Л.Жавхлан: Асуудлын шалтгааныг эхлээд өөрөөсөө хайвал шийдэхэд амар болдог

2020 оны 04 сарын 07

Нийгэм даяараа бухимдалтай, хүмүүс амьдралдаа сэтгэл дундуур, бие биедээ шүүмжлэлтэй, сөрөг талаас нь ярих хандлагатай байна гэдэг нь хүн бүр стресстэй байгаагийн шинж. Тиймээс нийгмийн эд эс болсон хувь хүний сэтгэл зүйг эхлээд эмчилж, эерэг бодлыг түгээж байж хамт олон, нийгэм даяараа эерэг хандлагатай болно. Стресс гэдэг чухам юу юм, яагаад үүсдэг, түүнийг хэрхэн даван туулах талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлантай ярилцсан юм.


-Хүмүүс би стресстэй байна гээд л хөмсөг их зангидах юм. Стресс нь гэдэг нь онолын хувьд ямар тодотголтой үг юм?

Гаднын нөлөөгөөр биологи, нийгэм, сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмж үүсгэж буй хүчдэлийг стресс гэнэ. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж буй бүх мэдээллийг таатай болон таагүй гэж хоёр ангилдаг. Таатай байдлыг эустресс гэх бөгөөд догдлох, хөөрөх, инээх, баярлах, сэтгэл ханах зэрэг сэтгэлийн эерэг хөдлөлүүд илэрдэг бол таагүй байдлыг дистресс буюу уурлах, бухимдах, түгших, сандрах, зовних зэрэг сэтгэлийн таагүй хөдлөлөөр илэрдэг. Эустресс нь хүний амьдралд урам зориг, эрч хүч хайрладаг бол дистресс нь амьдралд гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрүүлж тэр нь улмаар хүндэрч депресст ч орох аюултай байдаг. Хүмүүс бэрхшээлээс үргэлж суралцдаг. “Үр жимс нь хэдий хүнд ч мөчир нь түүнийг даахдаа л даана, үйл лай нь хэдий их ч хүн түүнийг давахдаа л давна” гэдэг ардын мэргэн үг байдаг даа. Тиймээс танд мэдрэгдсэн сөрөг стресс бүхэн таныг суралцах чадвар суулгаж байдаг.

-Тэгвэл стресс нь ямар, ямар байдлаар илрэх вэ?

-Бид баярлахаараа үсэрч харайгаад, тас тас инээгээд, хүнд хэлмээр санагдаад, доороо тогтохгүй байж яддаг биз дээ. Тэгэхээр эустрессээ бид гадагшаа гаргаад байна аа даа. Эерэг стрессээ гаргачихаад сөрөг стрессээ биедээ бариад байдаг. Баярлаад инээсэн ч булчин чангарна, уурлаад хашхирсан ч булчин чангарна. Эерэг, сөрөг аль ч сэтгэл хөдлөлийн үед хүний булчин чангардаг. Тэгэхээр таны дотоод хүчдэл ямар байгаагаас хамаараад биеийн гадаад дүр төрх тийм л байдлаар илэрнэ. Танин мэдэхүйн хувьд хүн хэт их баярлах, юм уу уурласан үедээ зөв шийдвэр гаргадаггүй. Тиймээс нийгэмд сөрөг уур амьсгал үзүүлэхүйц  байдалд хүргэдэг. Мөн төрхүүлийн илрэл гэдэг нь зан төрхийн илрэл юм. Стресст орох бүрийдээ гадагшаа ууртай авир гаргаад л байвал дадал зуршил болно гэсэн үг.  Та бодоод үз дээ, таны эргэн тойронд тайван зантай хүн чинь нэг л тогтворгүй дүрсхийсэн ууртай болсон байхыг анзаарч байсан уу? Эерэг ч бай сөрөг ч бай стрессээ зөв гадагшлуулахгүй бол энэ нь бие болоод зан чанарт нь тогтчихдог. Нийгмийн илрэл нь нийгэмдээ дасан зохицох байдал бөгөөд дээрх шинжүүдээс үүссэн нөхцөл байдал нийгэмдээ сөрөг байдал үүсгээд байдаг.

-Бид сөрөг стрессийг өөр­төө бариад үлдчихдэг болохоор өөрийгөө зовоогоод байгаад байдаг байх нь. Тэгвэл стрессийг хэрхэн зөв зохистой тайлах вэ?

-Бид таван мэдрэхүйгээрээ таатай болон таагүй бүхий л зүйлсийг мэдэрч байдаг боло­хоор стресс тайлах аргуудыг ч таатайгаар хүртэх боломжтой, цэцгийн үнэрт тайвшрах, байгалийн сайханд аялах, дуртай дуугаа сонсох, уран зураг үзэх, ном унших, амттай хоол идэх, найзуудтайгаа уулзах, хэн нэгэнтэй хуваалцах зэргээр мэдрэмжээ нээж асуудлыг шийдэх, өөрийн хийх дуртай зүйлсээ хийх хэрэгтэй. Ер нь аливаа эмх цэгцтэй байдал тайвшралыг өгч байдаг болохоор гэрээ цэвэрлэх, ажлын ширээгээ эмхлэх зэрэг чинь хүртэл стресс тайлах арга шүү дээ. Хүмүүс уурлахаараа ер бусын хүч ороод нэг мэдэхэд гэрээ цэвэрлэчихсэн, хашааныхаа зэрлэгийг зулгаачихсан, хувцсаа угаачихсан, модоо хагалчихсан л байдаг шүү дээ. Нэгэнт булчингаа ачаалж стрессээ тайлж байгаа юм чинь эрүүл мэнд, гоо үзэмждээ ашигтайгаар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, бүжиглэх, фитнест явах, усан сэлэх, ууланд алхах, гүйх, йог, бясгалгал хийх гээд олон аргууд байна. Ер нь аливаа стрессийг шийдэж байж л арилдаг.

-Томчууд бид ямар нэг байдлаар стрессээ тайлчихаад л байдаг юм байна. Гэтэл хүүхдүүд бас их стресст өртдөг болжээ?

-Хүүхдүүд байнгын үсэрч харайх, тоглох, инээх, уйлах зэргээр стрессээ тайлчихдаг. Гэтэл яг бухимдсан үедээ мэдрэмжээ нээж аав, ээждээ хандахаар эцэг эхчүүд тоодоггүй, номчирхох, загнах, тээршаасан байдалтай хандах зэргээр ойлгохгүй өнгөрчихдөгг. Энэ нь хуримтлагдсаар хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл үүсгэдэг. Тийм учраас хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж бай. Буруу, зөв нь хамаагүй хүүхдүүдээ сайн яриулж бай. Хүүхдүүд өсвөр насанд шилжихээрээ улам дотогшоо нуугдмал, ганцаардмал болдог. Ялангуяа тэр үед маш сайн ярилцаж, хүүхдэдээ итгэл, урам өгч байхгүй бол өөртөө итгэлгүй, зоримог бус, айдаст автамхай, амархан бухимдамтгай нэгэн болж төлөвшвөл тэр хүнээс ямар ч амжилт гарахгүй.

-Тэгэхээр өөрийгөө дутуу үнэлэх нь хүртэл стрессийн шалтгаан байх нь ээ?

-Энэ бол өөрийгөө үнэлэх үнэлэмжээс шалтгаалдаг. Хүний сэтгэлийн хатаас хамаараад аливаа бэрхшээлийг даван туулах нь чадвар тодорхойлогддог. Тиймээс бид өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Бид ихэнхдээ өөрийгөө хэт дээгүүр, эсвэл доогуур үнэлэх гээд байдаг талтай. Бодит үнэлэмжийг өөртөө тогтоож өөртөө хэр итгэлтэй байх тусам тухайн зүйлийг хийж чадах магадлал төдий чинээ өндөр байдаг. Өөрийгөө хэтрүүлэн биш юм аа гэхэд багаар бүү үнэл. Та байхгүй бол юу ч байхгүй гэдгээ өөртөө өдөр бүр хэлж өөртөө анхаарал тавьж,  өөрийгөө хайрлаж, өөрийгөө амраах хэрэгтэй.

-СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникт хэвтэхээр иргэд зуу зуугаараа дугаарлан эмчлүүл­дэг. Ихэнх хувь нь ямар шалтгаантай үйлчлүүлэгчид ирдэг вэ?

-Янз бүр. Зарим нь нойр­гүйдсэн, амархан уцаарлах, эмзэглэх, дуу шуугианд дургүй болох, халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх, сэтгэл дундуур байх, бэлгийн дур хүсэл буурах, булчин хөндүүрлэх, толгой эргэх, толгой өвдөх, анхаарал сарних, юм тогтоох чадваргүй болох зэргээр архаг ядаргаанд орсон, сэтгэл гутралд орсон, депресст өртсөн хүмүүс их ирдэг. Манайд 22-35 насныхан нэлээн хэвтэж эмчлүүлдэг. Настай хүмүүс харьцангуй цөөрсөн. Хэвтэн эмчлүүлж буй 30 хүний 65-70 хувь нь залуус байна. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэлээс шалтгаалсан оноштой хүмүүс ирдэг. Манай эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээ тогтмол хийдэг бөгөөд сэгсрэх бясалгал, муу муухай бодлоо таягдан хаях, хөдөлгөөнт бясалгал, унтуулах эмчилгээ, сэтгэл зүйн сургалтууд орох, эмийн болон физик эмчилгээ давхар хийдэг. Дээрх бүхий л аргаас гадна манай эмнэлэгт хийгддэг эмчилгээний аргуудыг мэдэж авсан хүн тархиндаа стрессийг эмх цэгцтэй хүлээж аваад асуудлыг амархан шийдэх чадварыг эзэмшдэг. Хүн ер нь аливаа зүйлийг тогтмол хийгээд байвал дадал болдог. Түүн шиг эерэг бодол, эерэг дадлыг өөртөө тогтоон бариад сурчихвал үргэлж чин сэтгэлээсээ инээмсэглээд, гэрэл цацруулаад яваад байна. Тийм хүнд амьдрал аз жаргалтай, амархан санагддаг. Инээсэн царайг цохиж болдоггүй гэдэг үг байдаг биз дээ. Хүн чам руу хэчнээн бухимдан уурлаж, хашхичиж байсан ч инээгээд өнгөрнө гэдэг бол ялагдал биш харин ч ялалт байхгүй юу.

-Сөрөг бодлоос өөрийгөө ангижруулахын тулд өөрөөсөө л эхлэх хэрэгтэй юм байна?

-Тийм. Дэлхий бидний төлөө эргэдэггүй болохоор зарим зүйлд дасан зохицож, уян хатан хандаж сур. Сөрөг бодлоосоо ангижрах арга нь тухайн зүйлийн үр дүнг тооцоолох л байдаг. Яг одоо цаг дээр биш цаг хугацааны хувьд алслалтай, нөхцөл байдлын хувьд далайцтай хүрээнд бодоод үзвэл байдал огт өөр харагддаг. Сөрөг бодол үүсэх шалтгааныг олж шийдэх, дүн шинжилгээ хийхэд гарц заавал олддог. Амьдралын хэмнэлээ зөв зохицуулах нь стресст өртөх­гүй байх боломжтой. Өчигдрийн нойрыг өнөөдөр авах боломжгүйтэй адил тухайн цаг үедээ л хүн тогтсон цагт зөв хэмнэлд ажиллаад тогтмол цагт амраад сурвал стресс, ядаргаанд орохгүй. “Би” гэдэг баялаг байж байж л миний хайртай хүмүүс, дуртай ажил минь тав тухтай, аз жаргалтай, амжилт бүтээлтэй байна гэж өөртөө бодоод өдөрт дор хаяж нэг цагийг өөртөө зориулах хэрэгтэй. Өөрийгөө хайж олох, дуртай юмаа хийх, өөртөө тушаал өгөх, өөрийгөө ялан дийлэх, өөрөөсөө асуудлыг хайх, өөрийгөө ятгах, өөрийгөө тайвшруулах зэргээр өөртөө менеж­мент хийж сур. Ингэснээр бухим­дал, хоцрогдол, шүүмжлэл, алдаг­далд орох нь багасна шүү дээ.

-Өөртөө менежмент хийж эерэг бодлыг бий бол­гож чадсанаар цаашлаад байгуул­лагатаа ч менежментээ нэвт­рүүлж хамт олноороо, цааш­лаад нийгмээрээ эерэг уур амьс­галыг бүрдүүлж чадах нь ээ?

-Хамт олны эерэг уур амьсгал бол амжилтын гол түлхүүр. Ажил дээр нь үргэлж уурлаж бухимдсан, хөдөлмөрийг нь үл үнэлсэн, шүүмжилсэн, үл ойлголцсон байдалтай байвал  хүн үргэлж стресстэнэ. Байгууллагууд хамт олноороо сүүлийн үед тренд болоод байгаа “Хака” гэдэг аргыг хэрэглэж стрессээ тайлах, бие биедээ урам зориг өгөх, идэвхжүүлэлт хийдэг болсон. Энэ арга нь Шинэ Зеландын арал дээр эрт дээр үеэс өнөөг хүртэл аж төрж ирсэн маори омгийнхноос гаралтай бөгөөд маоричууд ан авд мордох, дайн тулаанд оролцохын өмнө өөрсдийн шүтээн нарнаас аз хийморь, амжилтыг гуйсан дуут бүжиг хийдэг байжээ. Үүнийг хамгийн түрүүнд регбичид тусган авч, өрсөлдөх багийнхаа тоглогчид руу сэтгэлзүйн дайралт хийхэд ашигласаар ирсэн бол  орчин үед спортын олон төрөл хөгжих тусам “Хака” хийгсэд олширч байна. Улмаар албан байгууллагууд энэ аргыг байгууллагынхаа онцлогт тохируулан, уриа үг зохион, биеийн хэлэмжээрээ илэрхийлж, нэгэн зэрэг хөдөлгөөн хийж, нэгэн зэрэг уриа үгээ хэлж сүр хүчийг үзүүлэн, өөрсдийгөө зоригжуулж, эрч хүчээ бадраадаг болсон. Байгууллагуудаар сургалт явуулж байхад энэ аргыг хэрэгжүүлсэн хэд хэдэн газартай таарч байсан шүү. Эцэст нь хэлэхэд стрессгүй нийгэм гэж хаа ч байхгүй болохоор бэрхшээл гэдэг биднийг аливаа зүйлд сургадаг “багш” юм шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top