АРХАНГАЙ: Хүүхдүүд хачигт хазуулах тохиолдол нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/-д хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Хачигт хазуулсан бүх тохиолдлыг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Өвчилсөн 3-9 насны дөрвөн хүүхдийн хоёр нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан бол хоёр нь эмчлүүлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 2018-2019 онд нийт 26 хүн хачигт риккетсиозоор өвчилсний 80.8 хувийг 0-13 насны хүүхдүүд эзэлж байжээ. Бага насны хүүхдүүд биедээ орсон хачгийг богино хугацаанд илрүүлэн авч чаддаггүйгээс хачигт халдварт илүүтэй өртдөг гэнэ. Сургууль цэцэрлэг хааж, хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотой бага насны хүүхдүүд гэртээ байгаагаас малын хачигт хазуулж, хүндрэх эрсдэлүүд илүү байгааг ЗӨСТ-өөс анхааруулж байна.

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, хүн, мал амьтдын цусыг сорохдоо халдварыг дамжуулдаг. Хачигт халдвараар өвчилсний дараа мартамхай болох, үе мөч саажих зэрэг үлдэц үлдэх аюултай ажээ. Малын хачиг нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархаж, дөрөвдүгээр сард идэвхжилийнхээ үед хүнийг хазах нь элбэг байдаг. Хаврын улиралд салхи ихтэй байдгаас хачиг салхиар зөөвөрлөгдөн хот суурин газрын иргэдийг ч хазаж өвчлүүлэх тохиолдол байдаг байна.

Бэлчээрийн хачиг нь ихэвчлэн хүний толгойн орой, дагзны хэсэгт хазаж, цус сорон шимэгчилдэг. Хачигт риккетсиозоор өвчлөгсдийн 72.1 хувь нь 4-6 дугаар сард уг халдварт өртсөн байна. Халдвар авсан хүнд хачигт хазуулснаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газар үрэвсэж, тавших, ойролцоох тунгалгийн булчирхай цочиж, эмзэглэх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Улмаар зарим эрхтний саажилт, тэнэгрэл зэрэг хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг байна. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учирдаг тул өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл үр дүн сайн байдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 

Эх сурвалж: Архангайн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top