Л.Мөнхтүшиг: Тэмцээнд оролцохоор Индонезид саатсан хүүхдүүдийг авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 16:00 цагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин Хэвлэлийн хуралд оролцож, Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, холбогдох албаныхны мэдээллийг сонсов. 

Япон улсаас монгол иргэдээ авчирч буй Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан. 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 зорчигч эх орондоо ирлээ.  Тэдний 30 гаруй нь өндөр настан. Эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэн байна. Жирэмсэн гурван иргэн бий. Мөн 10 гаруй бага насны хүүхдүүд байгаа. Иргэдээс нарийвчилсан үзлэг хийгээд сэжигтэй тохиолдол гарвал ХӨСҮТ рүү тусгай автомашинаар хүргэнэ. Бусад иргэдийг тусгаарлах байр руу хүргэх автобус бэлтгэсэн. Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдана” гэлээ.

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас Монгол Улсын 6000 гаруй иргэн нутаг буцах хүсэлт илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байр, санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаантай хүмүүс байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй удсан гурван хүүхэд Монголдоо ирсэн. Японы Шизүока хотод паралимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь ханган, бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй" гэлээ. 

Top