БОДЛОГЫН ХҮҮ | Энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү

2020 оны 04 сарын 16

Коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд Засгийн газруудын зүгээс цагаа олсон, үр дүнтэй бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эдийн засагт урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэдгийг ОУВС-гаас сануулаад буй.

Монгол Улсын тухайд эдийн засгийн чиглэлээр арга хэмжээнүүд авч байгаа. Тухайлбал, Мөнгөний бодлогын шийдвэрүүд дараалан гарсан. 

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдөр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан.

Дараа нь Мөнгөний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх,  эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан юм.

 

Бодлогын хүүний одоо байгаа түвшин сүүлийн жилүүдэд байгаагүй бага түвшин. Гэхдээ эдийн засаг коронавируснээс хамааран их хэмжээгээр агших  нөхцөлтэй байгаа энэ үед бодлогын хүүний энэ түвшин хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад хангалттай дэмжлэг болж чадах уу гэсэн асуулт анхаарал татаж байгаа.

Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд дараах тайлбарыг өгч байна.

- Бүхий л Төв банкууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ нь хангалттай юу, үгүй юу гэдгийг нөгөө талаас нь асуувал бид энэ удаагийн шокийг гүйцэд таньсан уу, үгүй юу гэж болох юм. Одоогоор “КОВИД-19” вирусний  тархалтын цар хүрээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Түүний эсрэг авч буй улс орнуудын хариу арга хэмжээ нь 7 хоног тутамд өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү. Яагаад гэвэл бид шокоо бүрэн хэмжээгээр хангалттай таньж дуусаагүй байна гэсэн үг. Тэгэхээр ямартай ч одоогоор ороод ирчихсэн байгаа шокийн хэмжээнд хангалттай гэж хэлж болно. Бид аль болох мөнгөний бодлогын хүүг шок хэлбэрээр бус бага хэмжээгээр, шат дараатайгаар бууруулах нь илүү үр нөлөөтэй гэж үздэг. Тийм учраас мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан нь дотоод эрэлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Ерөнхийдөө улс орнуудын нөхцөл байдал адилхан байгаа. Өөрөөр хэлбэл, Коронавирусний  тархалтын улмаас тодорхой хориг арга хэмжээнүүд тавигдсанаар үйлдвэрлэлүүд буурч байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого, хэрэглээ буурах эрсдэлийг үүсгэж байгаа. Тэгэхээр Төв банкууд үүний эсрэг эрэлтийг дэмжих, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг авч байна гэсэн үг” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top