Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

2020 оны 04 сарын 03

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хүчирхийллийн гэмт хэрэг, хохирогчдын талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэргэжлийн ёс зүй, хүнлэг ёсонд нийцсэн хэм хэмжээг мөрдлөг болгох асуудлаар хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр /2020.04.03/ байгууллаа.

Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газар дахь хүн амын нягтаршил, ажилгүйдэл, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ихсэх хандлагатай байгаа ба 18 хүртэлх насны хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна.

Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол улсын ирээдүй болсон балчир үрс минь НАСАН ТУРШИЙН ХОХИРОГЧ болсоор байгаа.

Тиймээс хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор МСНЭ, ХХЭҮХ хамтран " ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН"-ийг улс орон даяар өрнүүлэхээр боллоо. Энэхүү зорилгын хүрээнд тус байгууллагууд хүүхэд хүчирхийлсэн мэдээ мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар түгээх явцдаа хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, ажилтнууд хохирогч-хүүхдийн эрхийг дээдлэх, мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэхийг уриалан хамтран ажиллах юм.

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТОО БАРИМТ:

2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 481 гарч, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон  байна.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан бөгөөд 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан зургаан хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Төр засгийн зүгээс  хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчин сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зарим нэг үр дүн гарч байгаа хэдий ч гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн тайлан, дүн шинжилгээ газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ УЛС орон, орчныг бүрдүүлэх, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг ажлууд  төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь Монгол иргэн бүрийн, эцэг эх бүрийн санааг зовоосоор байна.

  1. Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог төрийн зүгээс бүрэн хангаагүй, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, хохирогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх  цогц бодлого, нэг цэгийн болон түр хамгаалах байрны санхүүжилт, орон тооны бүтэц, хохирогчид үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний тариф гэх мэт хохирогчийн эрхийг хангах нэгдсэн бодлого учир дутагдалтайгаас үүдэлтэй гэж үзэж байна..
  2. Хүүхдийг хүчирхийлэх үйлдэл нь улам бүр харгис болж, хэргийн гаралт, давтамжийн тоо ойртсоор байгаа нь МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ санаа зовнидог, эцэг эхийн үүргээ ухамсарладаг 10.000 гаруй иргэд, 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд 21 аймаг, 9 дүүргээс нэгдэж ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ улс орон даяар өрнүүлэх ЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛИЙГ  бүрдүүлээд байна.

ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:

 

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд-хохирогч болон энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхэн дараах удирдамжийг мөрдөнө үү.

-  Насанд хүрээгүй хохирогч бол хүрэнгүүт хагардаг савангийн хөөс шиг эмзэг гэдгийг ямагт санах.

-  Хохирогчийн сэтгэл зүй, нэр төр, алдар хүнд, ар гэрт нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг мэдээлэхгүй байх. Үүнд:

1. Хохирогчийн овог нэр

2. Онцгой шинж төрх

3. Гэрийн болон тухайн газрын байршил, тодорхой хаяг

4. Хувийн амьдрал (сургууль, найз нөхөд бусад холбоотой мэдээлэл)

5. Эцэг эх болон гэр бүлтэй нь холбоотой, шууд хамаарах мэдээллийг аль болох нууцлах

  - Болсон үйл явдал, хохирогчийн биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргийг мэдээлэхээс татгалзах. Ийм төрлийн мэдээлэл нь нийгэмд хохирогчийн буруутгах сэдэл төрүүлдэг.

-Нэг хохирогчийг нөгөө хохирогчтой жишиж огт болохгүй. Гарч буй кейс бүр онцгой тул шинээр харах хэрэгтэй.

-Хохирогчид тохиолдсон явдал, хувийн амьдрал, зан хандлагыг нь өөрийнхөө амьдралаар, ертөнцийг үзэх үзлээр шүүж болохгүй. Энэ бол хохирогчийг насан туршийн хохирогч болгодог хамгийн буруу хандлагын нэг. Хохирогчийн оронд өөрийгөө болон ойр дотныхоо хэн нэгнийг орлуулж бодож үзнэ үү. Хэрэв миний дүү, эгч, хүүхэд байсан бол бидний хувийн мэдээллийг ингээд олонд дэлгэвэл бидэнд ямар санагдах вэ гэж өөрөөсөө асуугаарай.

 - Хохирогчоос болон ар гэрийнхнээс нь мэдээлэл авахаас татгалзах. Бие болоод сэтгэл зүйн маш өндөр стресстэй байдаг, мөн сэтгүүлчтэй анх удаа харилцаж байгаа тул буруу зөрүү ярих, болгоомжгүй үг хэллэг ашиглах гэх мэт эргээд өөрөө өөрийгөө хүнд байдалд оруулах тохиолдол элбэг байдаг учир шаардлагатай тохиолдолд зөвхөн хохирогчийн өмгөөлөгчтэй харилцана уу.

- Хохирогчийн ар гэртэй харилцахаас зайлсхийх. Зайлшгүй тохиолдолд ар гэрийнхний өгсөн мэдээлэлд мэргэжлийн хүнээр дүгнэлт хийлгэх. Учир нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь ураг төрлийн холбоотой хүний хохирогч болсон байдаг бөгөөд цусан төрлийн энэ хамаарал нь хүүхдийн эцэг, эх, хууль ѐсны асран хамгаалагчид эрх ашгийн зөрчил үүсгэдэг.

-  Хохирогчтой ярилцах тохиолдолд болсон явдлын талаар бус харин хэрхэн хүнд үеэ даван туулсан, хэн тусалсан, цаашид ямар үйлчилгээ шаардлагатай байгааг асуух нь бусад хохирогчид үнэ цэнтэй мэдээлэл болохоос гадна нийгэмд ч эерэг хандлага бий болгодог.

-  Одоогийн хуулийн тогтолцоо хохирогчийг зөвхөн гэмт хэрэгтнийг яллахад ашиглахад үйлчилдэг бөгөөд хохирогчийг нөхөн сэргээх, эргээд нийгмийн харилцаанд оруулах, хөгжлийн үйлчилгээг үзүүлж, санхүүгийн аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй байна. Тиймээс Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг шаардах,

 -Судалгаагаар хүүхдийн эрх гэр бүлийн̆ орчинд хамгийн их зөрчигдөж байна. Иймд үүнээс сэргийлэх үүднээс эцэг эхийн үүрэг оролцооны асуудлыг хөндөх, цаашлаад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг асуудлыг тусгуулах талаар нийтлэл нэвтрүүлэг, контентоо бэлтгэх,

- Гэр бүлийн орчноос гадна боловсролын байгууллага, эмнэлэг, цахим орчинд хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс багш, эмч, сургуулийн нийгмийн ажилтныг хүүхэд хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалах, үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд хохирсон бол Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ анхааруулж, сэрэмжлүүлэх,

- Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар үүрэг хүлээсэн хамтарсан багууд хэчнээн хүүхдийн эрх зөрчигдөж, хохирогч болохоос сэргийлсэн талаарх ажлын тайланг нь цаг ямагт асууж, шалгаах, мэдээлэх,

- Хүүхэд, түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилтөд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, контентыг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд нийтлэхээс татгалзах. Цахим орчноос хүүхдийг хамгаалах үүрэгтэй хууль ѐсны асран хамгаалагч, багш, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, цагдаа, харилцаа холбооны зохицуулах хорооноос үүргээ биелүүлэхийг тогтмол шаардах, Медиа компаниуд хүүхдэд зориулсан тусгай үйлчилгээний багцтай байх ѐстой гэсэн хуулийн зохицуулалт байдгийг сана,

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим контент үйлдвэрлэгчид хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах тухай асуудлыг улс төржүүлэхээс, олон нийтийн сөрөг хандлагын бай болгохоос сэргийлэх,

Мэргэжлийн ёс зүйн дүрмээ баримтлах,

Мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулах.

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.87) 2020 оны 04 сарын 04

Утас хаягаа өгөөч

0  |  0
Zochin(202.9.46.89) 2020 оны 04 сарын 03

Surjignej zarlah n ih sonin bish bna, ur dun chuhal bna

0  |  0
Top