“Нарантуул” захад амны хаалт 600-1000 төгрөг болж хямдарчээ

2020 оны 04 сарын 07

Нэгэн цагт магнаг болж 4500 төгрөг хүртэл үнээр зарагдаж байсан амны хаалтын үнэ буурчээ. “Нарантуул” зах дээр нэг удаагийн амны хаалт 600-1000 төгрөг, даавуун амны хаалт 1000 төгрөг, гар ариутгагч гель 75-330 мл хүртэл савлагаанаасаа хамаараад 2500-5900 төгрөгийн хооронд үнэтэй байлаа. Хаврын салхитай хүйтэн өдөр болоод ч тэр үү зарим лангуу өм цөм хоосорчээ. Учрыг асуухад “Хятадаас ачаа тээврээр бараагаа захиалж авч болж байгаа. Хүйтэн өдөр болохоор зарим түрээслэгч өөрсдийгөө амраачихгүй юу. Үүнээс биш бараагүй болсон юм байхгүй” гэдгийг гэр ахуйн бараа зардаг худалдагч эгч хэлж байна. Ялангуяа захын урд жигүүр дэх гэр ахуйн болон бөс барааны лангууны тоо илт цөөрсөн байлаа. Гар ариутгагч, халдваргүйжүүлэгч бодисууд гэр ахуйн барааны лангуугаар өрөөстэй байгаа болов уу хэмээн итгэж найдтал тийм дүр зураг харагдсангүй. “Баялаг ундраа” худалдааны төвийн урдхантай гар дээрээс худалдаа эрхлэгчид мэр сэр зогсжээ.

Заримдаа захын хамгаалагчдад хөөгдөж, туугдан “Скай” их дэлгүүр, “И-март” худалдааны төвүүд гээд л амны хаалтыг аль болох хүн их авах газруудаар худалдаалсаар ирсэн туршлагатай хүн гэж өөрийгөө танилцуулсан Н.Нямгэрэл эгчтэй танилцлаа. Тэрбээр “Эгч нь нялх хүүхдүүдтэй. Амны хаалтаа өдөржин зарж тав гурван төгрөгийн ашиг унагаад ашгаараа материал авч, шөнө нь оёод өглөө арай хүн ихтэйгээр нь зах дээр ирж зардаг. Зүйл бүрийн өнгө, хийц загвартай даавуун амны хаалт 1000 төгрөг, нэг удаагийн цэнхэр амны хаалт 1000 төгрөг” гэдгийг хэллээ.

Үнэхээр л даавуун амны хаалтыг зүйл бүрээр нь оёдог болжээ. Өнгө, загвар нь бусдаасаа ялгарч гэмээн өрсөж зарах боломжтой гэнэ. Үгүй бол 14 хоногийн өмнөөс амны хаалт авах хүмүүс эрс цөөрчээ. Нэг удаагийн амны хаалт нэг боодолдоо 10 ширхэгтэй бөгөөд хатуу гялгар уутанд багцлан хийжээ. Уутны дээр жижиг цагаан цаасан дээр улаан өнгөөр “Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс” хэмээгээд хар өнгөөр сануулгыг бичжээ. Тус сануулгад “Амны хаалтыг зөв зүүх, тайлах, хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүрт солих, зүүсэн амны хаалтын гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх, амны хаалт сольсны дараа заавал гараа савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-ээс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх, цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй. Тус, тусад нь хадгална” гээд л анхааруулга, санамжийг нарийн тооцоотойгоор хөрвүүлжээ. Гэсэн хэдий ч яг санамжийн дагуу амны хаалтаа зүүж байгаа хүмүүс ховорхон. Энэ талаар Н.Нямгэрэл эгч “Зах өглөө хүнгүй шахуу л байгаа учраас үд болж байхад ирдэг. Цагаан сарын өмнө болон дараа хүмүүс нэлээд эрчимтэй амны хаалт зүүсэн. Хоёр цаг болоод л солино гээд тав, 10-аар нь авчихдаг байсан. Одоо болохоор хайнга байдалтай, амны хаалтаас төвөгшөөж байна. Автобусан дотор хүртэл амны хаалтгүй хүмүүс явж л байна. Нэг хэсэг фэйсбүүкээр гадаадууд амны хаалтаа зүүхгүй, халдварыг тоохгүй байхад монголчууд халдвараас сайн сэргийллээ гээд яриад байсан. Одоо эсрэгээрээ монголчууд амны хаалт зүүх нь багасч, гаднынхан харин сайн зүүж байна. Үнэ буусан. Өмнө нь яг энэ амны хаалтууд 1500-2000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо наймаа муудсан. Хүн авахгүй байна. Нэг удаагийн амны хаалтыг урдаас авч, даавуунаа өөрсдөө оёж байгаа учраас үнэ гайгүй” гэж халаглан ярив.

“Баялаг ундраа” худалдааны төв дотор ороход даавуун уутнуудыг 2500-9000 төгрөгөөр зардаг, бас бус хуурай, нойтон салфетка, ширхгийн бохь зэрэг хэд гурван бараатай хүмүүс амны хаалт шаглан зарж байгаа бололтой. Халдвараас сэргийлэх ахуйн бараа, бүтээгдэхүүн юу л байна бүгдийг нь нэгэн лангууны захад маш эмх цэгцтэйгээр өрж тавьсан настай эгчтэй таарлаа. Нас сүүдэр 70 шүргэж яваа эмээ “Нарантуул” захын хойд жигүүрийн бөөний худалдааны кантнеруудаас амны хаалт, гар ариутгагч тэргүүтнээ бөөнөдөж аваад зардаг гэж нуулгүй хэлэх нь сайхан.

“Амны хаалт нэг давхар шүүлтүүртэй нь 1000, гурван давхар шүүлтүүртэй нь 1200. Үйлдвэрийнх шүү. Гар ариутгагч гель 2500, 5000, 8000, 10 мянган төгрөгийн үнэтэй. Жижиг гялгар уутанд савласан жавелион 1000, савтай хлорамин 2000 төгрөгийн үнэтэй байна. Алийг нь авах вэ” хэмээн эмээ царайчлангуй асууна.

Эмээтэй ярилцсаны дараа их хэмжээгээр бөөнөдөж авах боломжтой захын хамгийн хямд лангуунуудын байрлалыг сурлаа. Амны хаалт ширхэглэн зардаг Х.Гантуяа “Өнөөдөр нэг удаагийн амны хаалтаас 30 ширхэг, даавуун амны хаалтаас 50 ширхэг зарлаа. Нэг удаагийнх нь гурван боодол байсан учраас дууссан. Их хэмжээгээр авна гэвэл амны хаалт хийдэг үйлдвэртэй нь холбоод өгч болно. 800 төгрөгөөр гарах байх, тэр үнээр нь эгчээсээ авч болно шүү” гэж хэлээд утасны дугаараа өглөө.

 

ИРГЭД ҮНЭ БОЛОН САВЛАГААГ НЬ ХАРЖ ГАР АРИУТГАГЧ ГЕЛИЙГ СОНГОДОГ

 

Захын хойшоо яваад гэр ахуйн бараа бүтээгдэхүүний бөөний цэгүүд дээр ирэхэд бас л 50 орчим насны худалдагч эгч ийнхүү хэлэв. “Ийм цаг үед дотооддоо халдваргүйжүүлэх юмнуудаа хийгээд байгаа нь яамай даа. Үгүй бол хүндхэн нөхцөлд орохоор байна шүү. Хятадаас шууд бус олон дамжлагатай ирж байна гээд 520 төгрөгөөр бөөнддөг байсан хүмүүсийн хамгийн их авдаг “анита” саван гэхэд 650 төгрөг болж, үнэ нэмэгдсэн. Саван, угаалгын нунтгийн үнээ дийлэхээ байлаа. “Монос”-д бүтээгдэхүүн нь байгаа боловч савны хүрэлцээ муу гээд таван литрийн усны саванд хийсэн ариутгалын спирт 28 мянган төгрөг, 330 мл-ын савлагаатай нь 3600 төгрөгөөр зарж байна. Энэ 3600 төгрөгийн ариутгалын спиртийг энгийн бөглөөтэй саванд хийсэн. Тиймээс бусдаасаа илүү хямд байгаа. Хүмүүс хэрэглэхэд хялбар, авсаарханаа бодоод савыг харж авдаг. Жишээлбэл, “Ариун” үйлдвэрийн 236 мг-тай гар ариутгагч гель гэхэд 5900 төгрөгийн үнэтэй. Худалдан авалт муу байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд зайлшгүй хэрэглээ ихтэй учраас ариутгагч бүтээгдэхүүнээ худалдаж авч байна. Гэхдээ хувьдаа авч байгаа иргэд юуг, яаж хэрэглэхээ сайн мэдэхгүй ирдэг. Дотооддоо хийж байгаа бүх ариутгах бүтээгдэхүүн нь хэрэглэх заавартайгаа байгаа. Үүнийгээ цааш үргэлжлүүлээд гаднаас бүтээгдэхүүн авахгүй, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн сайн хөгжөөсэй. Жишээ нь гэхэд шингэн савангаа Монголдоо хийчихвэл цэцэрлэг, сургууль ороход маш олон хүн худалдаж авдаг. Одоо ихэвчлэн СӨХ-үүд гар ариутгагч, хлорамин зэргийг авч байна. Ямар сайндаа худалдагч нар тоглоомоор “Таны гар ариутгагч яах вэ. Хүмүүс амны хаалттай учраас уруулын будаг гүйхгүй байна” гэж хэлж байх уу дээ. Ядаж байхад сая хөл хорионы үеэр зургаан хоног захыг амраасан. Гэвч энэ бүрэн зогссон хоногуудын түрээсээ бид төлдгөөрөө төлсөн. Захаас өнгөрсөн гуравдугаар сарын түрээсээс 30 хувь хөнгөлсөн. Гэхдээ түрээсээс хөнгөлөх, амрах нь нийлээд дүндээ дүн боллоо” гэж бөөний худалдааны цэгийн худалдагч эгч хэлсэн юм.

Бөөний худалдааны цэгүүд дээр жижиг савтай хлорамин 1500, 1.5 кг савлагаатай жавелион 15 мянга, даавуун болон нэг удаагийн амны хаалт 600-800, 50 хос буюу 100 ширхэг резинэн бээлий 8500 төгрөгийн үнэтэй байлаа. Гар ариутгагч гель, ариутгалын спиртын хувьд ихэвчлэн дотоодын үйлдвэрийнх байгаа нь сайшаалтай.

Гэхдээ урд хөршөөс оруулж ирсэн жижиг савлагаатай ариутгагч гель 3500 төгрөгөөр мэр сэр худалдаалагдаж байсан юм. “Нарантуул” захаас гараад “Монос”-ын эмийн сангийн бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Сансарт байрлах “Монос”-ын эмийн сангийн салбарт гар ариутгагч “Санитас” гель 6500, 5500, 4500 төгрөг, нэг удаагийн болон даавуун амны хаалт 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн нэг удаагийн боловч угаадаг амны хаалт гээд адил үнэтэй шинэ загварын амны хаалт гарсан гэнэ. Хэрэглэгч өөрөө саваа авчраад 250 мл гар ариутгагч гелийг 5000, литрийг нь 20 мянган төгрөгөөр авах боломжтой гэдгийг худалдагч хэллээ.

 

ЗАРИМ ЭМИЙН САНГУУД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭ ИЛ БАЙРШУУЛААГҮЙ БАЙСАН

Сурвалжилганы төгсгөлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэдэх хэрэглэгчийн мэдээллийн “1284” төвд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал ирж байгаа эсэх болон гуравдугаар сарын сүүлээр эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар тодрууллаа. Улсын ахлах байцаагч н.Баттуул “Энэ жил хэрэглэгчийн гомдол, мэдээллийг хүлээж авах ярианы төлбөргүй 115 утсыг ашиглалтад оруулсан. Энэ утсаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль гэсэн хуулиудын хүрээнд гарсан гомдлыг хүлээж авна. 115 утасны тухай зурагт хуудас зах, худалдааны төв, харилцаа холбооны компаниуд, сүлжээ дэлгүүрүүдээр байршсан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар “1284” хэрэглэгчийн мэдээллийн төвд 1625 иргэнээс гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс худалдаа үйлчилгээний салбарт 699, цахилгаан дулааны салбарт 59, СӨХ-ийн асуудлаар 68, конторын асуудлаар 66, харилцаа холбооны салбарт 82, эрүүл мэндийн асуудлаар 150 иргэд, хэрэглэгчээс гомдол, мэдээллийг ирүүлжээ. Нийт гомдол, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Гомдол, мэдээлэл өссөн шалтгаан гэвэл шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас онцгой байдал зарлаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, амны хаалтын үнэ өссөн. Нөөцийн махны худалдаатай холбоотойгоор дуудлага, мэдээллийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Энэ шалгалтын үеэр зарим эмийн сангууд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээллийг ил тод байршуулаагүй, хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хангаагүй зөрчлүүд илэрсэн. Иргэд бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа он сарыг нь харах, гаднах шинж байдлыг ажиглах, хөгц, мөөгөнцөр үүссэн, хонхойж, товоосон бол анхаарах, шаардлагатай гэвэл гарал үүслийн бичиг, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт бичгийг шаардан үзэх эрхтэй. Бараа, бүтээгдэхүүн худалдан авсан баримтаа багадаа долоо хоног хадгалж байгаарай. Хаяг шошгод хүнсний түүхий эд бүтээгдэхүүний нэр, хаяг, хэмжээ, цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл гэсэн зүйлүүдийг нягталж шалгах шаардлагатай” хэмээн зөвлөлөө. Манай улс нэг удаагийн зориулалттай амны хаалт, халаад, малгай, гутлын өмсгөл зэргийг дотооддоо үйлдвэрлэдэг боловч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг байна. Тиймээс олон дахин хэрэглэх зориулалттай даавуун амны хаалтын үндэсний стандартыг батлаад удаагүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zailaa(98.253.30.34) 2020 оны 04 сарын 07

Za odoo mask avah gej bna gej boon bujignaan uusgej bvr ovchin taraah n dee. Goe surtchilgaa bna Saihansambuu muu shunaliin tulam minee.

1  |  0
Zochin(202.9.47.17) 2020 оны 04 сарын 07

Яадаг билээ,энэ асуудлыг хяналтандаа авахгүй бол цэвэр ариун эсэх нь эргэлзээтэй бол эргээд өвчин тхраах голомт болох вий

1  |  0
Top