туршдаа ганцаараа явж болохгүй шүү дээ. Бүх зүйлээ ганцаараа амжуулж явсаар байгаад эмэгтэй хүн гэдгээ мартаад догширно гэдэг нь л болно. Гэтэл тэр хүнд хайр, халамж, эр хүний нөмөр нөөлөг хэрэгтэй л байгаа.

-Эрчүүдийн тухайд?

-Сүүлийн үед эрчүүдээ болохгүй, бүтэхгүйгээр нь их дуудаж байна. Арай ч тэгж болохгүй ээ гэж дотогшоо өмөөрөх маягтай. Муу ч, сайн ч тэд чинь эр хүн шүү дээ. Дайн дажин болбол хөөрхий муу эрчүүд минь л явна. Хамгийн гол нь манай эрчүүд архи гэдэг хорыг л хэрэглэхээ больчих хэрэгтэй. Архинаас хол байвал амьдрал тэгшрээд л ирнэ дээ.

-Танай гэр бүлийн хүн урлагийн салбарынх. Энэ их ажлыг нь ойлгож, дэмжинэ гэдэг асар их дэм болов уу?

-Урлагийн хүн л урлагийн хүнээ ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ. Манай хүн чи  дуул, би яах вэ л гэдэг юм. Өөрөө дуучин хүн болохоор хааяа гэгэлзээд л байгаа нь анзаарагддаг юм. Тэр бүрийд нь би дэмжихийг боддог.

-Та хоёр хамтарч дуулъя гэсэн төлөвлөгөө бий юу?

-Манай хүн басс баритон хоолойтой учраас миний хоолойтой гоё зохицдог. Одоохондоо хамтарч дуулаагүй л байна. Ер нь олон хүн хамтарч дуулаач гэж хэлж байсан. Хамтарна даа тэгж байгаад /инээв/

-Хамгийн сүүлд шинэ жилийг угтаад “Зул сарын үдэш” тоглолтоо тансаг хийв дээ?

-Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Зул сарын үдэш” тоглолтоо өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тоглосон. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Гомбо-Очир, Р.Доржхорлоо зэрэг дуучидтай дуэт дуулсан. “Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари болон колоратурный парт болох Ж.Верди, А.Моцартын аринуудаас гадна И.Штраусын вальсуудаас түүвэрлэн сонгосон. Баярын уур амьсгал оруулах шинэ жилийн мэдрэмж төрүүлмээр цас шиг хөвсгөр, хээнцэр аялгуунуудыг сонгож, үзэгчиддээ бэлэг барьсан даа. Тоглолтын маань тансаг даашинзуудыг "Урлах эрдэм" дээд сургуулийн уран гартай үйлчид урласан. Тоглолтыг маань морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж удирдсан.

-Тоглолт дөхөөд ирэхээр сэтгэл зүй хэр бэлтгэгддэг вэ, дуулахдаа сандардаг уу?

-Тоглолт болгоноос хувцсаа хэрхэн сонгох вэ, хөтөлбөрөө яаж хийх вэ, хоолойгоо хэрхэн гамнах вэ гээд л нэг сургамж, туршлага хуримтлуулдаг . Тоглолт дөхөөд ирэхээр кофеноос өөр юм орохоо байгаад өөрийгөө сойгоод ирдэг. Бага зэрэг жин хаядаг шүү. /инээв/

-Жин хаях нь дуулалтад нөлөөлөх үү?

-Ер нь мяраатай байх тусмаа хоолой тослог хүчтэй гардаг бол турах тусам хүч нь сулардаг. Миний ихэнх тоглолт дуун өсгөгчгүй явдаг шүү.

-Та өмнө нь UBS” телевизээр “АBBA” хамтлагийн “Мамма Мияа” бүтээлийг амилуулж байсан. Ер нь тайзны бүтээл, дэлгэцийн бүтээл хоёрын зөрүү их байдаг уу?

-АBBA” хамтлагийн поп дуунуудыг англи хэл дээр дуулсан. Одоо ажиглаж байхад үйл хөдлөл нь хэтэрхий өөрийнхөөрөө харагдсан. Дуурийн тайзан дээр бол гудамжны алхаа гишгээгээ ардаа хаяад л нуруу цэх гардаг бол дэлгэцээр эфирийн зөв төрхтэй хүн гарч байж л гоё болох юм байна лээ. Миний дуу хоолойг мэргэжлийн хүн оруулсан л даа. Том тайзан дээр дүрийнхээ дотоод сэтгэлийг үзэгчдийн хамгийн арын хүнд хүртэл шидэхийн тулд том үйлдэл хийж байж хүнд хүрнэ. Дэлгэцийн дурангаар бол үйл хөдөлгөөн, харц, нүүрний хувирлыг маш оновчтой, чимхлүүр хийх хэрэгтэй юм байна лээ. Өөрийгөө асар их эвдэх хэрэгтэй юм байна лээ.

-“Классик Жем” хамтлагаар өөрийгөө багагүй эвдсэн гэж бодож байна?

-Эвдсэн, эвдсэн. Маш их шүүмжлэлд өртсөн.  Дуурийн дуучин хүнд зохимжгүй байна. Чамайг маш сайн дуурийн дуучин болно гэж итгэж байсан. Чадахгүй бол энэ театраас гар гэж хүртэл зэмлүүлсэн. Залуу хүний хувьд өөрийнхөө үзье гэсэн зүйлээ хийгээд үзсэн шүү. Тухайн үед “Классик Жем” хамтлаггүй үдэшлэг, баяр, цэнгүүн байхгүй байлаа шүү дээ. Маш их эрэлттэй, цаг үеэ олсон, мэдэрсэн хамтлаг гарч ирж байлаа. Хоёр ч цомог гаргаад амжсан шүү.

-Дуурийн бүтээлээс гадна “Ээж ээ” жүжгийн дуу, “Эр хүн танаа”, “Гүрэн Монгол чинь хүлээж байна” гээд олон сайхан дуунууд дуулж ард түмэнд хайрлагдаж хүндлэгдсэн. Энэ чиглэлээрээ дуулж байна уу?

-Би төрсөн ганцхан цомогтой. Би Хөвсгөл аймгийн Хотгойд хүн шүү дээ. Чингүнжавын ойгоор нутгийнхаа тухай дуунуудыг дуулж цомог гаргасан.  “Даян дээрхээр нутагтай”, “Хөвсгөл далай”, “Хөх сувдын орон” зэрэг нутаг усны тухай дуугаар бүтсэн цомог л доо. Шинээр дуулсан олон дуу байна. “Ээж ээ” жүжгийн дуу, “Эр хүн танаа зэрэг дуунууд бүгд цомогт ороогүй байгаа. Бүгдийг нь төрөлжүүлээд хоёр, гурван цомог болохуйц хэмжээний дуу байгаа.

-Та дуурийн дуунаас гадна ямар дуу дуулахыг мөрөөддөг вэ?

-“Алтанхан дэлхийг хэн гийгүүлсэн юм бэ”, “Гүрэн Монгол чинь хүлээж байна”  гэдэг дуу шиг мэргэжлийн түвшний дуунуудыг дуулаач гэсэн санал их ирдэг. Хамгийн сүүлд “Алтан намар” наадмаар Г.Пүрэвдоржийн аялгуу “Соёмбо” гэдэг дууг баритон Э.Отгонбаттай хамтарч дуулсан. Монгол хүний бахархлын дууг “Алтан намар”-аар эгшиглүүлсэн. Миний дуулахыг мөрөөддөг сэдэв бол хайрын тухай дуу. Дандаа л ээж аав, эх орон, нутаг ус дуулжээ /инээв/. Эмэгтэй хүнд нэг тийм гиюүрсэн, донжигоносон аальгүй дуу гоё шүү дээ. Эмэгтэй хүн л юм чинь тийм дуу дуулж үзмээр л байна шүү дээ. Д.Цэвээнравдан багш намайг тоогоод Өвөрмонгол хүний зохиосон “Бост нуур” гэдэг үгэнд аялгуу зохируулж хийсэн дуугаа надаар дуулуулсан. Зохиолын дуу дуулах чинь хүнээс их чадвар, тархи, зүрхний мэдрэмж шаарддаг юм байна лээ.

-Хэд хэдэн цомог гаргахуйц хэмжээний дуу байгаа гэлээ. Ямар ямар төрөлд цомгийн ажилдаа ханцуй шамлан орохоор төлөвлөж байна вэ?

-Б.Шарав ах маань бурхан болохоосоо өмнө “Уянга аа чи, лирическое сопрано хоолойд зориулсан дэлхийн сонгодог бүтээлүүдээр цомог болгож, европын зах зээлд нийлүүлнэ гэж бодоорой гэж захиж байсан. Хоолой маань хөгшрөөгүй байгаа дээр би тэр захиасыг заавал биелүүлнэ. Мөн ардын дууны найруулга гэж том төрөл байдаг. Биднийг багад Ардын жүжигчин Х.Уртнасан, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай нар Радиогийн алтан фондод дан төгөлдөр хууртай ардын дууны найруулгыг дуулж байсан. Мартагдаад байгаа энэ төрлийг эргэн сэргээж пянз ч юм уу, цомог болгож үлдээхгүй бол хойч үе маань мэдэхээ больж байна. Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Бирваа гуайн бүтээсэн найруулгыг дуулж мөнхлөх юм сан гэж боддог. “Цэнхэрлэн харагдана”, “Гоолингоо”, “Хандармаа”, “Аргагүй амраг”, “Бүүжидмаа” гээд ардын дууны урын сан баялаг шүү дээ. Ардын дуу гэдэг тэр чигтээ философи. Үгнээс нь, аялгуунаас нь ухаарал авч байдаг. Б.Шарав агсны “Сэрсэн тал”-ын бүтээлийн 35 жилийн ойд зориулсан тоглолтоор ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй “Бүүжидмаа” дууг шинэчилсэн хувилбараар дуулсан. Симфони оркестор, морин хуур, төгөлдөр хуур, ятга, үндэсний найрал хөгжмийн алинтай нь хослуулж дуулж болно.

-Нутаг ус, бага насаа дурсан яривал?

-Би хүүхэд байхдаа сэргэлэн, сахилгагүй, эршүүд хүүхэд байсан. Эрт хэлд орчихсон, адтай охин байсан гэсэн. Том хүний дууг  хурдан сурчихдаг болохоор томчууд өхөөрдөөд намайг дуулуулж чихэр өгнө өө. Бидний багад оросын ганцхан суваг гардаг байсан. Гялтаганасан даашинзтай уран гулгалтын эгч нарыг хараад л би уран гулгагч болно гэж мөрөөддөг, ОРТ суваг үзсээр байгаад орос хэлд дуртай болчихсон,  орос хэлнийхээ багшид хайртай тийм хүүхэд байлаа. Сүүлдээ орос хэлний багш болно гэж боддог байлаа /инээв/. Чаддаг юмаа  хүн чинь тоохгүй хаячихдаг юм байна л даа. Багш нар дуугаар явуулах гээд байдаг, би хөгжим, бүжиг сонирхоод гүйгээд байдаг.  Тавдугаар ангид “Эзэн Чингисийн үр сад” гээд дууны уралдаанд багш маань оруулаад “Сэцэн Мандухай” дуугаар алтан медаль авав аа. Тэр үеийн алтан медаль нүдний гэм, тэнгэрийн умдаг байлаа. Наймдугаар ангиасаа Хөвсгөлийн Мөрөнгийн төвд урлагийн төрөлжүүлсэн анги нээхээр нь шалгуулаад, ятгын ангид оров оо. Миний гар ч мойног юм байна, ятгын ангидаа явдаггүй дээ. 10 дугаар ангиа төгсөөд дуугаараа явах ёстой юм байна гэж шийдээд Ардын жүжигчин Г.Хайдав гуайд очиж шалгалт өгөөд тэнцсэнгүй ээ. Би чинь ангийнхнаасаа хоёр ч насаар дүү болохоор тухайн үед насанд хүрээгүй гээд хасагдсан. Ангийнхан бүгд сургууль аваад явчихсан. Би ч уйлаад баахан хямарлаа. Дараа жил нь Соёлын коллежид шалгалт өгөөд шанзны ангид орлоо. Шанз хөгжим урт болохоор гар их өвдөнө өө. Шанзнаасаа зугтаад төгөлдөр хуур дээр очиж тоглоод ингэж тэгж гүйсээр байгаад нэг жил болов оо. Соёл урлагийн их сургуульд хавар нь элсэлт авч байна гэхээр нь очиж шалгалт өгөөд тэнцэж байсан түүхтэй. Ингэж дуу л миний амьдрал юм байна гэдгээ ойлгосон.

-Уран гулгалтаа ч хаясан уу?

-Нөгөө уран гулгалт, мулгалт бүр ард хоцорсон /инээв/.

Соёл урлагийн их сургуульд ороод бага байхдаа орос хэлийг сонирхож, сонсож өссөн минь хэрэг болсон. Дуунууд нь дандаа орос хэл дээр дуулагддаг. Бэлтгэлд орохдоо л хөгжмийн онолоо наймдугаар ангиасаа эхлээд үзчихсэн байсан нь хүртэл хэрэг болсон шүү. Д.Банди багшаар а, б-гээ заалгаад тав, зургаан жил сураад 2003 онд төгссөн дөө.

-Төгсөөд л шууд Дуурийн театрт орсон уу?

-Тухайн үеийн Дуурийн театрын дарга байсан гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат төгсөлтийн шалгалт дээр ирж суугаад л дуурийн театрт бушуухан намайг авсан даа. Театрын хүн болгохын тулд тайзны тоос, шороотой зургаан сар ноцолдоно оо гээд найрал дууны ангид эхлээд оруулсан.

-Хүүхэд насанд нь таныг дуучин болно гэж хамгийн эрт хэн олж харсан бэ?

-Би эмээгийнхээ гал дээр өссөн, хамгийн том ач нь болохоор эмээ минь надад амь байсан. Манай Хөвсгөл аймаг “Уран дөш” гэдэг хүүхдийн зуслантай. Хамаг л хүүхдүүд зусланд явж байхад би эмээ рүүгээ л яарна. Зусланд явж үзээгүй аравдугаар ангиа төгсөж байлаа. Эмээгийнх Сангийн далай, Хөх цав, Бүрэнтогтохоор нутаглаж, голоо дагаж зусдаг байлаа. Хичээлийнхээ амралтаар эмээ дээрээ очиж хонь мал хариулж өслөө. Хонины бэлчээрт дуулна гэж задгай авна шүү дээ. Тэр хязгааргүй орон зайд  уудам тэнгэр дор дуулж, уужим агаар амьсгалж  хоолой минь задарч, мөгөөрс суусан байх гэж боддог юм. Эмээ минь л миний охин урлагийн хүн болно оо л гэж хэлдэг байсан. Миний хуруу, гарыг их хайрлаж,  хар бор ажил хийлгэх дургүй байсан. Би чинь жигтэйхэн эршүүд юм болохоор морь мал унаад давхиж өгнө. Эмээ маань 83 нас сүүдэр зооглосон. Эмээгээ Дуурийн театраар оруулаад, ганц хоёр бие даасан концертоо үзүүлээд амжсан. Харин охиноо гавьяат болохыг л харж амжаагүй дээ /хоолой нь зангирав/.

-Таныг шаггүй сайн дэмбээддэг гэх юм байна лээ?

-Хөдөө мал ахуйтай ойр өссөн болохоор дэмбээдэж сурсан. Оюутан байхад дуучин Дэлгэрмөрөн бид хоёр их дэмбээднэ ээ. Надад хожигдохоороо шар нь хөдлөөд заавал хожно гээд шалаад суучихдаг байж билээ. Бие биеэ дэмбээгээр хожиж хоолонд их даалгасан даа /инээв/.

-Нутаг орон руугаа хэр явж байна вэ?

-2013 онд гавьяат болчихоод аав, ээжийгээ дагуулаад Хөвсгөл нутгаараа бүтэн тойрч байсан. Ээж минь Эрдэнэбулган сумын хүн. Аймгийн төв, Эрдэнэбулганаар бол жил бүр очдог. Манай нутаг их үзэсгэлэнтэй сайхан байгальтай. Манай хүн Хэнтийн хүн хэр нь Хөвсгөл рүү л өвөл чиг л явна, зун чиг л явна шүү дээ. Хөвсгөл нуурын эрэг дээр бага насныхаа нэгээхэн хэсгийг өнгөрөөсөн болохоор дуучин болж төрснийх далай ээжээ дуулахгүй байхын аргагүй. “Далай ээжийн магтаал”,  “Хөвсгөл далай” , “Хөх сувдын орон”, “Газрын цэнхэр нүдэн” дуунуудаа дуулж, сүсэглэж явна даа.

-Сүсэглэх гэснээс та хэр сүсэг бишрэлтэй хүн бэ?

-Учиргүй сүсэгтэй хүн бол биш юм шиг байгаа юм.  Ямартай ч цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөөд, зул хүжээ асаагаад л явдаг. Ер нь бол хангай дэлхий, аав, ээжийгээ л шүтдэг дээ.

-Яг тоглолт эхлэх гээд хөшигний ард зогсож байхдаа юу боддог вэ?

-Зарим хүн байнга зүүж явдаг сахиусаа үнсээд гардаг гэсэн. Миний өөрийн харсан тэнгэр байдгийг мэдэрдэг. Тайзны буг нь ч байдаг юм уу, бурхан нь ч байдаг юм уу мэдэхгүй, өөрийн эрхгүй намайг тайвшруулдаг болохоор тайзны эзэн тэнгэрт мөргөөд л гардаг даа. Ихэвчлэн тайзан дээр гарахынхаа өмнө багшаа боддог. Багш маань намайг харж байгаа шүү гэж бодохоор хамаг сандрал сарниж, бүх хариуцлагыг гартаа авдаг. 

-Тайзан дээр дуулж байгаа Уянгыг харахад энгийн амьдрал дээрх Уянга хоёр их өөр харагдаж байна л даа. Тайзан дээрх Уянгын харцанд ад, од, хор шар буцалсан оч гялалзаад ирдэг л дээ?

-Би чинь амьдрал дээрээ их тайван хүн. Тоглолт дөхөөд ирэхээр хүмүүс тэвдээд л сандраад байдаг бол би улам л тайван болоод, болж бүтэхгүй юм гарвал орхичихдог юм. Миний хувьд бүх зүйл маань байх ёстой байран дээрээ байгааг мэдэрдэг учраас  тайван байдаг. Тайзан дээр бол миний биеэр юу ч нэвтрээд ороод гарахад сүнслэг ахуйн үүд хаалга нээлттэй байх шиг санагддаг. Жишээ нь би дуулж байгаа дүрдээ орохын тулд өөрийнхөө биеийг юунд ч хувиргаж чадах хамелеон болчихдог.

-Тайзан дээр үгээ мартах ч юм уу алдаа гаргасан тохиолдол байдаг уу?

-Тоглолтын бэлтгэл сайн бол алдаа гарахгүй дээ. Хүнд анзаарагдахуйц том алдаа гаргаж байсан зүйл санаанд орохгүй байна. Тайзан дээр алдаа гаргачихаад хүмүүс сандраад эхэлдэг бол би харин ч улам шар хөдлөөд илүү сайн хийдэг. Тийм болохоор өөрийгөө алдаа гаргах эрхгүй гэж боддог. 

-Хоёулаа тайзан дээрээс түр бууж нийгмийн амьдралд хөл тавья. Өнөөгийн нийгмийн амьдрал ямар байна гэж та боддог вэ?

-Хүүхэдтэй болсноос хойш нийгэмд гарч буй янз бүрийн мэдээг сонсохоор хямраад, эмзэглээд, өр өвдөөд байдаг болчихжээ. Би чинь хоёр ойрхон төрсөн болохоор “эмзэг дэлбээ” л болсон. Нийгмийн амьдрал гэснээс би гэхэд сургууль төгссөнөөсөө хойш  урлаг соёл гэж явсаар нийгмийн амьдралаас тасарчихсан л яваа юм байна лээ. Яг үнэндээ сүүлийн 20-иод жил автобусанд сууж үзсэнгүй, машин унаад л давхиад байдаг. Би оюутны байранд амьдарч байхдаа л есийн тос граммлаж авч үзэж байснаас граммын тос авч үзээгүй л өдий хүрчихэж.  Гэтэл хүмүүс цахим орчинд нийгэмд амьдрал хэцүү байна гээд шуугиад байхаар нь гайхаад үнэхээр нийгэм рүү өнгийгөөд хартал амьдрал нэн ядуу, хэт баяны ялгаа их болчихож. Мань мэт нь бол дундаждаа л орно шүү дээ. Орох оронгүй гудамжинд амьдарч байгаа хүн олон болж, хог түүдэг хүн олон болж, хоосон хонодог айл олон болж, тэр ч бүү хэл талхыг хувааж авдаг айл өрх маш олон болж. Дундаж амьдралтай мань мэт нь энэ бүхнийг харахгүй, мэдэхгүй явж байхад тэр дээр сууж байгаа их хурлын гишүүд, баяд ноёд яаж мэдэх юм бэ. Тийм амьдрал байдаг гэдгийг төсөөлөө нь үгүй, бодоо нь үгүй явж байгаа даа. Бидний цөөхөн Монголчууд ингэж амьдарч болохгүй. Мартагдсан нийгэм, хаягдсан хүмүүсээ бид л өргөж, тэтгэж, өөд нь татах хэрэгтэй байна. “Лантуун дохио” ТББ шиг 10, 20 газар байвал нийгмийг цэвэрлээд өгнө дөө. Даанч хүмүүс хийсэн нэгнээ мохоогоод янз бүрээр шүүмжлэх нь их юм даа.

-Шүүмжлэл гэснээс, урлагийн хүмүүсийн нэг зовлон нь алхам бүрийг чинь харж, хянаж, шүүмжилж байдаг нэг хэсэг байдаг. Таны тухай элдэв яриа, гүтгэлэгт та хэрхэн ханддаг вэ?

-Юу ч хийхгүй хэр нь шүүмчлэгчид их болчихож. Цахим орчинд газар дор ортлоо муулуулж үзлээ. Эхэндээ их эмзэглэдэг байсан. Сүүлдээ дөжирчихдөг юм байна лээ. Тэрнээс болиод энэнтэй ингэсэн гээд л үзсэн харсан юм шиг бичнэ шүү дээ. Заримдаа ч адилхан нэртэй хүмүүстэй андуурагдаж их бичигдэнэ ээ. Би ямар таарсан хүн болгондоо тэр чинь би биш байхгүй юу гээд тайлбар тавиад байлтай нь биш. Миний нэр төр их хохирсон шүү дээ. Хохирлоо гээд тэр бүртэй хөөцөлдөөд явах зав зай байхгүй. Хамгийн харамсалтай нь мэдээллийн хэрэгслээр яаж цацна, ард түмэн тэгж ойлгодог болчихдог юм байна лээ. Зарим хүмүүсээс ч тийм хандлага илэрч байсан. Тэр бүрийд нь угийн эршүүд зангаараа таарсан хариуг нь өгчихдөг юм.

-Бүсгүйчүүд байгаа газар нандин яриа өрнөдөг дөө. Хайр дурлалын тухай нууцхан шивнэвэл ямар вэ?

-Залуу насны хайр дурлал гэдэг чинь тэнгэр дээгүүр л нисэж байна биз дээ. Урлагийн хүн гэдэг дэврүүн, хөөрүү сэтгэлтэй байдаг. Зөндөө л олон эрийг дурлуулж байлаа. Өөрөө үхэн хатан дурласан нь ховорхон. Тэгэхээр хэт хөнгөн сэтгэлтэй хүн бол биш. Бүжигчин хүнд чөтгөр хүртэл дурлаж, дуучин хүнд бурхан хүртэл атаархдаг гэж үг байдаг шиг эрчүүд чинь урлагийн, тэр тусмаа сонгодог урлагийн дуучин бүсгүйд дурлана аа дурлана /инээв/. Одоо ч хайр сэтгэлийг харах өнцөг өөр болсон. Гэгэлзээд дурлачихсан яваа охидыг харахаар эгч нь ч гэсэн ийм явсан даа гэж өөрийн эрхгүй бодогдож хайр хүрдэг. Нас, насандаа мэдрэх зүйлээ туулаад л явах чинь амьдрал шүү дээ. Дараа нь харамсах зүйл байхгүй.

-Хайр гэдэг үгийн хамгийн гол агуулга, утга учир болсон гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн анх учирч байсан бэ?

-Би маш азтай хүн. Намайг сошиалд элдвээр бичүүлээд явж байхад намайг хайрлах гэж ирсэн тэр хүн намайг буруугаар ойлгоогүй, тэр муу муухай үгэнд итгээгүй нь хамгийн сайхан. Миний мөн чанарыг таньсан, надад итгэсэн учир намайг хайрласан гэдгээ илэрхийлсэн. Жинхэнэ сошиалаар намайг бөмбөгдөж байхад гарч ирсэн хүн дээ.

-Цаг үеэ олсон юм биш үү /инээлдэв/

-Долоо буудуулсан чоно гэдэг шиг анхандаа муу санаалаад ямар ч санаа агуулсан юм билээ гээд дотроо бодчихсон байсан л даа. Тэгээд олон жил үерхэж явсан л даа. Хүний сайныг ханилан байж мэд гэдэг шиг тэр хүний намайг гэх сэтгэл болоод мөн чанарыг нь таниад энэ хүн миний амьдралын хань юм байна гэж ойлгосон.

-Тэгэхээр ханийнхаа дотоод мөн чанарт татагдсан байх нь ээ?

-Өөрийгөө авч яваа хүчирхэг эмэгтэйчүүдэд эрчүүд халдаж чаддаггүй шүү дээ. Би бол дуучин хүн, би чадна гэсэн бардамнал дүүрэн, тэрийгээ ч зоригтой илэрхийлдэг байсан л даа. Тэгэхээр нэлээн бяр гаргаж байж хайрлах хүүхэн байна даа гээд ойртож чаддаггүй юм байна лээ. Олон жил “тоохгүй” явсны эцэст эцэг, эх хүртэл тэр хүнд сайн хандаад байхаар миний сонголт энэ хүн юм байна гэж боддог юм байна лээ.

-Эмэгтэй хүний үнэ цэнийн тухайд таны бодол?

-Гэр бүлдээ, хайртай хүндээ үнэ цэнэтэй байна гэдэг хамгийн том зүйл. Эмэгтэй хүний үнэ цэнэ гэдэг хүнлэг сэтгэл, зүрхэндээ хайр гэрэлтүүлсэн чанар юм. Сүүлийн үед хэн нэгнийг ашиглачихъя гэсэн хуурмаг сэтгэлтэн их олон болсон шиг санагддаг.

-Та хоёрын дунд үл ойлгол­цол, хэрүүл маргаан гардаг уу?

-Тэр хүнийг таван үг дуугарахад би нэг үг дуугарахад болно доо гэдгээ мэддэг болчихсон болохоор маргалдах зүйл ховор доо. Хүүхдүүдээсээ болж жаахан маргана аа /инээв/. Чи хүүхдээ эрхлүүллээ ч гэдэг юм уу, эрт ирж хүүхдээ хөхүүлсэнгүй гэдэг ч юм уу ойр зуурын л маргаан. Бид хоёр мэргэжил нэг болохоор ямар ч хардалт, сэрдэлт, үл ойлголцол гардаггүй.

-Та уран бүтээлч хүний хувьд өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хэт өөртөө ханасан, өөрийгөө мэдэрчихсэн хүнээс юм гардаггүй. Өөртөө эрдсэн хүн өөрийгөө зогсонги байдалд оруулчихдаг. Болно доо гээд яваад байдаг нэг хэсэг байна. Өөрт нь өгөгдөл байгаад байдаг, тэрийгээ ашигладаггүй нөхөд байна. Урлагийн хүн дайчин, зоригтой байх хэрэгтэй. Нэртэй, зүстэй, иртэй байгаа дээрээ хийх зүйлээ хийж авах хэрэгтэй. Урлагийн салбар бол маш харгис. Та нэг л удаа муухай харагдаж, нэг л удаа муу байх юм бол тайзан дээрээс өшиглөөд л унагаана. Тэнгэрт мандааж байснаа газарт шороотой нь хутгаад унагаж мэдэх салбар байхгүй юу. Хэн ч таныг уналаа гээд эвийлж, хөөрхийлөхгүй. Тэтгэвэрт гарсан хөгшид маань тайзан дээр дуулж явснаа зүүдлээд гээд л ярьдаг. Ялангуяа сонгодог урлаг бол хар тамхи шүү дээ. Би бол залуу насандаа маш сайн хийсэн гэж боддог. Цаашид ч хийнэ. Одоо дуулах ир маань мохох болоогүй байна.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
norjma(103.212.119.233) 2020 оны 05 сарын 03

sainu uyanga mine huurhun gyalalzsan duteige taaraldahgui udaj de mundag shu az jargal amjilt eruul enhiig husie

0  |  0
Namsrai(202.126.88.191) 2020 оны 04 сарын 30

Meregjiliin ondor tuwshind songodog urlagiin gaihamshigt duuchin busguigee chamaar baharhaj bn ulam todoor gylalzaj amidraarai

0  |  0
сараа(183.177.100.10) 2020 оны 04 сарын 30

сахилгагагүй охин байсан шүү чи мундаг бүсгүй дүүдээ амжилт хүсье Монголын алтан үеийнхний дуунаас дуулаарай тэрийгээ баттай хадгалж өөрийн уран бүтээлээ аривжуулаарай \n

0  |  0
Ах(202.21.112.178) 2020 оны 04 сарын 30

Сайхан дуучин бүсгүй шүү? Би бол аав ээж эмээ нарыг нь бол андахгүй ш дээ. Шинэидэрт ангиараа шахуу хүүхэд бхад нь хардаг байлаа . Дурсамж бол их .

1  |  1
Зочин-2(64.119.26.106) 2020 оны 04 сарын 30

Сайхан дуулдаг сайхан ч эмэгтэй. Монголын театрын тайзнаа гялалзсан бүсгүй гарч дуулахад сэтгэл сэргэдэг шүү. Амжилт хүсье.

0  |  1
Чимгээ(202.179.14.130) 2020 оны 04 сарын 29

Сайхан дуучин.Улам ч гялалзана дөө.

0  |  0
Хулхичид(150.129.141.73) 2020 оны 04 сарын 29

Мундаг дуучид бол уртнасан долгор жавзандулам шуу дээ. Суулийн уеийн уянга энэ тэр бол хулхи уран сайханчид шоучид. Чадал муутай

0  |  0
Зочин(176.63.23.141) 2020 оны 04 сарын 29

Иймэрхүү олон нөхөр солисон хүүхнүүд гэр бүлийн үнэ цэнэ энтэр сургаал хайрлах санаатай байхаар нь гэдэн хөдөлчихдөг юм

0  |  0
Зохиолч Лувсангийн П(103.212.118.203) 2020 оны 04 сарын 29

Цэвэрхээн тунгалаг хоолойтой, дуулах ур чадвартай сайн дуучин шиг байдаг. Сонгодог хоёр ч дуурьт дуулахыг нь үзсэн. Эрвээхэй хатагтайд дуулвал нэг үзэх юмсан гэж боддог.

1  |  0
Монгол (103.212.118.203) 2020 оны 04 сарын 29

Монгол хэлээ голж, орсоор бичиж гайхуулах гэж буй ахул ”Лирический сапрано ”гэдэггүй, ”лирическое сопрано ” гэдэг юм. Эхлээд орос хэл сур, дараа нь орсоор бичих гэж оролд! !!

0  |  1
Бүжээ(64.119.17.58) 2020 оны 04 сарын 29

Mаш мундаг дуучин бас ухаантай юмаа монголын бахархал улам. их амжилт хүсье

1  |  0
ulaan fan(210.12.123.196) 2020 оны 04 сарын 29

SAIHAN BUSGUID AMJILT!

0  |  0
(59.153.112.10) 2020 оны 04 сарын 29

УЯНГА БОЛ МАНАЙ ДУУРИЙН СОР ДУУЧИН БҮСГҮЙ. ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАХЫН ТӨЛӨӨ АЖЛААСАА ГЭЖ ХҮСЭХ БАЙНА.

1  |  1
Ard(122.201.21.181) 2020 оны 04 сарын 29

Mundag vlger jushee yrlagiin ger bvl ymaa .Urlagiinhan iim l baih hetegtei

2  |  0
Mikki Tuduu(192.82.70.216) 2020 оны 04 сарын 29

Манай Уянга дүү үнэхээр мундаг , ухаантай , сайхан ярилцлага бна. Дүүдээ улам их амжилт хүсье! Танай гэр бүлд Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2  |  0
Багш(66.181.161.92) 2020 оны 04 сарын 29

10 жилийн сурагч байхдаа л дуулдаг сэргэлэн охин байлаа.Мундаг дуучин болсонд нь баярлаж явдаг шүү.Уран бүтээлд нь өндрөөо өндөр амжилт хүсье.

1  |  0
uyanga(202.126.88.197) 2020 оны 04 сарын 29

ulam oln saihan duu duulj sonsogch uzegchdee bayrluulaarai amjilt

1  |  0
(66.244.109.90) 2020 оны 04 сарын 29

Мундаг. Амжилт, аз жаргалыг ерөөе.

1  |  0
Шүрээ(150.129.141.15) 2020 оны 04 сарын 29

Сайхан ярилцлага байна. Үнэхээр ард түмнийг жаргааж байдаг дуучиндаа улам их амжилт хүсье.

1  |  0
(182.160.37.144) 2020 оны 04 сарын 30

Сайхан бүсгүй, хүчирхэг хоолойтой, гол нь ухаанаа зарж дуулдаг болохоор үзэгчдийг ямар ч дуугаараа соронз шиг татдаг.

8  |  0
Irgen(59.153.115.202) 2020 оны 04 сарын 28

Аижилт гоё дуулдаг шүү сайхан эмэгтэй

0  |  0
. (176.41.152.116) 2020 оны 04 сарын 28

Yanziin hooloitoi hvvhen dee

0  |  0
ӨА(182.160.36.42) 2020 оны 04 сарын 30

САЙХАН ХҮН САЙХАН Ч ХҮҮХЭН. МУНДАГ АВЪЯАСТАЙ\nМОГОЛЫН БАС НҮҮР ЦАРАЙ ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕЕЕЕЕЕ

2  |  0
Zo(64.119.16.231) 2020 оны 04 сарын 28

Hodoo

0  |  0
Zochin(202.126.89.203) 2020 оны 04 сарын 30

Nutgin duuchinda amjilt

0  |  1
Zochin(202.9.46.115) 2020 оны 04 сарын 29

Mundag bvsgvide amjilt az jargal hvsie

1  |  1
Top