ГУРВАНТЭС: "АГМ Майнинг" лицензийн талбайгаа хэтрүүлж, малчдыг шүүхэд өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн багийнхан өнөөдөр (2020.04.09) Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж байна.

Гурвантэс сумын нутаг дэвсгэрт хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүд Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн чиглэлийн дагуу нөхөн сэргээлт хийхгүй байгаа юм. Аймаг, сумын ИТХ-аас ААН-үүдэд нөхөн сэргээлтээ хий гэсэн үүрэг даалгавар өгсөн ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй байна. Энэ асуудлаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяад хүртэл албан бичиг хүргүүлсэн ч одоог хүртэл нааштай шийдэгдээгүй хэвээр байгаа ажээ. 

Гурвантэс сумын Гоёот багийн нутагт алтны шороон ордны үйл ажиллагаа явуулдаг "АГМ Майнинг" ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгахад хэрэгжүүлсэн ажил гэх зүйл алга. Үйл ажиллагааг нь цуцалсан ААН-үүдээс "Баатарван транс", "Өмнийн говийн баялаг", "Сауд гоби коэл транс" гэсэн гурван компани нөхөн сэргээлтийг бүр огт хийгээгүй байх жишээтэй.  "АГМ Майнинг" гэхэд лицензийн талбайгаа хэтрүүлж, олборлолт хийсэн төдийгүй лицензийн талбайд байгаа малчдыг газраа чөлөөлөхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.


Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болон лиценз нь цуцлагдсан ч байгаль орчинд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн асуудлаар яг одоо "Экологийн цаг" нэвтрүүлгийн зүгээс иргэний нийгмийн төлөөллүүд, нутгийн иргэд, сумын удирдлагуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Гурвантэс суманд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг шууд хүлээн авч үзнэ үү!

ШУУД ҮЗЭХ
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top