Ц.Цэцэгдэлгэрэх: Нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т тавдугаар сарын 17-19-ний хооронд мэдүүлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэхээр боллоо. Энэ нь манай улсад гарсан цоо шинэ зохицуулалт бөгөөд тухайн хүн гишүүн болсны дараа хөрөнгө орлого нь хэрхэн өсөж, буурч байгааг хянах томоохон хяналт юм. Энэ талаар АТГ-ын  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.


-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх шинэ зохицуулалттай болсон. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчид өмнөх зохицуулалтаар сонгуулийн хороо, тойргийн хороонд мэдүүлгээ цаасаар өгдөг байсан. Харин сонгогдсон тохиолдолд энэ мэдүүлэг АТГ-т ирж хадгалагддаг байсан. Сая оны өмнөхөн Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүнд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх зохицуулалт орсон. Тиймээс нэр дэвшигчдийн орлогын мэдүүлгийг цахим системээр бүртгэн, хүлээж авах чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллаж байна.

АТГ-ын даргын баталсан маягтын хүрээнд нэр дэвшигч нь хуулийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороондоо бүртгүүлнэ. Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрхээ цахим системээр дамжуулан өгнө.

-Нэр дэвшигчдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авах бэлтгэл ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Нэр дэвшигч зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх үүрэгтэй. АТГ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталж өгсөн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна. Хуулийн өөрчлөлтөд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргаж өгдөг байсан бол одоо зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ гаргаж өгнө.

-Нэр дэвшигчид хэзээнээс ХОМ-ээ гаргаж өгөх вэ. Цаг хугацааны хувьд?

-УИХ-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 17-19-ны хооронд АТГ-ын цахим системд мэдүүлнэ. Тавдугаар сарын 19-нөөр дуусгавар болж, систем хаагдана. Тэгэхээр энэ хугацаанд багтаж мэдүүлнэ. Харин өмнөх онд буюу 2019 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн албан тушаалтнууд давхар мэдүүлэх шаардлагагүй. Цахим системээс татаж аваад, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажиллагаа явагдана.

Дараагийн нэг хэрэгжүүлэх ажил бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуумэдүүлгийг АТГ-ын мэдээллийн санд байршуулна. Өмнө нь бол цаасаар аваад АТГ-т хадгалдаг байсан. Одоо бүх нэр дэвшигчдийн хөрөнгө орлого олон нийтэд ил болж байгаа юм.

-Нэр дэвшигчид анх удаа хөрөнгө, орлогоо мэдүүлэх болж байна. Нэр дэвшигч хэрэв хөрөнгөө худал мэдүүлбэл ямар хариуцлага хүлээх вэ?

-Мэдээж анх удаа мэдүүлэг гаргаж байгаа дэвшигч байгаа. Энэ тохиолдолд эдгээр нэр дэвшигчдэд зориулсан ерөнхий заавар, зөвлөмжийг өгөхөөр ажиллаж байна. Мөн дээрээс нь нам эвслүүдэд мэдээлэл хүргүүлж ажиллана. Нэр дэвшигч зөвхөн өөрийнхөө биш гэр бүлийн хүмүүсийнхээ хөрөнгө орлогыг мөн мэдүүлнэ. Ингэж мэдүүлэхдээ тухайн хөрөнгөнийхөө эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлана. Бүх шатны нэр дэвшигчдийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, нарийвчлан заасан хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулна.

-ХОМ-ыг үнэн эсвэл худал мэдүүлсэн үү гэдгийг тогтооход цаг хугацааны хувьд яаж таарч байна вэ?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны сонгуулийн жилд аливаа хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж заасан. Мөн дээрээс нь АТГ-ын даргын баталсан маягт болон Авлигын эсрэг хуулийн дагуу хяналт шалгалтын журамд нийцүүлж, хуулийн хүрээндээ хянана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.44) 2020 оны 04 сарын 08

Hudlaa meduulsen bol yamar hariutslaga khuleelgeh ym be

0  |  0
Top