Аргалантын хэцийн “ТАРХИ”-ийг цоолсон МАНГАНЫ УУРХАЙН ажил түр зогслоо

2020 оны 04 сарын 21

Монгол залуусаар бамбай хийсэн Хятад эзэд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутагт орших манганы ордын хайгуул хийгээд ашиглалтын зөвшөөрлийг авчихсан явж байна. Өнөөхөндөө зөвхөн хайгуулын ажил хийж байгаа гэх боловч хүнд техник аваачин Аргалантын уулын хэцийг төнхөж, салбар уулсын оройг тэгшлэн уул уурхайн технологийн зам тавьчихсан байх аж. Энэ бол хатуухан хэлэхэд уул уурхайн олборлолт явуулж байгаагаас өөрцгүй дүр зураг юм. Уг газар бол Монголын түүхэнд нэртэй төртэй Батмөнх даян сэцэн хааны өлгий нутаг билээ. Тиймээс Аргалантын хэцийн "тархийг” цоолж, бэлийг хусаж эхэлсэн "Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийн хууль бус, байгаль сүйтгэсэн үйл ажиллагааг ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийнхэн хөнджээ. Газар дээр нь очиж хийсэн сурвалжлагын багтай хамт “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Монгол төмөрлөг нэгдэл” ТББ хамтран явсан байна.

Ер нь Монгол орны соёлын биет болон биет бус өв, түүх, археологийн үнэт олдворууд олноороо олддог Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд хариуцлагагүй уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль, экологи нь ихээхэн доройтсоор байна. "Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл. Нутгийн иргэдийн тэвчээр ч нэлээд алдарч хэрэвзээ шинэ коронавирусний цар тахал үүсээгүй бол бүгдээрээ очиж тэмцэхэд бэлэн болчихсон байна. Гэхдээ Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийн хувьд цар тахал төдийлөн ач холбогдолгүй бололтой. Энэ асуудал зөвхөн өчигдөр үүсээд өнөөдөр яригдаж байгаа сэдэв биш. Байгаль экологид хортой нөлөө үзүүлж байгаа уул уурхайг хариуцлагажуулах зорилгоор “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнгөрсөн 2019 онд Монгол орон даяар зохион байгуулагдсан. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэг 2019 оны аравдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдах үеэр Наран багийн иргэд, удирдлагууд энэхүү манганы уурхайг нээх гэж байгааг эсэргүүцэж “Экологийн цаг” нэвтрүүлгийн хамт олныг ирж мэдээ сурвалжлага бэлтгэн асуудлыг шийдүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж байсан удаатай.

Ингээд энэ сарын 10-наар “Экологийн цаг” нэвтрүүлгийн хамт олон Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутагт орших Аргалантын хэцэд очсон юм. Уулын хэцийг ухаж гаргасан зам Аргалантын уулсын оройн тагийг хусан үргэлжилжээ. Хайгуул хийж байгаа газар гэхэд хоёр ч уулын оройг сэндийлсэн харагдана. “Экологийн цаг” нэвтрүүлгийн сэтгүүлч, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Их Аргалант хэмээх энэ уулын дунд технологийн зам зөвшөөрөлгүй тавиад явчихжээ. Газар шорооны ажил нь эхлээд, уул усыг аль хэдийн сүйтгээд эхэлчихсэн байдалтай байна. Хүчтэй тэрэг техникээ авчирч эгнүүлсэн байдлыг харлаа. Зөвхөн хайгуулын ажил хийхэд ийм зам, талбай тавих зөвшөөрөл хаанаас өгөв гэдэг нь сонирхолтой байна. Уулын тагийг дагуулан эвдэж зам тавьчихсан байдалтай байна шүү дээ. Ийм уул уурхайн технологийн зам тавихад тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Үүнийг хэн, хаанаас өгсөн зөвшөөрлөөр явуулав. Хоёрдугаарт, энэ компани ямар зөвшөөрлөөр ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь туйлын тодорхойгүй байна. Орон нутагт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байдалтай явж байгаа юм байна. Тийм учраас бид иргэдийн дуудлага, хүсэлтээр газар дээр нь ирсэн нь, энэ” гэсэн юм.

Энэ үеэр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчин Ц.Азбилэг “Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийнхан хайгуул хийнэ гээд л ирсэн. Одоо ямар байгааг бүгдээрээ харж байгаа байх. Тэдний зүгээс танай Засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч чинь зөвшөөрсөн. Та хүсвэл бичиг баримтыг нь үзэж болно. Танайд аваад ирье гэдэг. Гэхдээ өнөөг хүртэл авчирч үзүүлсэн юм алга. Загасгал гээд мал тэнхрүүлэхэд хэрэгтэй ховор ургамал өдий төдийгөөр сүйтгэгдлээ. Уулын хоёр ч оройг өрөмдөж хавтгайлсан. Одоо бас нэгийг өрөмдөнө гэж байна. Овоотой уулыг ингэж ухуулж болмооргүй байна” гэлээ. Мөн Наран багийн иргэн А.Бэхбат “Яг энэ хэц бол өвөл хийгээд цагийн хатууд бидний малаа бэлчээдэг нутаг. Бид чинь цасан шуурга, шороон шуурганд тал руугаа малаа тууна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас хэцээ барааддаг. Ухчихсан байгааг нь харахад л нүдэнд нулимс дүүрээд байгаа. Зөвхөн өрөм тавиад хайгуул хийхэд л уулыг ямар болгосон байгааг харж байгаа биз дээ. Цаашаагаа олборлолт явбал энэ уулс тэр чигтээ байхгүй болно гэсэн үг. Компанийнхан бид үйл ажиллагаа эхлэх болоогүй байна, та нар шийднэ гэдэг байхгүй юу. Бид ухуулахгүй гээд байхад л хайгуул хийгээд явдаг. Гэтэл хайгуулынх нь талбай нь, энэ” гэж байлаа.

Дан ганц малчид, иргэд төдийгүй сум орон нутгийн хариуцлагатай албан тушаалтнууд ч газрын байдлыг эвдэж байгаад дургүй байлаа. Тухайлбал, Баяндалай сумын байгаль хамгаалагч Ж.Түвшинсанаа “Хайгуулын үйл явцыг нь харахад байгаль орчин сүйтгэсэн байна. Уулыг нь эвдээд зам бий болгочихсон байна шүү дээ. Би байгаль хамгаалагч болохоор зөрчлийг илрүүлнэ. Байгаль орчны байцаагч гэж тусдаа бий. Тэр нь арга хэмжээ авах ёстой” гэсэн бол Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар “Энгийн иргэний нүдээр харж байхад их хэмжээний зам гарсан, уул хажуу ухагдаж, зам харгуйгаар тэгшлэгдсэн гээд олон асуудлууд байна” гэсэн юм. Ерөнхийдөө Баяндалай сумын Наран багийн ихэнх иргэд энэхүү уурхайн үйл ажиллагааг шүүмжилж байсан юм. Учир нь тус компани хайгуул хийх нэрийдлээр Аргалантын хэцийн орой дээр ихээхэн байгаль сүйтгэсэн, олон салаа зам гаргасан гэх мэт байгаль экологид хортой үйлдлүүдийг хийсний сацуу малчин айлуудын гэрийн хаяагаар хүртэл зам гаргаж малчин иргэдийн амьдрах нөхцөлийг ч тавгүйтүүлсэн тухай хэлж байлаа. Айлын малын хашаанаас хоёр гурван метрийн зайтай зам гаргаад явсантай ч таарч байв.

Наран багийн малчин Н.Сугар “Мал, төл машин доогуур нь орчих гээд аргаа бараад гэрийн хажуугаар явсан замыг нь хааж чулуу мод, мотоциклийн хуучин шатахууны сав тавьсан юм. Тэгээд арай цаахнуур явдаг болсон. Наад зах нь тоосжилт нь хэцүү л байна. Сумаас дарга нар ирж үзсэн. Тэгээд ажил хийх болоогүй, хайгуул хийж байгаа гэж яриад байсан. Өвөлжингөө л гадуур давхилаа. Шөнөжин, өдөржин давхина. Жалга болгоноор зам гарчихсан байгаа” гэв. Наран багийн малчин С.Гантөмөр ч адил зовлон ярьж байна. Түүнчлэн Наран багийн иргэн С.Ганбат “Хайгуул гэхээр зүгээр өрөм тавиад дээж авах байх гэж бодсон. Гэтэл уулын орой хусаж зам тавиад ерөөсөө уул уурхай болчихсон байна. Кэмп байгаа газраас наашаа газрын хөрсийг маш их эвдсэн” хэмээн ярив. Тачир ургадаг төрөл зүйлийн эмийн ургамал сүйдэж, говь газар ховор тохиолддог малаа бэлчээхэд нөмөртэй дулаан уулыг ухаж төнхөхөд ер нь хэн дуртай байх билээ.

Харин "Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийн геологич Ч.Нармандах “Ууланд зам гаргасан асуудал бол угаасаа хайгуулын ажлын шаардлагын дагуу өрмөө гаргахын тулд гаргасан байгаа”, “Мэдээж техник очиж байгаа юм чинь зам гарна шүү дээ. Агаар дээрээс буугаад ирэхгүй шүү дээ. Бид хайгуулынхаа ажлын хүрээнд тэр замаараа явж байна”, “Нөхөн сэргээлт хийнэ шүү дээ. Унаган төрхөд нь оруулна” гэх мэтээр хэгжүүрхэхэд тэнд байсан бусад ажилтнууд нь “Та Цогтцэций рүү очсон уу. Тэнд ямар байна. Нөхөн сэргээлт хийлгэсэн үү” “Оюутолгой, Тавантолгойгоо хөөчих. Бид ямар ялгаатай юм” хэмээн шаагилдах аж. Монгол Улсын эдийн засагт нөлөөгөө үзүүлдэг стратегийн ордуудтай барьцаж байгаа байдал нь зөв үү, гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газруудаас л чухам асуумаар санж.

Хамгийн ноцтой нь тус компани хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч нутгийн иргэд дээр ирэхдээ “Монгол эзэнтэй монгол компани. Бүгдээрээ хамтраад ажиллая” гэдэг саналыг удаа дараа хэлсээр иржээ. Гэвч харамсалтай нь, энэ компанийн жинхэнэ эзэд нь БНХАУ-ын иргэд байсан нь улсын бүртгэл дээрээс ил болсон юм. Энэ талаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Биднийг газар дээр нь очиход компанийн талаас өгч байсан мэдээллээр хэдэн монгол залуус амьдрах гээд явж байхад яаж байгаа юм бэ гэж байсан. Гэтэл улсын бүртгэлээс хайгаад үзэхэд "Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК нь албан ёсоор Бао Чанхай, Ли Ванфа гэдэг хоёр БНХАУ-ын иргэний 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай юм байна. Ингэж бидний нутгийг харийнхан ирж эзэлж байгаа юм” гэж байлаа. Мөн тэрбээр уурхайнхантай уулзах үеэрээ “Би энэ нутгийн хүн. Манай ээжийн нутаг. Энэ Аргалантын ард би хурга ишиг хариулж өссөн. Нэг зүйлийг л сануулъя. Бид энэ зүйлийн араас хатуу нэхэх болно. Цаашдаа танай уурхай ажиллах огт боломжгүй гэдгийг эрт ойлго. Эдийн засгийн эрсдэл хүлээхээсээ өмнө зогссон нь дээр дээ. Үүнийг хэлэхэд уурлаж, ундууцаж, ямар нэгэн байдлаар мушгих гээд хэрэггүй. Тэр ууланд хайгуул хийхийн тулд уул хусаад зам гаргасан чинь хангалттай баримт” гэж байв. Ийнхүү иргэний нийгмийн байгууллага болон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан компанийн зүгээс уурхайн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн. Учир нь малчид, иргэний нийгмийн байгууллагууд уурхайн хууль бус үйл ажиллагааг нотолж, шат шатны байгууллагад мэдэгдэхээ мэдэгдсэн юм. Улмаар сумын Засаг дарга болон холбогдох хүмүүс уурхайн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон билээ. Гэвч уул уурхай гэдэг хөрөнгө мөнгө ихтэй хүмүүсийн ажил. Говийн малчид алслагдсан өргөн уудам нутагт тархай бутархай амьдардаг. Тэдний дуу хоолой төр засагт хүрэх хүч, мөнгөтэй компаниудын хүч адилтгах аргагүй билээ. Тиймээс энэ тэмцэл магадгүй дөнгөж эхлэл болов уу. Тиймээс “Экологийн цаг” нэвтрүүлгийн сэтгүүлч Х.Мандахбаяр “Хэрвээ цар тахлын үе биш байсан бол нутгийн ард иргэд бүгдээрээ ирэхэд ч бэлэн байж байна шүү дээ. Энэ олон түмний бодол санаа, хүсэл зоригийг хүндэтгэж төр засаг хурдан түргэн шийдвэрээ гаргах байх” гэсэн биз ээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.218) 2020 оны 04 сарын 23

Түр болтугай зогсоосон нь яамай. Лиценз авсан өгсөнтэй нь тооцоо дугуйлах нь зөв.

1  |  0
Зочин(202.9.46.194) 2020 оны 04 сарын 23

Хүрэлсүхээ лицензийг зогсоогооч ээ.

1  |  0
Zochin(202.9.46.151) 2020 оны 04 сарын 21

Tyr zogsox bish byr zogsoo. Zuvshuurul xaanaas ugdug bilee tend xariutslaga toots. Xuulind iim bn geed xuuli bus yum mash ix xiij bn shy

0  |  0
санал(139.5.216.186) 2020 оны 05 сарын 02

Нэг мөсөн Монгол улсын нутаг дэвсгэрт Хуулиар геологи хайгууль, уул уурхайн ажил хийхийг бүрэн хоригловол таарна.

0  |  1
Жирийн иргэн(202.126.89.191) 2020 оны 05 сарын 02

Хайгуул хий гээд улс зөвшөөрөл, лицензээ өгчихсөн байхад яах гээд байгаа хүмүүс вэ? Энэ малчидын 90 хувь нь өөрсдөө нинжа хийж байгаль орчин сүйтгэж, ёстой там болгодог биз дээ. Энэ Мандахбаяр гэж нөхөр УИХ-д орохын тулд олон түмнээр мөн тоглож байна даа. Улс орон одоо эрдэс баялгийн салбарын олж байгаа мөнгөөр амьдарч байгаа үнэн шүү дээ. Энэ балай шантаажаа зогсоомоор юм аа.

1  |  0
Top