"УНТСАН" үйлдвэрүүдийг сэргээх хэрэгтэй байна

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Өдгөөгөөс 60 жилийн өмнө бууриа засаж, өндөр үүдээ дэлгэсэн Дархан хотоо Дэндэвийн Пүрэвдорж агсны “Хамгийн сайхан хот” дуугаар магтан дуулж, бүтээн байгуулалт ид өрнөж байсан цэл залуу хотод үйлдвэрийн яндан дуугарч, өрх айлууд гал голомтоо бадрааж гээд социалист нийгмийн үеийн олон сайхан дурсамж хэлхэж болох байх.

Дархан хотыг бүтээн байгуулахад хүчин зүтгэсэн ЗХУ болон найрамдалт харилцаатай олон улс бий. Тэдний бидэнд барьж байгуулж өгсөн бүтээн байгуулалт, үйлдвэр гээд олон зүйл байгааг хэрхэвч мартаж болохгүй. Тухайлбал, хуучнаар ЗХУ Дулааны цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Кярамзитын үйлдвэр, Шарын голын үйлдвэрийг тус тус барьж байгуулж өгсөн бол Болгар улс Нэхий эдлэлийн үйлдвэр, Польш улс “Силикат” тоосго, шохойн үйлдвэр, Чех улс Цементийн үйлдвэр, Унгар улс Мах комбинатын үйлдвэр зэргийг барьж, эдийн засгийн эргэлтэд оруулсан түүхтэй.

Цэл залуухан хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн нэгэн томоохон хөшүүрэг болсон эдгээр үйлдвэрүүдээс хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарч, Монгол орон даяар нэр алдар нь цуурайтсан юм. Шарын голын уурхайгаас Дархан хотын ууган Хөдөлмөрийн баатар н.Цэрэндорж тэргүүтэй баатрууд, Х.Дамдин, М.Сономпил нарын АИХ-ын депутатаар сонгогдон дарханчуудаа төрд төлөөлж, ард олныхоо хүндлэлийг хүлээж байв.

Олон баатруудыг төрүүлж гаргасан Хүнсний үйлдвэр нь Монгол Улсын чихрийн 80 хувийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд тухайн үед “Минжийн хангай” зөөлөн чихэр тэргүүтэн амттан нь одоогийнхоор бол бренд бүтээгдэхүүн байв. Намар, намрын цагт тариа хураалтын үеэр Дархан, Сэлэнгийн тариан талбайгаас хураан авсан будаа, тариагаа Дарханы гурил, тэжээлийн үйлдвэрт тушаах гэсэн  машины урт цуваа багтаж ядан байдаг сан. Тэр үеийн хотын дарга С.Төмөрхуяг хотын дундуур тээврийн машины хөдөлгөөнийг  багасгахаар төмөр замын баруун талаар Гурил тэжээлийн үйлдвэртэй холбосон тосгоны авто замыг Хараа голын бэлээр тавиулж байсан юм.

Дархан хотын “Силикат” тоосго, шохойн үйлдвэрлэл жилд 33–35 сая тоосго, 22–24 мянган тонн шохой үйлдвэрлэдэг Монголын Бүх Ард түмний социалист уралдаанд удаа дараалан түрүүлж байсан нь тэдний ажил үйлс ямархан байсныг гэрчилнэ. Тус үйлдвэр нь 400 шахам ажилчинтай, энэ хамт олныг  Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутат Н.Цэдэнпил, Гавьяат барилгачин Ж.Шагдар, үйлдвэрийн олон удаагийн аварга, саятан тоосго үйлдвэрлэгч Д.Цэцгээ, Н.Бадамцэцэг нарын сайчуул хошуучилж, Гавьяат барилгачин А.Чүлтэм удирдаж байв. Манай хотынхон А.Чүлтэм даргаа “Социалист уралдааны эцэг” гэж хүндэтгэн нэрлэдэг байлаа. Дархан хотод Унгар улсын тусламжаар баригдсан Мах комбинат, баруун таван аймгийн малыг үйлдвэрийн аргаар боловсруулан өдөрт 8000 бог, 800 бод буюу 100 тонн мах бэлтгэн нядалж, тухайн үеийн ЗХУ, Унгар улсад мах, дотор эрхтнээ, өлөнгөө Голланд улсад экспортолж, 800–1500 хүний амьдралыг залгуулсан үйлдвэр байсныг дурдах учиртай. 1974 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор тухайн үеийн ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Л.И Береженев Дархан хотод жилдээ 170 мянган квадрат метр орон сууцны барилга, барилгын хийц, үйлдвэрлэх хүчин чадалтай Байшин үйлдвэрлэх комбинатыг бэлгэнд өгч, Орос, Монголын залуучууд “Найрамдал-Дружба”  уриан дор мөр зэрэгцэн ажиллаж байсан ч өмч хувьчлалаар  шинэ эздийн гарт орж, Байшин үйлдвэрлэх комбинатаас үйлдвэрлэн гаргасан Үндэсний агуулгатай орон сууцны барилга шинэ хорооллоор солигджээ.

Социализмын үед Дархан хотод бүх үйлдвэрүүд ажиллаж, ажилгүй хүмүүс гэж байдаггүй, амьдрал буцалж байсан. Гэтэл 1990-ээд оны ардчилсан хувьсгал гарч, сайн цаг ирлээ хэмээн монголчууд бид хөөрцгөөн урьдах нийгмээ муучлан, зах зээлийн нийгэмд орсон нэрийдлээр бүх үйлдвэрүүдээ хааж, хувьчлал нэрийн дор улаан цэнхэр тасалбараар шинэ эздийн гарт орсон юм. Тэр цагаас хойш 30 жил өнгөрөхөд үйлдвэр уурхайн яндангийн дуу зогсож, олон түмэн ажилгүй болж, амьдрахын эрхээр ганзагын наймаанд мордож байсан бараан түүх ч бий.   

Гэвч дарханчууд бид нэг л өдөр цоожтой хаалга нээгдэн, бид эргээд ажилдаа орж, аварга том машинуудынхаа дууг сонсох болно хэмээн хүлээсээр 30-аад жил өнгөрлөө. Энэ хугацаанд үйлдвэрээ эргэж ажиллуулахын оронд бүхэл бүтэн машин техникээ өмнөд хөрш рүү хаягдал төмөр гэгчид ачуулж, хэдэн зоосоор зөвхөн өөрсдийгөө аргацаасан. Тухайн үед  манай хотоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдийн хэн нь ч мөхөлд орсон, эзэнгүй үйлдвэр, ажилгүй болж, амьдрал нь сүйрсэн ард иргэдээ ажилтай болгож, ядуурлаас гаргахыг бодсонгүй. Зөвхөн сонгогдохын тулд сайхан амлаж, гурил будаагаар хуурч, шоудаж архидуулснаас хэтэрсэнгүй.

Дарханчууд бидний сэтгэл зүрх тухайн үеийн социалист зургаан орны техник, эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрүүдээ хулгайлан луйвардах ажил зохион байгуулан, аж ахуй хөтлөх чадваргүй хоосон толгой хулгайч нарт өгснийг Монголын төр засаг яах ёстой вэ. Тэдэнд арга хэмжээ авч, үйлдвэрлэл үйлчилгээ жинхэнэ эздэдээ очно гэдэгт итгэсэн хүлээсээр байна. Гэтэл эрхтэн дархтнууд өмч хувьчлалын алдааг засахын оронд алгын чинээ цаасаар /лиценз/  газар нутаг, эрдэс баялгаа худалдаж, газрын хэвлийн түүхий эдээ уул уулаар нураан урд хөрш рүү ачуулж, цөөн тооны баячууд төрөн гарч ирсэн. Өмч хувьчлалын бузар үйлдлээр үйлдвэрүүдийг зогсоож сөнөөсөн. Манай улс социалист нийгэм байгуулахдаа улсын болон хамтын нөхөрлөлийн орнуудын техник, эдийн засгийн хүч хөрөнгөөр бий болгосон үйлдвэрүүдээ улам сайн үр ашигтай ажиллуулах гэж хувьчилж, шинэ эздэд өгсөн болохоос биш үрэн таран хий гэж өгөөгүй л баймаар. Дархан хотод хувьчлалын дагуу олон үйлдвэр зогсож, ажилгүйдэл нэмэгдсэн талаар 2019 оны Дарханы удирдлага өрх бүрийн гэр бүлийн амьдралыг сайжруулах зорилт дэвшүүлсэн боловч энэ талаар зогссон үйлдвэрүүдийг ажилд оруулах сэргээх талаар юу ч хийсэнгүй хувьчлагдсан үйлдвэрүүдийг ажилд оруулах талаарх иргэний асуултад Дархан-Уул аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан гэгч “Бид хувийн өмчид хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж дээрх асуудалд хариу өгөхдөө дурдаж байх юм. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн район гэж нэрлэгдэх үйлдвэрүүдээс Дарханы Дулаан Цахилгаан Станц, Дархан-Минж ХХК бүрэн ажиллаж, Нэхий эдлэлийн үйлдвэр хагас дутуу ажиллаж байна. Үйлдвэрийн районд зогсолт хийсэн үйлдвэрүүдийг жагсаавал олон бий. Тухайлбал, “Силикат” тоосго шохойн, “Кярамзит”-ын, “Эрдэсхүүн эдлэхүүн”-ий,        “Байшин үйлдвэрлэл”-ийн, Барилгын машин механизмийн дундын авто бааз, “Цемент”-ийн, “Барилга үйлдвэрлэлийн бааз”, Төмөрлөгийн үйлдвэрүүд зогсож, олон мянган ажилчид ажилгүйдлын эгнээнд шилжсэн байдаг. Нийгэм, олон түмний захиалгаар Дархан хотод унтсан үйлдвэрүүдийг сэргээхэд УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гарган, хуульчилж, хувьчилсан үйлдвэрүүдийг төр засаг мэдэлдээ авах цаг нь болсон. Үүгээр дамжин хохирсон ажилчин анги, олон түмнийг ядуурлаас гаргах арга хэмжээг авах нь тулгамдсан асуудал болжээ.

Дархан-Уул аймгийн иргэн Д.Өлзийтогтох

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о-(43.242.243.65) 2020 оны 04 сарын 10

зөв зөвхөн үнэнийг бичиж.хувьчлал бол хуульчилсан дээрэм тонуул байсан

1  |  0
Top