Т.Цэвэлмаа: Нүүрс тээврийн машин айлын гэр байшин хоёрынх нь дундуур давхиад гараад явчихдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

-НУТГИЙН МАЛЧДЫН НООЛУУР ҮНЭГҮЙДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ-

“Страто” компани Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр шороон замаар нүүрс тээвэрлэснээс үүдэн байгаль, экологи хохирч, мал, малчдын амьдрал ахуй доройтох байдалтай болоод байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаатай ярилцсанаа хүргэж байна.


-“Страто” компанийн нүүрс тээвэр Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн сумын нутгаар шороон замаар явж байгаль экологид хохирол учруулсан тухай мэдээлэл байна. Энэ нөлөөлөлд танай сум орж байгаа. Танай суманд ямар бэрхшээл үүссэн бэ?

-“Страто” компани анх 2019 оны тавдугаар сарын 3-наас эхлээд орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр шууд зам хусах гэж байна гэсэн мэдээллийг малчид маань надад өгсөн. Тэгээд орон нутгийн удирдлагууд очиж уулзаад зам хусахыг нь зогсоосон. Ингээд “Ямар учир шалтгаантай, яагаад зам хусав” гээд ярихад “Зөвшөөрөл авчихсан, орон нутгийн иргэд зөвшөөрсөн учраас ингээд явж байгаа” гэсэн. Манай сумын хэдэн малчидтай түрүүнд нь уулзсан байсан. Захиргааны ерөнхий хуулийг хаах гэж байгаа нь тэр л дээ. Орон нутгийн удирдлагуудтай уулзаагүй. Зам хусах гэж байгааг ч мэдээгүй байдалтай байсан.

-Хуулиараа бол орон нутгаас санал авах ёстой биш бил үү?

-Захиргааны ерөнхий хууль гэж байна. Иргэдээр хэлэлцүүлнэ, орон нутгийн удирдлагуудтай ярилцах ёстой. Тэгж байж зам хусах, хүнд даацын тээвэрлэлт хийх эсэхийг ярина. Гэвч 2019 оны тавдугаар сарын 5-нд Зам, тээврийн хөгжлийн сайдын 134 дүгээр тушаал гараад ирсэн. Орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгосон тушаал байсан. Энэ тушаалыг баримтлаад “Страто” компани тээвэрлэлт хийж эхэлсэн. Манай сумын нутаг дэвсгэрээр 80 гаруй км замаар нүүрс тээвэр явахад 27 малчин өрхийн 30-аад мянган мал нөлөөллийн бүсэд нь байна. Энэ нүүрс тээвэр гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрээр явж байгаа боловч ганцхан манай сумын төвөөр дамжин өнгөрч байгаа. Тийм учраас сумын төвд байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хязгаарлагдчихаж байгаа юм. Үнэхээр маш их тоосжилт дунд байна. Тэгээд л хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гээд байгаа хэрэг.

-Уг нь бол нүүрс тээврийн хүнд даацын машин явах бол хатуу хучилттай зам тавих ёстой гэсэн Засгийн газрын тогтоол байдаг даа?

-Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд гарсан 379 дүгээр тогтоол байдаг. Бид Зам, тээврийн хөгжлийн яамныхантай уулзсан л даа. Тэд орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгож тухайн орон нутаг, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруул гэсэн болохоос биш нүүрс тээвэрлээд яв гэсэн үг үсэг байхгүй, бид тийм зөвшөөрөл өгөөгүй гэж байгаа юм. Нүүрс тээвэрлээд 10 гаруй км өргөнтэй буюу олон салаа зам гаргаад байгаль, экологийг сүйтгэчихсэнийг ерөөсөө мэдэхгүй сууж байна.

-10 км өргөнтэй гэхээр хэдэн салаа зам гэсэн үг вэ?

-Ер нь бол дураараа явж байна. Дөрвөн эгнээ явж байгаа. Ачаагүй байвал уралдаж байна. Айлын хотон дундуур бүр гэр байшин хоёрынх нь дундуур давхиад гараад явчихдаг. Мал төллөлт болж байна. Тээвэр хийж байгаа жолооч нарыг бол монгол хүн үү гэж гайхахаар байгаа. Мал бэлчиж явахад дундуур нь давхиад орчихно, давхиад гараад явчихна. Нөгөө талдаа ноолуурын цаг болж байна. Гэтэл манай малчдын ноолуур болж үнэгүйдлээ дээ.

-Яагаад?

-Тэр том хүнд даацын автомашины гаргасан тоосжилт гэдэг чинь маш нарийн ширхэгтэй нанги шороо байдаг юм байна. Говийн хөрс өөрөө эмзэг. Хавар угалз болдог доо. Түүн шиг байнгын тоосон манан дунд байгаа. Малчид ямаагаа самнаад ноолуураа сэгсрээд үзэхэд тоос пургина. Гар дээр нарийн тоос суудаг. Ийм ноолуур үнээ алддаг. 

-Тоос шорооных нь жинг хасна гээд үү?

-Ноолуур нь өөрөө чанаргүй болчихож байгаа юм. Ноолуур зах зээл дээр кг нь 120 мянган төгрөг байлаа гэхэд манай малчдынхыг 90 мянган төгрөгөөс доош авах жишээтэй. Тэгэхээр малчин нэг кг ноолуураас 30-40 мянган төгрөгийн алдагдал хүлээнэ гэдэг хэцүү байгаа биз дээ.

-Сумын удирдлагууд “Страто” компанийн удирдлагуудтай уулзаж байв уу. Зам хуссан гэхээр түүгээрээ л явах гэж тэгсэн байж таарна. Гэтэл олон салаа зам гаргаж явсан гээд байдаг?

-Компанийн төлөөлөл хоёр удаа сумын удирдлагуудтай ирж уулзсан. Бид энэ замаа тавина. Одоо бид ТЭЗҮ-ээ боловсруулж байна, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэх гэж байна гэж яриад явсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй. Тэд улсын чанартай зам гэдгийг маш буруу ашиглаж байна. ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгээгүй байж нүүрс тээврийг шороон замаар явуулж байгаа нь хулгайн тээвэр юмаа гэдгийг Зам, тээврийн яамны зохих албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч байх шиг байна. Үүнтэй би санал нийлж байна. Энэ бол хулгайн тээвэр юм. Засгийн газрын тогтоолд хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийх гэж байгаа бол стандартад тохируулж замаа барьчихаад дараа нь тээвэрлэлтээ хийнэ гэсэн байдаг. Түүнийг зөрчиж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд нь улсын чанартай зам болгочихсон болохоос биш тээвэрлэлт хий гэсэн үг биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мэтчилэн гарч байгаа тушаал, тогтоолыг гуйвуулан мушгиж байна гэж үзэж байгаа.

-Жолооч нарт шаардлага тавьж үзсэн үү. Яагаад олон салаа зам гаргаад давхиад байдаг юм бол?

-Бид жолооч нарт шаардлага тавилгүй яахав. Тэр жолооч нар үнэхээр үг авахгүй. Дээрээс нь хаа яваа газраа дугуй нь хагарахад солиод том дугуйгаа тэнд нь хаяад явчихдаг. Тосоо солилоо, гоожуулаад тэр чигт орхидог. Энэ нь ч гэсэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Нэг бөөгнөрөөд зогсоод хөдлөхөд тэр газар нь хогийн цэг болж үлддэг ийм асуудлууд байна. Үүнийг болиулах гэж бид удаа дараа шаардаж байна. Гол нөхцөл нь дэлхий даяар цар тахал гэж нэрлэгдээд байгаа коронавирусний үед Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоосон шүү дээ. Гэтэл ийм хорио цээртэй үед нүүрсний тээвэр явсан. Тиймээс бид зогсоох гээд хүч хүрэхгүй янз бүрийн явдал боллоо, ингээд хүмүүсийн анхаарлын төвд орж байх шиг байна.

-Өмнөговиос нүүрс тээвэрлээд Говьсүмбэр орж байгаа үйл явдал. Танай сумын төв дундуур дайрч өнгөрдөг гэлээ. Тэгэхээр орон нутагт ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр хэлбэрээр юм өгсөн үү. Ер нь зүгээр уурхай ашиглалаа гэхэд л ойролцоо нь өвөлжөө байвал нөхөн төлбөр өгөөд нүүлгэн шилжүүлдэг шүү дээ?

-Тийм зүйл огт байхгүй. Одоо “Страто” компани өөрсдөө тээвэр хийхгүй байгаа гэж байгаа боловч дагалдан үүний далбаан дор, улсын чанартай зам болсон гэдэг сүр дуулианаар наймаас есөн компани энэ шороон замаар тээвэрлэлт хийж байна.

-Ганц “Страто” биш байх нь?

-“Страто” компани бол ерөөсөө түүгээр явах эхлэлийг нь тавиад өгчихсөн. Сүүлийн үед өөрсдөө тээвэрлэлтээ хийхээ больсон ч нөлөө нь ийм байна. Тэр компанийн захирлууд улсын чанартай зам утгыг маш их гуйвуулж байна. Тийм болохоор бид явуулахгүй гэсэн хурц тэмцэлд хүрч байна л даа.

-Жил орчин нүүрс тээврийн хүнд даацын машинууд жил орчмын хугацаанд сумын төв, хээр талаар давхихад хүн, ан амьтан, мал ахуйд ямар өөрчлөлт гарч байх юм бэ?

-Сумын төв бол ойлгомжтой. Тоос шороондоо дарагдсан байдалтай л болсон. Хувцас хунараа угаагаад тавихад хатаж амжаагүй байхад л халтайсан юм болдог. Нөлөөллийн бүсэд байгаа малчид их хохирч байгаа. Тухайлбал, тэр нөлөөллийн бүсэд байгаа бага малын нүд нь өвдөөд бүр сохорч байна. Энэ бол өнөө нарийн тоосжилттой л холбоотой. Одоо аймагтаа бол манай сумын иргэд уушгины өвчлөлөөрөө тэргүүлж байна. Мэргэжлийн хүмүүс үүнийг нарийн нанги тоосжилттой холбоотой гэж тайлбарлаж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яам орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгож өөрчилсөн тушаалаа хүчингүй болголоо гэхэд энэ их байгаль, экологийн хохирол, малчдын бэлчээр талхлагдалт энэ бүхнийг яаж нөхөн сэргээх вэ, үүний хор хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Одоогоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна. Үүн дээр бид мэргэжлийн байгууллагаар үнэлгээг нь гаргуулъя гэж байгаа. Саяар яригдаж багтахгүй үнэлгээ гарах байх. Цогтцэций сумын сайн жишиг байна. 22 км зам дээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 724 сая төгрөгийн нөхөн төлбөр хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Гэхдээ тэр үнэлгээг хийлгэх үед энэ нүүрс тээвэр явж эхлээд ганцхан сар болж байсан шүү дээ. Тэгэхээр бүтэн жил явсан 430 км-ын үнэлгээг хийлгэвэл бидний бараг мэдэхгүй тоо гарах гээд байна. Бид бол байгаль, экологио нөхөн сэргээлгэх тал дээр цаашдын алхамаа хийхээс өөр аргагүй болчихсон.

-Та бүхний хүсэл яг юу вэ. Энэ нүүрс тээврийн шороон замыг нэгмөсөн зогсоолгох уу эсвэл хатуу хучилттай зам тавиулаад хуулийн нийцүүлж ажиллуулах уу?

-Бидний зорилго бол уг нь улсын чанартай зам болсон юм чинь асфальтан замаа тавьчихвал тэнд амьдарч байгаа хүмүүсийн эдийн засаг, бусад зүйлд нь нөлөөлөх байх гэж бодож нэг жил харлаа. Үүнийг бол ажлын даалгавар нь гарсан юм байна. Ажлын даалгавар нь гарсан хэрнээ тэр компани гуйвуулж ажлаа хийж байгаа юм байна. Тийм учраас энэ цуцлагдах тийшээ хандаж байх шиг байна. Засгийн газрын концесст оруулаад, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ-ээ батлуулаад явчих хугацаа бол болсон байна. Тэгэхээр энэ компани түрхэн зуур тээвэрлэлт хийж ашиг олъё гэсэн бодолтой байсан юм болов уу гэсэн бодолтой байна. Хэрвээ тэгээгүй байсан бол ажлын даалгавар нь гарчихсан учраас ТЭЗҮ нь батлагдчихсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь гарчихсан одоо бараг анхны замын ажлууд нь хийгдэх бүрэн боломж хугацаа нь байсан юм байна. Улсын чанартай зам болгоход энэ бүх юмнуудаа Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдчихсэн байсан юм байна. Гэтэл энэ нь бүх юм нь эсрэгээрээ болчихсон байна.

-Дунд асууя гэж байгаад орхичихож. Танай сумаар өдөрт хүнд даацын нүүрс тээврийн машин хэд өнгөрч байна?

-Бид  зөвхөн гуравдугаар сарын 29-ний байдлаар үдээс хойш 14 цагаас эхэлж цагдаа, багийн Засаг дарга нараа нарийн бүртгэл явуул гээд явуулахад 45 машин бүртгэсэн байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани “Страто”-д нүүрс нийлүүлэхээ зогсоосон. Тэгэхээр бусад компанийн машинууд уу?

-Гэхдээ тэр дунд нэг, хоёр “Страто” компанийн нүүрсийг тээвэрлэж байгаа гэсэн машин байна. Дээрээс нь “Хөгжлийн гүүр”, “Ази транс” гээд нэлээд хэдэн компанийн нэр бичигдэж бүртгэлжүүлсэн байна. Ер нь өдөртөө 100 машин явж байхад 100 нь зөрж байдаг. Зуу зуугаараа машин явж байна. Ер нь цаашдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд ерөөсөө замаа шийдсэнийх нь дараа бүх зөвшөөрөл юмыг нь өгдөг баймаар байна. Ухуулж төнхүүлж нэг хэсэг байгалиа сүйтгүүлнэ. Дараа нь тээвэрлэж байна гэж сүйтгүүлнэ. Ингээд Монголын уламжлал болсон мал аж ахуйг уул уурхай нь түрж эхэлж байна. Тэнд хүмүүс ажиллаж амьдрахад таагүй боллоо. Үүнийг шат шатандаа анхаарах цаг нь болчихсон байна. Үүний хамгийн муу жишээ нь энэ 430 км зам юм. Дэлхийд “Ковид 19” цар тахал асуудал болж байгаа бол өнөөдөр Монгол Улсын хэмжээнд энэ хүнд даацын автомашины тээвэрлэлт цар тахлаас илүүтэй аюул хөнөөлтэй болчихсон байгааг бүх шатандаа анхаараач ээ гэж хүсэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (192.82.75.195) 2020 оны 04 сарын 04

асуудлын гол утга ни энэ л дее !!нүүрс ачаад замд гарч буй хөөрхий муу жолооч нар !!!! нөгөө хэтэвчний эзэд . нууц ноёнтонууд хэн ве ???? хоногын хоолоо . хойноо үлдэж хоцорсон ар гэр .авгай хүүхдүүдее тэжээх төдий ами голтой хэдэн муу жолооч нар !!!!

0  |  0
A(202.55.188.87) 2020 оны 04 сарын 04

.\n

0  |  0
Irgen(202.179.27.145) 2020 оны 04 сарын 04

Elbegdorjiin bii bolgoson ardchilal nert zambaraaguitel . Ard tumen mini ene ardchilal nertei huuligui,nomgui hulgai luivraar duursen zambraaguitliig taslan zogsoohod buhnii temtsel bolsniig bodooch ! Zugeer suugaad baival naaduulchin hottoi honitoi chine zarchihaa chadna !

0  |  1
Top