СУДАЛГАА: КОВИД-19 интернэтийг ингэж өөрчилсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Хүн төрөлхтнийг айлгаж буй шинэ төрлийн коронавирусний халдвар гарснаас хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд дэлхий дахинд хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон өөрчлөлт гарлаа. Даяарчлал хөгжсөн өнөө үед дэлхийн бөмбөрцөг гэдэг ямар жижигхэн бэ гэдгийг энэ вирус бидэнд харуулж өгсөн юм.

Америкийн “New York Times” сонин коронавирусний халдварын үед интернэтийн хэрэглээ хэрхэн өөрчлөгдсөн талаар судалгаа явуулжээ. Сүүлийн хэдэн сар амьдрал дээр ч, телевизийн дэлгэцээр ч дан хар бараан зүйл гарах болсон тул хүмүүс юуны өмнө зугаа цэнгэлтэй буюу өөрөөр хэлбэл хөнгөхөн, гэгээн мэдээтэй цахим хуудаснуудад илүү зочилдог болсон нь судалгаагаар харагдсан байна. Мөн гар утаснаас интернэт орох нь цөөрч, суурин компьютер ашигладаг хүний тоо 20 хувиар өсжээ.
 

Хөл хорио, тусгаарлалтын улмаас интернэт хэрэглэгчдийн дадал зуршил өөрчлөгдөж, ойр дотнынхонтойгоо харилцахын тулд цахим сүлжээнд их ордог болсон байна. Гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүс гэрийн суурин компьютероо ашигладаг болжээ. Суурин компьютероос Facebook-д орогчдын тоо 27 хувь, Netflix-ийн хэрэглэгчдийн тоо 16 хувь өссөн бол YouTube-д суурин компьютероос хандах нь 15,3 хувь нэмэгдсэн байна. Харин халдварын хугацаанд дээрх сүлжээнүүдийн гар утас дахь ашиглалт дөнгөж ганц хувиар нэмэгдэж, харин  YouTube-ийнх 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөл хорионы улмаас хүмүүс гэртээ сууж байгаа тул юм л бол гар утсаа гаргаад байхаа больсон нь харагдаж байна.

Коронавируснээс өмнөх үед аав, ээжтэйгээ хүссэн үедээ очоод уулзчихдаг байсан болохоор утсаар ч бараг ярьдаггүй, мессеж шидчихдэг байлаа. Харин одоо гэр гэртээ тусгаарлагдсан хүмүүс ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж чадахаа байсан учир видео хурал, уулзалт зохион байгуулдаг үйлчилгээнүүдэд хүмүүс их орж байна. Google Duo-гийн үйлчлүүлэгчдийн тоо 12.4 хувь, Nextdoor цахим хуудасны хэрэглэгчид 73,3 хувь, Houseparty үйлчилгээний харилцагчдын тоо 79,4 хувиар өссөн байна. Мөн Zoom, Google Classroom, Google Hangouts, Microsoft Teams зэрэг сургалт, хичээлд тусалдаг хөтөлбөрүүдийн хэрэглэгч эрс нэмэгджээ.

Халдварт өвчний талаар бодит мэдээлэл авахыг бүгд хүснэ. Тиймээс эртнээс найдвартай эх сурвалж гэж үнэлэгдэж ирсэн Washington Post, CNBC, Fox News зэрэг хэвлэлийн хэрэгслийн сайтын уншигчдын тоо өссөн нь судалгаанаас харагджээ.

Харин спортын мэдээллийн салбар уналтад оржээ. ESPN телевизийн үзэгчдийн тоо 40.2 хувь буурсан. Спортын бараг бүх том тэмцээн, уралдаан цуцлагдсан тул аргагүй. Шууд дамжуулалт байхгүй тул хүмүүс их спортыг хаяж, цахим спортыг сонгодог болжээ. Коронавирусний “ачаар” Twitch видео платформын хэрэглэгчид 19.7 хувь нэмэгдсэн байна. Мөн АНУ-д карантин тогтоосноос хойш TikTok-ийн чансаа өссөөр байна. “New York Times” сонин “Бүх нийтийн хямралын үед TikTok тогтвортой ажиллаж байгаад бид баяртай байна” гэж бичсэн байлаа.

Коронавирусний халдвар тархсанаас хойш хүмүүс утсаар ярих нь эрс нэмэгдсэн байна. Хөл хорионы улмаас нэг нэгэнтэйгээ уулзаж чадахгүй болсон тул “амьдаар” ярьж, дуу хоолойг нь сонсохыг хүсдэг болжээ. Америкийн харилцаа холбооны "Verizon” компанийн судалгаагаар АНУ-д нэг өдрийн дуудлага 800 саяд хүрж, Ээжийн баярын өдрийн дуудлагыг хоёр дахин даван гарчээ. Холбооны оператор компаниуд иргэдийг гэрээсээ ажиллах болсноор цахим дуудлага ихэснэ гэж бэлтгэж байсан ч хүмүүс утсаар ярихыг илүүд үзсэн нь харагдлаа.

Ярих хугацаа ч коронавирусний өмнөх үеэс уртассан байна. Халдвар гарахаас өмнө мэнд мэдэж, хэрэгтэй зүйлээ хэлээд салгадаг байсан бол одоо илүү ойр дотно ханддаг болсноор ярих дундаж хугацаа 33 хувиар өсжээ. AT&T компанийн хэрэглэгчдийн дуудлагын тоо 35 хувь өссөн нь ч үүнийг баталж байгаа юм.

АНУ-ын Харилцаа, холбооны комиссын тэргүүн Жессика Розенворсель “Бид урьд өмнө байгаагүй их утсаар ярьдаг ард түмэн болжээ. Америкчуудад хүний “амьд” дуу хоолой хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн юм. Урьд нь өглөө, орой хамгийн их утсаар харьцдаг байсан бол одоо бүтэн өдрийн турш, цаг ялгахгүй ярьдаг болжээ. AT&T болон бусад оператор компаниуд үйлчлүүлэгчдийн энэ их урсгалд саадгүй үйлчлэхийн тулд тоног, төхөөрөмжөө шинэчилж эхлээд байна. SMS, мессежийн эрин үед төрсөн залуус ч утсаар их ярьдаг болсон нь бас нэгэн өөрчлөлт байлаа.

Коронавирусний халдвар тархах эрсдэлийг багасгах үүднээс олон нийтийн томоохон сүлжээнүүд ихэнх ажилтнаа гэрээс нь ажиллуулж байгаа. Тэдний оронд хуурамч, хориотой мэдээлэл хайж, хаах ажилд автомат ашиглаж эхэлсэн. Гэвч энэ автомат нь төгс биш тул маш их алдаа гаргаж байгаа гэнэ. Коронавирусний халдвар гарснаар тус өвчний тухай хуурамч мэдээлэл, залилан их гарч байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа аж. Автомат төхөөрөмж үнэн зөв мэдээллийг ч хаах тохиолдол байгаа учир YouTube, Twitter, Facebook компаниас хэрэглэгчдэдээ зориулан, “Таны мэдээ, зураг зэрэг контент автомат төхөөрөмжийн алдаагаар хаагдах магадлалтай” гэсэн анхааруулга гаргаад байна.

Гэрээс ажиллаж байгаа болон хөл хорионд байгаа хүмүүс видео бичлэг их үздэг болсон тул Youtube, Netflix үе үе саатдаг болсон. Тиймээс Европ зэрэг халдвар ихтэй бүс нутагт нэвтрүүлгийнхээ чанарыг буулгахаас өөр аргагүйд хүрсэн байна. Youtube бичлэгээ 720-иос 576 пиксель болгон буулгасан бол Netflix 30 хоногийн турш хязгаарлалт тавих болжээ.

Онлайн, цахим үйлчилгээний салбар харин хөгжлийн шинэ түвшинд гарлаа. Японд танихгүй хүмүүс онлайнаар нэг нэгнээ харан сархад зооглодог шинэ үйлчилгээ анхаарал татаж байгаа бол интернэтээр хоол хүнс, хувцасны захиалга маш их нэмэгджээ. Оюутан сурагчдад онлайн хичээл заах үйлчилгээ хэдийн бараг бүх оронд нэвтэрсэн бол онлайн кинотеатр, онлайн театр гэсэн шинэ ойлголт урлагийн ертөнцөд орж ирлээ.

Ийнхүү коронавирус цахим ертөнцөд олон өөрчлөлт авчирлаа, магадгүй энэ нь шинэ хөгжил, дэвшил ч байж магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top