КОВИД-19-ийн эсрэг хоёр дахь вакциныг туршилтад оруулахыг зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

БНХАУ-ын эрх баригчид КОВИД-19-ын эсрэг вакцины эмнэл зүйн нэг болон хоёрдугаар үе шатны туршилт явуулах зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгожээ.

Хятадын “Пэнпай” сонинд мэдээлснээр, энэ нь шинэ төрлийн коронавирусний эсрэг Хятадын эрдэмтдийн гаргаж авсан хоёр дахь вакцин юм. Хятадын “Sinopharm Group” эмийн үйлдвэрийн бүрэлдэхүүнд ордог Уханийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн тус вакцины эмнэл зүйн туршилт явуулах зөвшөөрлийг урьдчилсан байдлаар аваад байна.

КОВИД-19-ийн эсрэг эхний вакциныг БНХАУ-ын Цэргийн анагаах ухааны академийн академич Чэнь Вэй тэргүүтэй судалгааны баг гаргаж авсан. Тус баг энэ оны нэгдүгээр сарын 26-аас Ухань хотод хүрэлцэн ирж, вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа юм. Эхний вакцины туршилтыг өнгөрсөн сарын дундуур эхэлсэн бөгөөд туршилтад сайн дурын 108 хүн оролцож байна. Тэднийг гурван бүлэгт хувааж, эхний бүлэгт багтсан хүмүүст бага тунгаар, хоёрдугаар бүлгийн хүмүүст дунд хэмжээний тунгаар, гуравдугаар бүлгийн хүмүүст их тунгаар вакцин хийх гэнэ. Энэхүү вакцины туршилтыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл явуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top