ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Нийслэлд шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон–Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

2020 оны 04 сарын 27-ноос 05 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top