ТОЙМ: Монголын уран ба их гүрнүүдийн сонирхол

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Уран гэж чухам юу вэ. Хүн төрөлхтөн уранаас яагаад айдаг вэ. Болгоомжлох шалтгаан яг юунд байна вэ. Цацраг идэвхт бодисын шинжлэх ухааны тайлбараас харъя. Атом нь тогтвортой бус, өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодисыг уран хэмээн шинжлэх ухаанчид тайлбарлажээ. Харин цацраг идэвхт бодисоос гурван төрлийн цацраг цацарч байдаг учраас ийм нэр авсан хэрэг. “Экологийн цаг”-аар уран хэмээх цацраг идэвхт бодисын талаар танин мэдэхүйн болоод түүхэнд бичигдсэн гашуун сургамж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, дүгнэлтээс тоймлон хүргэе.

БАРИМТ 1

Ийнхүү цацардаг гурван төрлийн цацрагийг альфа, бетта, гамма гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу. α-цацрагийг бичгийн цаасаар л хааж болно. Харин гамма цацраг нь ямарваа зүйлийг нэвтрэх чадвар өндөр. Гэхдээ аль ч цацрагийн хувьд хүний биеийг нэвтлэх явцдаа эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ-ийн молекулуудын хоорондын тусгай холбоосыг тасалснаар хүний эсийг гэмтээдэг юм байна. Үүнээс α-цацраг байгальд байх уранаас ялгарах бөгөөд төдийлөн хоргүй гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ хамгийн аюултай цацраг нь. Альфа цацрагт хүүхэд илүү өртөмтгий байдаг бөгөөд энэ туяанд өртөж гэмтсэн эс нь хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр элдэв гаж хөгжилтэй хүүхдүүд төрдөг. Гэхдээ ихэнх нь амьдрах чадваргүй тул мэндлэхээсээ өмнө зулбаж үрэгддэг юм байна.

БАРИМТ 2

Ураны уурхай нь газар дор байх бөгөөд ил хэсгийн аргууд нь их, бага хэмжээгээр хог хаягдал байнга гаргадаг. Өнгөн хэсгийн ухаж зайлуулсан шороо хүдрийн бага агууламжтай хэсэг ураны баяжмал багатай хад чулуу, хог бусад завсрын түвшний хүдэр угаасан ус, ууршсан, шавхай гээд тоочиж болно. Эдгээр нь ради, уран, торийн радио нуклидуудыг агуулдаг юм байна. Байгалийн ураныг цөмийн түлш болгох боловсруулалтын шат бүрт хаягдал гарна. Ураны уурхайгаас гарсан хаягдал уул овоо мэт шороо болж үлддэг бөгөөд агаарт цацагдаж буй альфа цацраг ялгаруулах ураны уурхайн тоос тооцоолж баршгүй, төсөөллөөс их аюултай зүйл. Судалгаанаас харахад, ураны уурхайгаас жилд 20 тонн баяжуулсан уран олборлоход 150 тонн хаягдал шороон овоо бий болдог гээд бод доо. Дэлхий дээр уран тийм ч ховор элемент биш. Гэхдээ аюулыг, аймшигтай хор хөнөөлийг нь судлаад тогтоочихсон дэлхийн хөгжингүй орнууд өөрсдийн хөрсөнд байгаа ураныг олборлохоос эрс татгалздаг. Тэгвэл хэрэгцээг нь хангах талбар хаана байна вэ? Сул дорой, мэдлэг мэдээлэл муутай, ядуу буурай орнууд тэдний золиос болж байна. Золиосын тоонд Африкын орнууд болон Монгол бичигдэж байгаа нь харамсалтай.

БАРИМТ 3

Судлаачид Монголд Атомын цахилгаан станц ашигтай, эсэхийг судалж тогтоожээ. Судалгаагаар ашиггүй, тэр тусмаа ус хангалттай байхгүй, хүрэлцэхгүй гэж тогтоосон байна. Учир нь атомын цахилгаан станцад ураны түлшийг идэвхжүүлэхэд цөмийн урвалаас үүдэлтэй маш жижиг тэсрэлтүүд болох бөгөөд Цельсийн 1000 градус, түүнээс дээш хэмжээний дулаан ялгардаг байна. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар тусгай аргаар хөргөж, халуун хүйтний огцом даралтаас үүсэх усны уураар генераторын дамрыг эргүүлж, эргэлтээс нь эрчим хүч гарган авдаг юм байна. Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулна. Атомын цахилгаан станцаас гарах энэ их халууныг зөвхөн голын, эсвэл газрын гүний усаар хөргөдөг. Монгол орны хувьд эрс тэс, хуурай уур амьсгалтай. Тэрчлэн усны нөөц хомс, уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Хатаж ширгэсэн, бохирдсон гол горхи, нуур цөөрмийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.  Чухам ийм нөхцөлд АЦС бол монголчуудын хувь д зүгээр л сүйрэл, мөхөл юм.

БАРИМТ 4

2011 оны гуравдугаар сарын 11. Энэ өдөр Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болох үеэр Фукушима атомын цахилгаан станц цунамигийн давалгаанд автжээ. Үүний дараа эрчим хүч тасран, реакторын цөмийг хөргөх боломжгүй болсны улмаас цөм аажмаар хайлж, дэлбэрэлт үүссэн гашуун түүх бичигдсэн. Техник технологийн өндөр түвшинд баригдсан, компьютерын бүрэн хяналттай, ямар ч аюулгүй, эдийн засгийн ач холбогдолтой хэмээн тодотгож, үнэлж, баталгаа өгч байсан станц ийнхүү дэлбэрсэн. Мэдээж Фукушима АЦС япончуудад эдийн засгийн хувьд ашгаа өгсөн, ашигтай ч байсан нь тодорхой. Гэхдээ станцаар олсон ашиг нь эргүүлээд хохирлоо барагдуулах, эрүүл мэндээ дэнслэх барьцаа болж чадсангүй.

Фукушима АЦС-ын толгой компани болох Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ТЕПКО 2020 он хүртэл цацраг идэвхт бодис алдагдсан хэвээр байна гэж мэдэгджээ. Мөн Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ойр орчимд үүссэн цацраг идэвхт бодисын бохирдлыг цэвэрлэж, бүс нутгийг нөхөн сэргээх, эрчим хүчний шинэ станц байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж дуусгахад дахин 40 гаруй жил шаардлагатай гэж шинжээчид тооцоолж байлаа.

Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус бүс нутгаас 160 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх тоо бий. Эдгээр оршин суугчдын олонх нь цацраг идэвхт бодисын бохирдол өндөр хэвээр байгаа тул гэртээ буцах боломжгүй байсаар байна. Атомын цахилгаан станцын уршиг японы гадаад худалдаанд ч одоо саад болсон хэвээр. Дэлхийн худалдааны байгууллага Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод тавьсан БНСУ-ын хоригийг хэвээр үлдээх шийдвэрээ өнгөрсөн жил дахин зарлалаа. Фукушима болон зэргэлдээх долоон мужаас далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хориглосон шийдвэр одоо ч хэвээр байна.

БАРИМТ 5 

Эдийн засагчдын тооцоолсноор Атомын цахилгаан станц эдийн засгийн асар их ашигтай гэдэг ташаа ойлголт гэдгийг тогтоожээ. МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн “Цөмийн реактор суурь судалгаа”-ны тайланд дурдсанаар: “Даралтат усан хөргөлттэй 600 МВт чадал бүхий 2 реактортой АЦС-ын нийт хөрөнгө оруулалт 1.2-1.8 тэрбум ам.доллар бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний өөрийн өртөг нь нүүрсний станцын гаргасан эрчим хүчний өөрийн өртгөөс 1.2 дахин бага байна. АЦС нь хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсны дараах 7.6 жилд нөхөн төлөх чадвартай” гэжээ. Тайлбарлавал, нүүрсний дулааны цахилгаан станцад 120 төгрөгөөр үйлдвэрлэх цахилгааныг АЦС-д 100 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Ялгаа нь 120 төгрөг тутамд ердөө 20 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс гадна хог хаягдлыг хадгалахад барьснаасаа дутахааргүй их хэмжээний зардал гарна. АНУ-ын эрчим хүчний хэрэглээнд хийсэн судалгаанаас харвал 1кВ цагийн үнэ нь нүүрс шатаах цахилгаан станц болон атомын цахилгаан станц хоёр яг тэнцүү буюу $0.04 цент байдаг болохыг тогтоожээ.

БАРИМТ 6 

Цөмийн хорт хаягдал яагаад аюултай вэ. Уран байгаль дээр түүхийгээр, огт хөндөгдөөгүй байхдаа төдийлөн хор хөнөөлтэй биш. Харин ураныг олборлох үед агаарт цацагдсан тоосонцор, үлдсэн хаягдал шороо, баяжуулж боловсруулах бүх шатанд их хэмжээний хорт хаягдал гардаг байна. Үүнээс атомын цахилгаан станцад ашигласны дараа үлдэх хаягдал нь хүн төрөлхтөнд хамгийн аюултай гэж үздэг. Өнөөдөр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд хаягдлаа булшлах газар олох гэж толгойгоо гашилгаж сууна. АНУ-ын Засгийн газар гэхэд л 2011 оны хоёрдугаар сард Невада мужийна Юкка ууланд 10-аад тэрбум доллар зарцуулан, хадан уулыг 300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьжээ. Гэвч энэ ажлаа зогсоож, бусад улс оронд хаягдлаа хаяхаар хөөцөлдөх болсон байна.

Яагаад??? Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэдэг юм байна. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн радионуклидээс тогтдог бөгөөд хүний биед хадгалагдах хагас задралын хугацаа нь 10 жилээс хэдэн 10 жил болдгийг эрдэмтэд тогтоожээ. Олон төрлийн радионуклидууд дундаас хамгийн бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд ойролцоогоор 24000 жил болсны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10 хүртэл жил хадгалагддaг нь эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр тусмаа хүний элэг, төмсөг, өндгөвч, яс, чөмгөнд хадгалагдаж, хорт хавдар үүсгэж, удамшилд нь нөлөөлөх хүчтэй хор юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийг 3000 жилийн өмнөөс Египтийн эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзэхэд хамгийн бага хугацаанд задарч дуусах цацраг идэвхт бодис нь түүнээс найм дахин урт буюу 24000 жилийн хугацаанд хортой туяа ялгаруулна гэсэн үг. Гэтэл өнөөдөр ийм удаан хугацаанд аюулт цацраг ялгаруулдаг энэ цөмийн хаягдал гэгчийг саармагжуулах шийдлийг олсон ганц ч улс орон дэлхийд алга.

БАРИМТ 7  

Уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд асар том бетон агуулахад хийн орхиж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар газарт булшилсан урааны хаягдлаас цацраг ялгарсан гэж тогтоогдоогүй. Учир нь цацраг ялгарч байгаа, эсэхийг тогтоох ямар нэгэн арга хэрэгсэл дэлхийд алга. Тийм бололцоог цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч ямар ч улс орон олгохгүй байгаа. Тэгсэн атлаа булшилсан ураны шаар ямар нэгэн хохирол учруулахгүй гэдэгт аль нь ч ямар нэгэн баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Баталгаа гаргах ч боломжгүй. Дэлбэрэхгүй баталгаа өгсөн атомын цахилгаан станц дэлбэрч байгаа нь хүн төрөлхтөн ахадсан тоглоомоор тоглож буй хэрэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Газрын гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгүй гэх ямар ч баталгаа алга. Магадгүй ийм зүйл болж цацраг идэвхт бодист газрын гүний усны судлуудад нэвчих, магадгүй өөр бусад хүн төрөлхтний тооцоолоогүй замаар хөрсөн дээр гарч ирвэл яах вэ. Цацраг идэвхт бодисыг тээвэрлэх явцад бас л туяа ялгарч хордуулах болно. Магадгүй бүүр тээвэрлэх явцад алдагдвал яах вэ. Улаанбаатараар төмөр замаар өнгөрөх үед террорист халдлага болохгүй гэх баталгаа бий бил үү. Цөмийн хаягдлыг дотор нь бага, дунд, өндөр төвшний хаягдал гэж ялгадаг бөгөөд дунд өндөр түвшний хаягдал нь маш аюултай хортой юм байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ашиглаад гардаг маш бага түвшний хаягдлыг АЦС-аас гарч буй өндөр түвшний их хэмжээний хаягдалтай харьцуулах нь утгагүй. Цөмийн хаягдлын ялгаруулах цацраг нь их байх тусам хордуулах хэмжээ нь их байна. Ийм учраас цөмийн энергийг ашигладаг улс орнууд энэхүү хог хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, маш их мөнгө төлөн бусад ядуу буурай улс оронд хаяхыг эрмэлздэг шалтгаан энэ. 

БАРИМТ 8

Ураныг газар дор уусгаж олборлох аргыг хэрэглэснээр газрын гадаргуу бохирддоггүй сайн талтай боловч гүний усыг хортой хүнд металлаар бохирдуулдаг. АНУ-д энэ аргыг хэрэглэж олборлолт явуулсан уул уурхайн компаниуд олон жилийн туршид хэчнээн янзаар оролдоод ч гүний усыг урьд өмнөх шигээ болтол цэвэршүүлж чадаагүй түүх бий. Казахстан ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбай, цөмийн хаягдлын агуулах болж, цацрагийн хор хөнөөлийг амссан улс. Гэвч өнөөдөр ч ураны уурхай улам бүр өргөжиж байгаад төрийн өмчит “Каз атом пром” компанийн эрх мэдэлтнүүд санаа зовохгүй сууна. Бүр эсрэгээрээ, ураны уурхай байгалийн жамаар яваандаа өөрөө цэвэршчихдэг хэмээн ярьж суугаа нь эмгэнэл юм.

Казахстаны ураны уурхайнууд нь хүн ам сийрэг цөл нутагт, хүн амьдардаггүй зэлүүд газар байрладаг тул яг ойрын үед тулчихсан аюул занал хараахан алга. Гэвч Америк уранаар баялаг Баруун өмнөд нутагтаа уран олборлосон гашуун туршлагаас үзэхэд усны нөөцийг ашиглах аргагүй болтол бохирдуулах нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэдгийг нотлох хангалттай баримт судалгаа гарчээ. Ураныг газар дор уусгах олборлолтын улмаас бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг судалдаг  байгаль орчны судлаач Брайан Рэйнш:

“Казахстан улс одоо ид хөгжиж байна, харин байгаль орчин нэгэнт бохирдвол хэдэн мянган жилдээ сэргэхгүй, ирээдүйд ард иргэд хаана амьдрахыг тааж хэлэх аргагүй. Уран олборлосон газар нутaг байгалийн жамаар сэргэж, цэвэршихийг хүлээвэл тухайн уурхайн онцлогоос шалтгаалаад хэдэн арав, тэр бүү хэл хэдэн мянган жил шаардагдана” хэмээн доктор Рэйнш анхааруулсан байна.

БАРИМТ 9

Дэлхийн олон улсад газрын гүн рүү хүчил шахаж уусгах арга буюу ИСЛ аргаар олборлосны дараа ураны хүдэртэй усархаг давхаргад үлддэг химийн хорт уусмалыг аюулгүй болгох арга хэмжээ авдаг журамтай юм байна. Учир нь тус уусмал дахь хүнцэл, кадмийн хэмжээ ундны усны стандартаас даруй хэдэн мянга дахин хэтэрсэн байдаг. Иймд ингэж цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Австралийн Монаш их сургуулийн профессор, байгаль орчны инженер Гэвин Мадд судалгаандаа онцолжээ. Хүнцэл гэгч химийн хорт бодис нь ургамал ногоонд хүртэл шингэдэг тул бохирдсон усаар тариа ногоогоо услах боломжгүй.

Цаг хугацаа өнгөрөхөд уран олборлолтын дараа газрын гүнд үлдсэн химийн хорт бодистой ус олборлолтын талбайгаас аажмаар хальж, хөндлөн судлаар тархдаг. Зарим жилд нэмж ердөө ганц метр тархдаг бохир ус зугуухан хэдий ч зогсолтггүй нэвчсээр байдаг. Ураныг уусгаж олборлох технологийг ашиглахдаа ураны хүдрийн судал нь дээд болон доод хоёр талаасаа шавран давхаргаар хавчигддаг юм байна. Тэдгээр нь бохир усыг босоо шугамаар цэвэр усны давхарга руу нэвчихэд саад болно гэж олборлогчид тооцдог гэжээ. Гэвч бодит байдал дээр шавар давхаргын нимгэн зузаан нь жигд бус байдаг төдийгүй уран олборлолтын явцад ашигладаг хүчилд шавар давхарга нь уусахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэд онцолсон байна. Цаашилбал, уран олборлохын тулд ураны хүдэртэй уст давхаргыг яг л зүү хатгадаг дэр шиг энд тэндээс нь хамаагүй өрөмддөг. Судалгаанаас харахад, ураны хүдрийг газрын дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмддөг бөгөөд дараа нь тэр цооногуудаа зүгээр л таглаад орхичихдог. Ингэснээр газар дор үлдсэн химийн бодис цаг хугацааны явцад хэрхэн тархахыг тооцоолж, төсөөлөх боломжгүй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Гэтэл Монголд ийм цооногууд хэдэн зуугаараа байж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bagi(64.53.234.130) 2020 оны 04 сарын 11

hyamd erchim huch gedeg ni unen mash ih horyoi ur dagavartai ni bas unen hayagdal ni olon myangan jil hortoi baisaar baina tegeed yahuu gejuu ard tumen shiideh heregtei barih esehiig ard tumnii sanal asuulgaar shiideh heregtei bi bol ugui gedeg songolt hiine!

0  |  0
kkk(66.181.190.225) 2020 оны 04 сарын 11

Монголд атомын цахилгаан станц хэрэгтэй шүү дээ. Цахилгааны үнэ хямдарна. Үйлдвэрлэлийн зардал буурна. Хамгийн хямд цахилгаан

0  |  0
Zochin(67.163.39.32) 2020 оны 04 сарын 11

Кино хийдэг эх оронд сэтгэлтэй хумуус минээ.Уугээр бас Монголын эх орноо гэх сэтгэлгуй авильгачид,гадаадын зальт этгээдууд,Аревагийн талаар Паразит шиг кино хийгээрэй.

0  |  0
Zochin(67.163.39.32) 2020 оны 04 сарын 11

Кино хийдэг эх оронд сэтгэлтэй хумуус минээ.Уугээр бас Монголын эх орноо гэх сэтгэлгуй авильгачид,гадаадын зальт этгээдууд,Аревагийн талаар Паразит шиг кино хийгээрэй.

0  |  0
Zochin (202.126.89.114) 2020 оны 04 сарын 10

Mongol uranaar yana iran irak shig l bolno biz

0  |  0
Zochin(66.181.190.221) 2020 оны 04 сарын 10

Европ америкийнхан өмнөд америк африкийн орнуудын газрын баялагыг гарын үсэг зуруулж тархи угааж авдаг. Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодогыг мэдсэн ч эко уурхай гэх зүйл гэрээн дээр нь байдаггүй. Америк индианчуудыг гарын үсэг зуруулж индианчуудад хортой алчуур өгч газрын баялагын нь авч байсан түүхтэй тэр түүх одоо ч давтагдаж байна. 9 сарын 11 нд болсон ихэр хоёр цамхагыг америкчууд ойрх дорнодын газрын баялагт шунаж зохион байгуулалттайгаар лалынхныг турхирч цөөн хүмүүсээ ойрх дорнод руу илгээж дайны золиос болгож алтын нь авсан

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 09

Bid bvgediig ni zogsooj nuhun tulbur hohirliig arilguulahaar temtseh heregtei .Mongol uls tsumiin davtsan boloh jiosgvi herees heterj bna .Holbogdoh turiihuniig hatuu shiitegeh heregtei zaaval .\n

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 09

Bid bvgediig ni zogsooj nuhun tulbur hohirliig arilguulahaar temtseh heregtei .Mongol uls tsumiin davtsan boloh jiosgvi herees heterj bna .Holbogdoh turiihuniig hatuu shiitegeh heregtei zaaval .\n

0  |  0
Бат(202.9.46.246) 2020 оны 04 сарын 09

Ядуу зүдүү байх яахав цацаргийн хордлогогүй л амьдрахсан Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо

0  |  0
Happy teen hunter (66.181.168.131) 2020 оны 04 сарын 09

Wow

0  |  0
Top