Хүүхдүүдэд вирусийг устгаж, ялан дийлэх сэтгэлийг төрүүлэх зорилготой энэ тоглоомыг бүтээсэн

2020 оны 04 сарын 20

Дэлхий даяар тархсан КОВИД-19 вирусний эсрэг хүн төрөлхтөн тэмцэж, хүн бүр дор бүрнээ эрүүл мэндээ сахин хамгаалж байгаа энэ үед 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд буй. Тэд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх олон аргыг шинээр нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний нэг тод жишээ бол Английн Лондон хотноо амьдардаг Монгол ах, дүү хоёрын зохион бүтээсэн “PIXEL-ED GAME 2020 AR WAR” буюу вирус устгадаг аппликэйшн юм. Хөвгүүдийн аав Б.Лхагвацэрэн нь ложистикын чиглэлээр ажилладаг бол ээж С.Алтаннавч нь загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Шинэ техник технологийн эрин үетэйгээ мөр зэрэгцэн бүтээлчээр суралцаж яваа шинийг санаачлагч “МСО” сургалтын төвийн үлгэр жишээч сурагчид, “Pixel-Ed Gaming” программыг үүсгэн байгуулагч ах дүү 11 настай Л.Сансар, 9 настай Л.Өлзийт нартай онлайнаар холбогдлоо.


-Та хоёр ямар сургуульд суралцдаг вэ, хөл хорионы үед зохион бүтээсэн тоглоомын программыг нь харлаа. Яагаад ийм программ зохион бүтээхээр шийдсэн бэ?

Л.Сансар: Баярлалаа. Дүү бид хоёр Лондон хотод төрсөн. Лондон хот дахь “Merton Park primary school” - ийн тав, зургаадугаар ангид суралцдаг. Би Python, Java, Swift Objective-C зэрэг программуудыг түлхүү үзэх дуртай.  Сүүлийн үед бүх сургуулиуд хөл хорио тогтоогоод байна. Учир нь энэ вирус олон хүний амь насыг авч одсон учраас сэтгэл их эмзэглэж байна. Хүүхдүүд бид хөл хорионд зүгээр сууж болохгүй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон учраас энэ программыг зохиохоор шийдсэн.  Үеийн хүүхдүүддээ халдварт өвчин  ямар хор хөнөөлтэй болохыг ойлгуулах, хиймэл оюун ухаан дахь халдварыг илрүүлж устгадаг хөдөлгөөнт тоглоом бүтээх санаа төрсөн.

Л.Өлзийт: Би Python дижитал график дизайнераар сурдаг.  Коронавирус нүдэнд харагдахгүй хэр нь хүний бие рүү нэвтэрч ороод өвчлүүлэх аюултай. Тийм болохоор өрөө тасалгаанд орж ирсэн, хүрээлэн байгаа орчинд нуугдаж байгаа вирусийг хурдан шаламгай устгаж, түүнийг ялан дийлэх сэтгэлийг хүүхдүүдэд төрүүлэх зорилготой энэ тоглоомыг бүтээхээр шийдсэн.

-Та хоёр “Pixel-Ed Gaming” программыг үүсгэн байгуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

Л.Сансар: Бид анх “WE vs Covid-19” гэдэг нэртэй аппликэйшнаа нэрлэсэн боловч “Apple” компаниас  “Covid-19”-той  холбоотой түлхүүр үгнүүд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад зориулагдсан гэж тайлбарласан тул бид программынхаа нэрийг “2020 AR” болгож өөрчилсөн.

Л.Өлзийт:  Ах маань кодолж тоглоомын дизайныг хариуцдаг бол  би график дизайн дээр нь ажилладаг. Бид хоёр мэргэжлийн чиглэлээр нь суралцдаг болохоор хүндрэлтэй зүйл бага байсан.

-“2020 AR WAR” тоглоомын программыг нь хэрхэн татан авч ашиглах боломжтой вэ?

Л.Сансар: Зохиомол орчинд зориулсан тоглоом учраас  App Store дээр байршуулсан. Энэхүү программыг  www.pixel-ed-gaming.com  цахим хаягаас хүссэн хүүхэд бүхэн гар утсан дээрээ татан авч, гэр бүлээрээ хөгжилдөн тоглох боломжтой. Мөн бид тоглоомын хуудсан дээрээ тусгайлан гараа угаах сануулгыг суулгасан. Эрдэмтэд коронавирусний эсрэг вакцин бүтээхийн тулд маш их хичээж байгаа. Гэвч бид тэр болтол гэртээ аюулгүй байж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ, зүгээр л тоглоом тоглож чадна шүү дээ. Вирусний эсрэг вакцин тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.

-Та хоёр том болоод ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг вэ?

Л.Сансар: Программын чиглэлээр өгөгдлийн шинжээч /data scientist/ болохыг хүсдэг.

Л.Өлзийт: Эмч болно гэж мөрөөддөг.

-Үеийнхээ хүүхдүүдийг ямар байгаасай гэж боддог вэ?

Л.Сансар, Л.Өлзийт: Үеийнхээ хүүхдүүдийг ямар ч мэргэжилтэй, ямар ч хүн болсон гэсэн байгаль дэлхийгээ л хайрладаг хүн болоосой гэж хүсдэг.

-Монгол хэлээ хэрхэн суралцаж байна даа?

Л.Сансар: Манай сургуульд долоо хоногт нэг удаа монгол хэлний хичээл заадаг. Бид энэ үед монгол хэлний хичээлээ онлайнаар Zoom app ашиглан багштайгаа холбогдон заалгаж байна. Манай багш өмнө нь Лондон хотод Элчин сайдын яаман дээр энд амьдарч буй хүүхдүүдэд монгол хэлний сургалтыг явуулж байсан мундаг сайн хүн. Хөл хорионы үед монгол хэлээ түлхүү үзэж байгаадаа баяртай байна. Цаашдаа ч энэ сургалтаа байнга авах хүсэлтэй байна.

Л.Өлзийт: Аав, ээж минь бидэнтэй үргэлж монголоор ярьдаг. Хөл хорионы үед хүүхдүүд ээж, аавтайгаа илүү хамт байх боломж олдож байгаа болохоор бид монгол хэлээ сайн сурч байгаа. Хилийн чанадад эх хэлээ зааж сургаж буй багш нар маань гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэлний хичээлийг тасалдуулахгүйн тулд Zoom аппликэйшн ашиглан цахим сургалт зохион байгуулж байгаад баярлалаа.

-Монголдоо очиж үзсэн үү, үзсэн бол ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Л.Сансар: Гэр бүлээрээ 2014 онд очиж үзсэн. Англид нар бараг үздэггүй. Монголд нар маш хурц, тод гэрэлтдэг болохоор хүүхдүүд нь ч нар шиг гоё найрсаг зантай юм байна лээ. Хүүхдүүд хөдөө уул өөд мацах, уулаас уруудахдаа маш шалмаг, хурдан санагдсан. Учир нь манай энд уул байдаггүй болохоор их сонин, мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн.

-Та хоёр цаашид ямар, ямар шинэ нээлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Л.Өлзийт: Өмнө нь ах бид хоёр  дартс тоглоомтой төстэй боловч дэлхийн аль ч улсаас дүрсээ харан тоглох боломжтой тоглоом бүтээж байсан. Ажил ихтэй завгүй хүмүүст зориулж, тэдний ажлыг сануулдаг камер бүтээхээр ажиллаж байна.  Үүнээс гадна дахиад гурван аппликэйшн дээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top