Алтанд шунасан "АГМ майнинг" Алтан ууланд дургиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн багийнхан өчигдөр /2020.04.09/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллалаа.


Гурвантэс сумын нутаг дэвсгэрт хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүдийн лицензийг өнгөрсөн жил Тост, Тосонбумбын жишиг тэмцлийн үр дүнд цуцалсан байдаг. Гэвч Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн чиглэлийн дагуу нөхөн сэргээлт хийхгүй байгааг нутгийн иргэд дуулгаж байна. Аймаг, сумын ИТХ-аас ААН-үүдэд нөхөн сэргээлтээ хий гэсэн үүрэг даалгавар өгсөн ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй аж. Түүнчлэн Гурвантэс сумын Гоёот багийн нутагт оршин Алтан уулын орчим Торомхоны алтны шороон ордны үйл ажиллагаа явуулдаг "АГМ Майнинг" ХХК гэхэд лицензийн талбайгаа хэтрүүлж, олборлолт хийсэн төдийгүй лицензийн талбайд байгаа малчдыг газраа чөлөөлөхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм. 2019 онд нэг иргэний өвөлжөөг булааж авсан бол одоогийн байдлаар найман өвөлжөөний газрыг авахаар шүүхэд хандаад байгаа юм байна. Гоёот багийн 530 иргэн гарын үсгээ зурж “АГМ майнинг” компанийн Торомхоны алтны ордын үйл ажиллагааг зогсоох асуудлаар сумынхаа ИТХ-д өргөдөл гаргажээ.

Иргэдийн өргөдөлд “Нэгдүгээрт, ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ иргэдэд танилцуулж, багийн Иргэдийн нийтийн хурлаар оруулж иргэдээс санал аваагүй. Хоёрдугаарт, уурхайн олборлолт хийх ТЭЗҮ дээрээ хуурай аргаар олборлолт хийнэ гэж заасан боловч явцын дунд усаар олборлож эхэлсэн. Гуравдугаарт, 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд заагдсан газраасаа хэтрүүлэн их хэмжээний газар зөвшөөрөлгүй ухаж, газрын хэвлийг сүйтгэж их хэмжээний хохирол учруулсан. Дөрөвдүгээрт, лицензтэй талбайд байдаг малчин өрхийн өвөлжөөг дээрэмдэж, хууль шүүхээр далайлгаж өвөлжөө эзэмших эрхийг нь цуцлуулдаг. 2019 онд нэг өвөлжөөг хүчингүй болгуулсан ба одоогоор найман өвөлжөөг шүүхэд өгсөн. Тавдугаарт, усны олон цооног өрөмдөж, гүний усыг маш их хэмжээгээр ашиглаж байгаа ба зарим ашиглаж байсан усны цооног нь усгүй болсон. Уул уурхайн нөлөөллөөс үүдэж зарим нэг булаг, шанд ширгэсэн. Жишээлбэл, нүдний рашаан гэж нэрлэгддэг Нүдэн булаг ширгээд байна. Долоодугаарт, орон нутагтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ бүрэн хэрэгжүүлдэггүй. Наймдугаарт, уул уурхайн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, мэдээлэл өгдөггүй ба багийн Иргэдийн нийтийн хуралд оролцдоггүй. Есдүгээрт, орон нутгийн иргэдийг ажилд авах нь цөөн. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас ажилчин олноор авдаг, орон нутгаас авсан ажилчдын ихэнхийг нь ажлаас халсан. Аравдугаарт, ажилчдын тав тухтай ажиллах орчин нөхцөл боломжийг хангадаггүй ба тохижилт муу, эрүүл ахуй болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг хангаж ажилладаггүй. Хамгаалах хэрэгсэл муу. Арваннэгдүгээрт, эмх замбараагүй олон зам гаргаж их хэмжээний хөрс, ургамал гэмтээсэн. Арванхоёрдугаарт, ахуйн хэрэглээний бохироо соруулж сумын төвийн цэвэрлэх байгууламжид хүргэх байтал уурхайн орчиндоо булж устгадаг” гэсэн байна.

Энэ асуудлаар "Экологийн цаг" нэвтрүүлгийн зүгээс иргэний нийгмийн төлөөллүүд, нутгийн иргэд, сумын удирдлагуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Гурвантэс суманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сумын удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нутгийн иргэд оролцов. Тус нэвтрүүлгийн баг өнөөдөр тус Торомхоны алтны уурхайн газар дээр ажиллаж байгаа юм.


“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН,
“ЭКОЛОГИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛГИЙН СЭТГҮҮЛЧ Х.МАНДАХБАЯР:

 

-Уул уурхайн хууль бус үйлдлээр малчдыг хохироосон асуудал олон жил яригдаж ирсэн. Тодорхой ахиц гарч байна. Өнгөрсөн жил хууль бусаар олгогдсон 11 лиценз цуцлагдаж, төрийн шийдвэрүүд гарсан байгаа. Гэвч үүний араас шийдвэрийн хэрэгжилт дутуу дулимаг байна гэсэн гомдол, мэдээлэл иргэдээс гарсаар байна. Хүмүүсийн хамгийн их мэддэг сэдэв бол Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн лицензийг цуцалсан. Нөхөн сэргээлт хийх үүргийг холбогдох төрийн байгууллагаас гаргасан ч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эхэлсэн, ямар шатанд яваа нь мэдэгдэхгүй иргэдийг бухимдуулж байгаа.  Мөн энэ компанитай хамт “Баатарван”, “Саус гоби сэндс” гэх зэрэг олон компанийн лиценз цуцлагдсан хэдий ч эргээд нөхөн сэргээлт хаана яаж явагдаж байгаа нь мэдэгдэхгүй байдаг. Тиймээс газар дээр нь ирж иргэд, орон нутгийн удирдлагуудтай ярилцах ёстой гэж үзэж байгаа юм. Нөгөө талдаа сүүлийн үед “АГМ майнинг” гэж компанитай холбоотой гомдол тасрахгүй байгаа. Орон нутгийн удирдлагууд, иргэд хэвлэл мэдээллээр хандаж байгаа ч тодорхой шийдэлгүйгээр яваад байна. Яг ямар хууль зөрчсөн асуудлыг орон нутгийн удирдлагууд гаргаж тавиад шийдвэр нь цаашаа хэрэгжихгүй байна гэдгийг хамтдаа ярилцъя гэж Гурвантэс сумыг зорьж ирлээ. Гол нь хорио цээрийн дэглэмтэй, хөл хорио тогтоосон үед бид УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөх ёстой учраас хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулах боломжгүй. Тиймээс маш цөөн төлөөллийг оролцуулаад хэлэлцүүлэг хийж байгаа юм. Хэлэлцүүлгийг бид цаг үеийн халуун сэдэв болоод байгаа Гоёот багийн нутаг дах Алтан уулын бүс нутагт байгаа Торомхоны алтны уурхайн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас эхэлье.

А.АТАР: ТОРОМХОНЫ ОРД АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГАА ХЭТРҮҮЛСЭН

Гурвантэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар:

-Торомхоны алтны лиценз анх 1995 онд олгогдсон байдаг. Тус газар Улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдаж байсан ч мөн ондоо УИХ-ын 27 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтаас гаргаад “Буянт хайрхан” гэдэг компанид лицензийн талбайг олгосон байдаг юм билээ. Үүнээс хойш дамжиж явсаар байгаад хамгийн сүүлд “АГМ майнинг” гэж компани 2009 оноос эхлээд анхныхаа тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Одоо тус компани Торомхоны уурхайд алтны хоёр, зэс цайрын нэг гээд гурван тусгай зөвшөөрлийг одоогийн байдлаар эзэмшиж байгаа юм. 2018 оныг хүртэл Торомхоны компани нөөц нэмэгдүүлэх зорилгоор хайгуулын ажлыг хийж байна гэдэг байсан. Гэвч 2017 онд тухайн компанид бид өөрсдийн ажил үүргийн хэмжээнд хяналт шалгалтаар очиход олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн байсан. Мөн ТЭЗҮ дээрээ хуурай аргаар ашигт малтмалыг боловсруулна гэсэн байдаг. Гэтэл тухайн үед усан аргаар үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. Бид тэр үед үйл ажиллагааг нь зогсоогоод холбогдох байгууллагад шилжүүлсэн. Тухайн компанид эрүүгийн хэрэг үүсээд явж байх хугацаанд Торомхонын талбайн ТЭЗҮ-ийг нь өөрчлөн батлуулж усан аргаар үйл ажиллагаа явуулах болгож ажлаа эхлүүлсэн байдаг юм. Ингээд 2018 онд тухайн шороон ордыг олборлох эрх нь үүссэн байдаг. Түүнчлэн 2019 онд аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тэр жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Шалгалтаар тухайн компани ашиглалтын талбайгаа хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсныг газар дээр нь тогтоож, ашиглалтын талбайгаас хэтрүүлсэн бүх газрыг хэмжилт хийсэн. Үйл ажиллагааг нь зогсоосон. 2020 оны гуравдугаар сарын 5-ны үед бид мэргэжлийн байгууллагад хандаад илүү ашигласан талбайд хэмжилт хийгээд хохирлын үнэлгээ тооцуулаад явж байна. Үнэлгээний хариу ирэх баасан гарагт бараг гарах байх. Торомхоны алтны уурхай гурван жилийн ТЭЗҮ-тэй 70,1 кг алтны нөөцтэй орд. Одоогоор кг алт гаргасан талаар мэдээлэл алга.

Б.ОТГОНБАЯР: “АГМ МАЙНИНГ” ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ БҮРЭН БИЕЛҮҮЛДЭГГҮЙ

Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр:

-Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг 2018, 2019 онд байгуулж ажилласан байгаа. Ажлаа гэрээний хүрээнд бүрэн гүйцэд хийсэн гэж үзэх аргагүй. Жижиг арга хэмжээнд хамтарч ажилладгаас яг Гурвантэс сумын хэмжээнд Торомхоны компанийн хийсэн бүтээн байгуулалт гээд харчих юм байхгүй.  2019 онд гэхэд орон нутагт 100 сая төгрөгийн үнийн дүнтэй бүтээн байгуулалтын ажил хийх гэрээ  байгуулсан. Тэндээс найман оюутны төлбөр хийгдсэн байгаа. Дархан бэрийг алдаршуулах арга хэмжээнд 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнээс өөр ажил орон нутагтай хамтарч хийгээгүй. “АГМ майнинг” бас нутгийн иргэдэд сумын Засаг дарга хууль бусаар өвөлжөө олгосон захирамжийг цуцалж өг гээд шүүхэддэг. Маргаан нь үргэлжлээд явж байна. Сүүлийн үед иргэд “Ерөөсөө хууль зөрчөөд байгаа Торомхоны ордын үйл ажиллагааг таслан зогсооё” гэж хандах нь ихэссэн. Надад “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Алтан уулын орчим үйл ажиллагаа явуулж байгаа АГМ майнинг компанийн Торомхоны алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, лицензийг нь цуцлуулан, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж байгаа иргэдийн нэрс” гээд 530 хүний өргөдөл ирчихсэн байна. Орон нутгийн удирдлагын зүгээс иргэдээ дэмжиж ажиллана. Орон нутагтай хамтарч ажиллах гэрээгээ ч биелүүлж чадахгүй байгаа энэ уурхайтай цаашид хамтран ажиллах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Ямар ч байсан иргэдийн хүсэлтийг холбогдох бүх шатны байгууллагад хүргүүлэхээр бэлдээд байж байна.

Д.ЭНХБАТ: СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫН ЖАГСААЛТАД АЛТАН УУЛ БАГТСАН
 

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат:

-Алтан уулын бүсийг Говь гурван сайханы улсын тусгай хамгаалалттай газраас тухайн үедээ маш нууц байдлаар гаргасан байдаг. Тэр тогтоол нээлттэй хуулийн сайт, эмхэтгэлүүдээс хайгаад олддоггүй. Энэ хуйвалдааны хэлбэр шүү дээ. Ингээд тус газар байгалийн цогцолбор, байгалийн нөөц гээд хоёр улсын тусгай хамгаалалттай газрын дунд арал маягаар үлдэж ухуулж, төнхүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол Улсын тодорхой хуулиудыг зөрчсөн маш харгис хэрцгий үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үүний тодорхой жишээ бол Нүдэн булаг гээд анагаах чанартай рашаан булагийг байхгүй болгосон. Дээрээс нь Зост уулыг бас устгаж сөнөөсөн. “АГМ майнинг” компани тодорхой хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхдаа олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэдгийг нутгийн иргэд ч гэсэн ерөнхийдөө гадарлаж байгаа шүү дээ. Ийм дураараа авирладаг компани байна. ТЭЗҮ-д нь үнэмших юм бол гурван жилийн хугацаанд уурхайн үйл ажиллагаа явуулж 75 кг алт авахын тулд бүхэл бүтэн Алтан уулыг золих ийм үнэ цэн байж болох юм уу гэдгийг хүмүүс бодож үзэх байх. Нэг мэдээлэл өгөхөд 2020 онд Засгийн газрын 13 дугаар тогтоол гарч соёлын болон палентологи, археологийн өвийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ Соёлын дурсгалт газруудын жагсаалтыг баталсан байгаа. Тус тогтоол дээр Алтан уул бол палентологийн үндсэн нутаг гэж дурдагдсан байна. Энэ ч гэсэн тэнд олборлолт явуулж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох нэг үндэслэл болно гэдгийг холбогдох албан тушаалтан, шийдвэр гаргагч нар анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Н.МЭНДБАЯР: ИРГЭДИЙН САНАЛЫГ АВСАН ЭСЭХ ХАМААГҮЙ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛСОН
 

Гурвантэс сумын Гоёот багаас сонгогдсон Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч н.Мэндбаяр:

-Ер нь уул уурхай олж ирлээ гэхэд багийн Иргэдийн нийтийн хуралд танилцуулаад л боллоо гэсэн журмаар явдаг. Тэнд багийн иргэдээс санал авсан уу, үгүй юу гэдэг хамаагүй гэж ойлгоод байгаа. Ард иргэд тэгж л ойлгож байна. Малчид өнөөдөр хоёр нарны хооронд үнэхээр зав чөлөөгүй амьдарч, хөдөлмөрлөж байгаа. Гэтэл ард түмэнгүй төртэй болоод удлаа. Иргэд зөв чөлөөгүйн дээр үгээ хэлээд тоохгүй болохоор цөхөрч байна. Одоо хууль эрхзүйд өөрчлөлт ороод бас ондоо ухамсартай болж байх шиг байна. Гоёот баг ганц уурхайтай. Гэхдээ дарга нар нь багийн Иргэдийн нийтийн хуралд ирдэггүй. Бид олон удаа уулзах шаардлага тавьсан. “Тэр солонгос даргаа аваад ир” гэдэг зүгээр нэг төлөөний хүн л ирдэг.
 

Н.УРАНМАНДАХ: АЛТАН УУЛЫН НУТАГ АН АМЬТАНГҮЙ БОЛЛОО
 

Гурвантэс сумын Малчдын холбооны нарийн бичгийн дарга н.Уранмандах:

-Алтан уулын тэнд байгаа алтны компани манай Гурвантэс сумаас зайлах ёстой. Сум орон нутаг, малчдад төдийгүй тэндээ ажиллаж байгаа ажилчдад ч ээлгүй компани. Экологи байгалийн тэнцвэр алдагдлаа. Ус ургамал, ан амьтан байсан бүхэн устаж үгүй болж байгаа байхгүй юу. Би Алтан ууланд 1999-2005 оны хооронд нэлээд явж байлаа. Аргаль, янгир, ирвэс нь дүүлсэн сайхан газар байсан. Одоо аргаль байхгүй. Янгир байх нь байтугай замба гүрвэл ч үзэгдэхгүй. Тэр Алтан ууланд замба гүрвэл байдаг байсан юм. Нэг үгээр жигүүртэн, хэвлийгээр явагч, өвсөн тэжээлтэн, махан хоолтон бүх амьтад үгүй болсон. Энэ бол тэр компанийн ашигладаг техникийн айхтар дуу чимээ, замбараагүй усны хэрэглээнээс үүдсэн булаг шандын ширгэлтээс болж байгаа юм. Тэр Нүдэн булаг гээд сайхан нүдний рашаан алга боллоо. Мал хөрөнгө, ан амьтнаар баян байсан нутаг ядуурчихаад байна. Дээрээс нь агаарын бохирдолд орлоо, усгүй боллоо. Ийм учраас “АГМ майнинг” компанийн зөвшөөрлийг цуцлуулж байгальд учруулсан хохирлыг сэргээлгүүлнэ. Ямар нутаг ус байсан түүнийгээ буцааж авмаар байна. Гоёотын хэдэн малчид маань хаашаа нүүх вэ гээд л сууж байна шүү дээ. Тийм болохоор бид хөл хүрэх газар хүртлээ явна.


П.БОЛД-ЭРДЭНЭ: КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЁ ГЭСЭН САНАЛТАЙ БАЙНА
 

Гоёот багийн малчин П.Болд-Эрдэнэ:

-Би Торомхоны уурхайн кэмпээс арваад км зайтай өвөлждөг малчин хүн. Энэ уурхайг үүссэнээс нь хойш мэднэ. Миний малын бэлчээр уурхайн нөлөөллөөр нэлээд хохирсон. Дээрээс нь Торомхоны уурхайн орчмын булаг шанднаас ундаалдаг аргаль, янгир бусад зэрлэг амьтад үзэгдэхээ байсан. Жим, зам машин техникийн дуу чимээнээс болсон байх. Ийм байдлаар манай нутаг хохирлоо. Орон нутагт тэр компанийн оруулсан өгөөжийг бол би мэдэхгүй юм байна. Чухам улсад хэчнээн төгрөгийн татвар төлчихөж гэнэ, одоо орон нутагт төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэж сонсоогүй. Тийм болохоор энэ компанийн үйл ажиллагааг зогсооё гэсэн саналтай л явж байна даа.

Ц.СОДОО: ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХЫН ТУЛД МАЛЧДЫН ӨВӨЛЖӨӨГ АВАХААР ШҮҮХДЭЖ БАЙНА

Гоёот багийн малчин Ц.Содоо:

-Би Алтан ууланд хэдэн үеэрээ амьдарсан буурлуудынхаа залгамж халаа болж яваа малчин хүн байгаа юм аа. Торомхоны компани манай тэнд гурван ашиглалтын лиценз авсан. Үйл ажиллагаа явуулахын тулд тэндэхийн малчин айлуудыг өвөлжөө авсан гэдэг утгаар шүүхдээд байгаа. Хаврын ид төл малын ажлын цагаар шүүхээс дуудахаар нь ирлээ. Бид чинь сумаасаа 80 км хол байгаа улс. Гэтэл шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэж байна. Хэдэн ч удаа дуудах юм. Тэнд алтны төлөө шунасан хүмүүс л байгаа байхгүй юу. Малчдыг ойлгох юм алга байна. Лицензийг нь цуцалж, тусгай хамгаалалттай газар оруулж өгөөч гэж бид олон удаа хандаж байсан.


Т.ХҮҮБАЯР: ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АМЬДАРЧ БАЙСАН ӨВӨЛЖӨӨНӨӨС ХӨӨГДӨЖ БАЙНА

Гоёот багийн малчин Т.Хүүбаяр:

-Манайх “АГМ майнинг” компанийн Торомхон уурхайтай ойролцоо байдаг. Нүдэн булаг ширгэсэн. Машин зам угаасаа зэгсэн дундуур нь дээд талаар дээгүүр нь гараад явчихсан юм чинь тэгнэ шүү дээ. Манай өвөлжөөг авахаар шүүхэд хандсан зарлан ирэхээр нь ирчихээд байгаа. Хүрээд иртэл тодорхойгүй хугацаагаар хойшилчихсон байдалтай л байна. Энэ өвөлжөөн дээр манай аав, ээж амьдардаг байсан газар шүү дээ. Аав, ээж маань тэнд хаа байсан 1980-аад онд нэгдлийн тэмээ, малтай амьдардаг байлаа. Миний нэр дээр 2017 онд шилжсэн. Гэтэл манай ашиглалтын талбайд өвөлжөө давхцаж олгогдсон юм байх ёсгүй гээд хөөж байгаа юм билээ. Уурхай хайгуул, ус гээд ухаад булаад явдаг. 2017 онд манайх өвөлжөөндөө очиход цооног байсан юм. Тэр нь амаараа ус нь бургиж гарч ирээд хөлдчихсөн байдаг байлаа. Одоо ямар ч усгүй болчихсон байдалтай байна лээ. Мотоцикльтой тойроод бүх зургийг нь авсан байгаа. Улсын тусгай хамгаалалтад буцааж оруулах хүсэлтэй байна.


Х.МАНДАХБАЯР: ТОРОМХОНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫН ТУЛД БҮГДЭЭРЭЭ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ
 

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, “Экологийн цаг” нэвтрүүлгийн сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Бидний Гурвантэс суманд явуулсан Тост Тосонбумбын тэмцэл жишиг тэмцлийн үр дүнд 11 лиценз цуцлагдаж, Ноён уулын лиценз цуцлагдах үндсэн түшиц болсон. 10 гаруй жилийн турш иргэний нийгмийн байгууллага, иргэд мөн зөв зүйлийн төлөө тэмцэж явсан үе үеийн шударга улстөрчид олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн биелэл өнгөрсөн жил боллоо шүү дээ. Ямар ч байсан төрийн шударга ёсны алх цохьсон. Архангайн Цэнхэр чөлөөлөгдлөө. Отгонтэнгэр хайрханы бэлд байгаа лиценз чөлөөлөгдсөн. Энэ бол Гурвантэс сумынхныг зориг зүрх, идэвхээр олон жилийн тэмцлийн үр дүнд хийгдсэн ажил гэж бодож явдаг. Ээлжит тэмцэл гэж хэлж болох Торомхоны хууль бус үйл ажиллагааг зогсоохын тулд бүгдээрээ тэр, энэ гэлтгүй хамтарч ажиллах ёстой. Ямар нэгэн улстөржилтийн асуудал битгий байгаасай гэж бодож байгаа. Цаг үе нь ингэж таарч байна. Алтан уулын газар нутаг дахиж сэндийлүүлэхээс өмнө нэн яаралтай арга хэмжээ авхуулах тал дээр бид ажиллая. Та бүхэн нутаг орондоо ажиллаарай. Гол нь үүнийг хэвлэлээр гаргаж байгаа нь асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Асуудал тодорхой. Яг л ийм хууль бус үйл ажиллагаа байдаг. Тодорхой лоббигоор түрж явдаг эрх мэдэлтнүүд цаана нь гарч ирдэг. Тэгээд Торомхоныг хаах болохоор жинхэнэ эзэн нь гарч ирнэ. Солонгос компанийн хувьцаатай гэж байна, гэвч ямар нэгэн эрх мэдэлтэн байдаг. Тэр нь ил болдог. Нэг эзэн гарч ирэх байх гэж бодож байна. “Сауд гоби коэл транс”-ийг Б.Чойжилсүрэн минийх биш гээд яриад байсан. Яг хаах болоход хамгаалж телевизээр ярилцлага өгөөд гараад ирдэг биз дээ. Одоо “Страто” гэж компанийн 430 км нүүрс тээврийн шороон зам гурван аймгийн долоон сумаар дайраад явчихсан. Хамгийн өргөндөө 39 салаа шороон зам үүсгэсэн хууль бус үйлдлийн эзэд нь цухалзаад эхэлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд байгаа тролл хаягийг харахад цаад эзэд нь тодорч байгаа. Торомхоны асуудал дээр сумын удирдлагуудын хичээл зүтгэл, шуурхай ажиллагаа нэн чухал.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(66.181.161.41) 2020 оны 04 сарын 13

Шантааж Мандахбаярын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх шив. Хууль зөрчөөд байгаа юм бишүү бандиа

2  |  1
Хариуцлагагүй Уурхай(139.5.217.56) 2020 оны 04 сарын 13

Энэ Алтан-Уул хавьд өмнө нь хүн амьтан амьдардаггүй байсан. Анх Д.Бат-Эрдэнэ, дараа нь Мянганбаяр гээд шидэл тэгээд дамжсаар АГМ дээр ирсэн. Хайгуул, уул уурхай тал дээр асуудал байх нь байгаа. Гэхдээ тэр хавь ер нь говийг нинжа нар, тэр дундаа нутгийн нинжа нар хамгийн их сөнөөж байгаа нь гашуун болов чиг үнэн шүү. Одоо тэгээд УИХ-д гарах гээд байгаа юм уу энэ Х.Мандахбаяр гэж нөхөр оройлоод мөн их шоудаж байна. Малчин нинжа нар, ноотой, ноогүй уул уурхайн нөхдүүдийн мэдрэлээр наадаад л, олон түмэн гайхаж уурлаад л, тоглох шиг болж байна дөө.

1  |  3
Нутгийн нинжа харь(139.5.217.56) 2020 оны 04 сарын 13

Энэ Алтан-Уул хавьд өмнө нь хүн амьтан амьдардаггүй байсан. Анх Д.Бат-Эрдэнэ, дараа нь Мянганбаяр гээд шидэл тэгээд дамжсаар АГМ дээр ирсэн. Хайгуул, уул уурхай тал дээр асуудал байх нь байгаа. Гэхдээ тэр хавь ер нь говийг нинжа нар, тэр дундаа нутгийн нинжа нар хамгийн их сөнөөж байгаа нь гашуун болов чиг үнэн шүү. Одоо тэгээд УИХ-д гарах гээд байгаа юм уу энэ Х.Мандахбаяр гэж нөхөр оройлоод мөн их шоудаж байна. Малчин нинжа нар, ноотой, ноогүй уул уурхайн нөхдүүдийн мэдрэлээр наадаад л, олон түмэн гайхаж уурлаад л, тоглох шиг болж байна дөө.

1  |  2
Top