Яармагийн 300 ортой эмнэлгийг II улиралд багтаан ашиглалтад оруулна

2020 оны 04 сарын 13

-Шаардлагатай бол 300 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж, 1600 ор багтаах бүрэн боломжтой гэв-

 

ЯАРМАГИЙН 300 ОРТОЙ АМАРЖИХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ЯВЦ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс Яармагийн 300 ортой амаржих  эмнэлгийн барилгын үйл явцтай өнгөрсөн бямба гарагт танилцлаа. Барилгын талбай руу нэвтрэхийн тулд тусгай хантааз өмсөж, гараа ариутган, халуунаа хэмжүүлэн оров. Ашиглалтад ороход тун ойртож буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлэг нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх ба 140 ор нь амаржих газар, 160 ор нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байгаа аж.

Одоогоос арван жилийн өмнө Яар­магийн дэнж дээр 300 ортой амаржих газар барихаар болсон. Гэвч хөрөнгө мөнгөний шалтгаанаар тус барилгын ажил найман жил “царцсан” гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тус эмнэлгийг барих шийдвэр 2009 онд гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр сан­хүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. Нийт 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувьтай болжээ. Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа “Нийт 51 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Яармагийн барилгыг хүчээ тарамдуулахгүй, эхний ээлжинд нэг блокийг ашиглалтанд оруулах, дараа нь нэг блок гэсэн зохион байгуулалттай ажиллах чиглэл өгөөд ажиллаж байна” гэлээ.

 

10 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ 300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ СУУРИЛУУЛНА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга, 10 гаруй зогссон төсөл байсан. Өнөөдөр эдгээр царцсан барилга, төслүүд бүгд хөдөлж эхэлсэн. Гурван жил гаруй царцсан Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг 2019 оны зургадугаар сард мөн АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлгийг ашиглалтад оруулснаас гадна хөдөө орон нутагт цөөнгүй эмнэлгүүд ашиглалтад орсон. 2016-2019 онуудад 55 эмнэлгийг ашиглалтад оруулсан бол энэ онд нэмж 44 эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүн дотор Яармагийн дэнжийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад нэмэлт санхүүжилт шаардлагатай болж саяхан Засгийн газрын хуралдаанаас нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Уг эмнэлгийг барьж байгаа “Томо бюлдинг” компани мэргэжлийн түвшинд, хурдтай сайн ажиллаж байгаа. Уг эмнэлэг ашиглалтад орсноор ЭХЭМҮТ, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах томоохон ажлын нэг болох юм. Тус эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурсан. Удахгүй УИХ-аар уг хэлэлцээрийг батална. Ингэснээр 10 гаруй сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг 300 ортой төрөх эмнэлэгт суурилуулна” гэлээ.

 

НИЙТ 880 ӨРӨӨТЭЙ БӨГӨӨД ШААРДЛАГАТАЙ ҮЕД 1600 ОР БАГТААХ БОЛОМЖТОЙ

“Томо бюлдинг” компаний захирал Ч.Отгонбаяр барилгын дотоод явцтай танилцуулахаар албаны хүмүүсийг газарчлан явав. Дулаахан, саруулхан орчин угтлаа. Ч.Отгонбаяр төрөх өрөө болон мэс заслын өрөө зэрэг нэн тэргүүний шаардлагатай өрөөнүүдээ танилцуулахын сацуу ямар технологи, орцоор барьснаа тайлбарлана. Төрөх эмнэлгийн барилга нийт долоон блокоос бүрдсэн, 34.200 метр.кв, 2.4 га талбай, 400 авто машины зогсоолтой, 880 өрөөтэй бөгөөд 100 орчим ажилтан засал чимэглэл дээр ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд эх хүүхдийн эмнэлэг нэн шаардлагатай байгаа. Ялангуяа коронавирусний халдвар гарсан энэ цаг үед бид тусгай эмнэлэг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс 300 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж, хэрэв шаардлага гарвал 1600 ор багтаах бүрэн боломжтой” гэсэн бол Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс шаардлагатай зам, орц, гарц, дэд бүтцийн асуудлуудыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангахад анхаарч ажиллаж байна. Өмнө нь би ирж ажиллахдаа Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт танилцуулаад энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Мэдээж барилга байгууламж барьж дуусах нэг асуудал, үүний цаана тоног төхөөрөмж гээд олон ажил бий. Энэхүү эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг асар ихээр хуваалцах юм. Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа гэж үзэж байна. Нэг өдөр, нэг цагийн өмнө энэ эмнэлгээ ашиглалтад оруулах шаардлага бидэнд бий” гэлээ.

ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙН ОРОНД ГАЗАР ДЭЭР НЬ ЭМНЭЛЭГ БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

Энэ дашрамд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатараас “Хүрээ” амаржих газрын хувь заяаг хэрхэх талаар лавлахад “Нийслэлийн хоёрдугаар амаржих газар 60 жилийн түүхтэй бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хоёрдугаар төрөхийн барилгыг хэрхэхээ шийдэж, хэрэв нураах бол оронд нь нийслэлийн иргэдэд шаардлагатай байгаа эмнэлэг, амбулатор барина. Ямар нэг байдлаар хувь хүн, албан байгууллагад зарахгүй, хувьчлахгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top