КОВИД-19-ыг ялсан Борис Жонсон ажилдаа эргэн оржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эдгэрсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ажилдаа эргэн оржээ.

Сүүлийн хоёр долоо хоног тэрбээр Чекерс дэх эдлэнд тэнхэрч, эмч нарын зөвлөмжийн дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй ч түүнийг түр орлож байсан гадаад хэргийн сайд Доминик Раабтай өдөр тутам онлайнаар харилцаж байжээ. Ойрын өдрүүдэд Борис Жонсон танхимын гишүүдтэй уулзалт хийж, Их Британид цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах гэнэ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн сарын 23-наас хойш тус улсад тогтоогоод буй хорио цээрийн дэглэмийг сулруулах тухай шийдвэр гаргах аж.

Танхимын зөвлөхүүд хязгаарлалтын арга хэмжээг хэт эрт эсвэл хэт сулруулах нь цар тахлын хоёр дахь давлагаанд хүргэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Энэ нь хаант улсын эрүүл мэнд, эдийн засгийн салбарт илүү хүчтэй цохилт өгнө гэж тэд болгоомжилж байна.

The Sunday Times хэвлэлд мэдээлснээр, Засгийн газраас цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ олон нийтийн дэмжлэг авах нь буурч байгаа бөгөөд эрх баригч Консерватив намд улс орны эдийн засгийг аврахын тулд хорио цээрийн дэглэмийг аль болох ойрын хугацаанд цуцлахыг шаардах болсон байна. Хорио цээрийг хүн амын дунд оношилгоо явуулж, эсрэг биет үүссэн эсэхийг тогтоож, халдвар авсан өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг илрүүлэх, тусгаарлах зэрэг арга хэмжээ авсны дараа сулруулахаар төлөвлөж байгаа аж. Халдвар авсан хүмүүсийг үүрэн утасны тусгай аппликэйшн ашиглан илрүүлэх гэнэ.

Их Британийн эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад 154037 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 20794 өвчтөн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top