Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч  2019  онд тус зөвлөлөөс 31 заалт, 6 бүлэг бүхий төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь сайжруулах, сургалт, судалгаа зохион байгуулах, техник технологийн шинэчлэл хийж тоног төхөөрөмжөөр хангах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Үүний дүнд, гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 20.2 хувиар буурч, илрүүлэлт 8.2 хувиар, зөрчил илрүүлэлт 41.5 хувиар өссөн байна.



Хурлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихэсч байгаатай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүнд хар тамхитай тэмцэх чиглэлээр болон шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн албанаас төлөөлөл оруулах шаардлагатай талаар, мөн энэ чиглэлийн ажлуудыг 2020 онд түлхүү хийхээр төлөвлөгөөндөө тусгалаа. НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн даргын хувиар хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, цагдаа, хуулийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах талаар холбогдох байгууллагад  үүрэг чиглэл өглөө.



Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны нэгдсэн тайлан мэдээлэл ойрын хугацаанд нийтэд танилцуулагдана.


 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top