Х.Мандахбаяр: Ураны эсрэг тэмцэж байгаа ТББ, иргэд хүчээ нийлүүлэх ёстой

2020 оны 04 сарын 02

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор телевизийн цуврал хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ. Тус нэвтрүүлгийн сүүлийн дугааруудад Өмнөговь аймгаас Говьсүмбэр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгаль, экологид хохирол учруулж буй “Страто” компанийн асуудлыг хөндсөн юм. Мөн “Экологийн цаг” нэвтрүүлгийн байнгын сэдэв бол ураны хор хөнөөлийн асуудал юм. Тиймээс өнгөрсөн мягмар гарагийн нэвтрүүлгээрээ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны ордтой холбоотой асуудал хийгээд мөн олборлолт явагдахад бэлэн болоод байгаа Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь ордын асуудлыг хөндөн ярилцлаа. Ингээд хэлэлцүүлэгт оролцсон зочдын байр сууриа хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэе.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Экологийн цаг нэвтрүүлгийн байнгын болсон бодлогын сэдэв ураны асуудлаар бид  дахин ярилцах гэж байна. Урантай холбоотой асуудлыг ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд, нутаг нутгийн иргэд хүчтэй ярьсаар ирсэн. Энэ асуудлыг төрийн анхааралд аваачих, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх зорилгоор Экологийн цаг нэвтрүүлэг ажиллаж байгаа. Коронавирусний цар тахлын улмаас уран, хариуцлагагүй уул уурхайтай холбоотой асуудлаар иргэд цуглаж ярих боломжгүй байна. Нийтээр дагаж мөрдөж байгаа зүйлийг бид дагаж мөрдөх үүрэгтэй. Тиймээс телевизийн хэлэлцүүлгээр хариуцлагатай уул уурхайн төлөөх ажил маань үргэлжилж байгаа юм. Энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд, Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга төрийн бус байгууллагын тэргүүний хувьд хөтөлж явуулдаг гэдгийг та бүхэнд сануулъя. Хамгийн сүүлд иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, нутгийн иргэд газар дээр нь очиж ажилласан газар бол Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Түүнээс хойш байдал яаж өөрчлөгдөв. Ямар шинэ мэдээлэл байна вэ.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат:

-Манайд хариуцлагагүй уул уурхайг олон жил иргэний хөдөлгөөн, ТББ-ууд ярьж байгаа. Ээлжит нэг аюул занал бол бүр хамгийн аймшигтай аюул бол ураны асуудал боллоо. Өнөөдөр ураны олборлолт явуулахад бид бэлэн биш байна. Боловсон хүчин, туршлагын хувьд болоод төр засгийн байдал минь ямар байгаа билээ. Үндэстэн дамнасан гадны компаниудын дохио зангаагаар хөдлөх явдал ч байна шүү дээ. Зэс, нүүрсээ ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологиор авч чадахгүй байгаа мөртлөө уран олборлох бол эрт байна. Үнэхээр нөгөө яриад байдаг хүмүүсийнх шиг улс орны эдийн засагт хэрэгтэй юм уу гээд судлаад үзэхээр бусад нүүрс, зэс шиг ашигтай биш. Өнөөдөр нэг кг уран 58 орчим ам.доллар байгаа. Улаанбадрах суман дээр байгаа Арева одоо Орано болчихсон. Энэ компанийн жилийн олборлолт 140 гаруй сая доллар л болно. Үүний төлөө тэгж их эрсдэл хийх шаардлага байна уу. Мөн ураныг олборлож эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж дэлхийн хөгжилд хүрмээр байна гэсэн яриа гардаг. Гэтэл дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг Казахстан, Австрали, Намиб гээд улсуудад өнөөдрийг хүртэл атомын цахилгаан станц баригдаагүй байна. Илүү туршлага хуримтлуулсан, мэдээлэлтэй олон улсын байгууллагууд “Монгол Улсад уран олборлох нь гол биш юм байна. Харин уран олборлоно гэсэн нэрийн дор ураны цикл гэдэг юмыг Монголд хийх гэж байгаа юм уу гэсэн хардлага төрдөг” гэдэг юм. Энэ үндэслэлтэй байх бололцоотой. Яагаад гэхээр өнөөдөр цөмийн түлшний хаягдлыг булшлана гэдэг дэлхийн том орнуудын номер нэг асуудал болсон. Маш олон реакторуудтай Франц, АНУ гээд цөмийн технологийг өндөр хөгжүүлсэн улсууд бол цөмийн түлшнийхээ хаягдлыг хаана булшлах уу гэдгийг өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны түвшинд шийдвэрлэж чадаагүй. Цаашид ойрын хугацаанд шийдвэрлэх бололцоогүй байгаа. Гэтэл ураны дэмжээд байгаа манай хүмүүс юу гэдэг гэхээр “Цөмийн түлшийг энд булшлахгүй. Яагаад гэхээр шар нунтаг гаргана. Харин тэр шар нунтгийг баяжуулж цөмийн түлш болгосон газар нь булшлах асуудлыг хариуцдаг юм” гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Хаанаас олборлосон тэнд нь цөмийн үйлдвэрийн хаягдлыг буцааж булшлах ёстой гэсэн олон улсын конвенц хүртэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ийм ойлголтын зөрүү яваад байгаа юм. Эд нар худлаа хэлж монголчуудыг төөрөгдүүлж байна. Бид хамгийн сүүлд өнгөрсөн намар Улаанбадрах суманд очиж газар дээр нь үзсэн. Тэнд малын ургийн гажиг зэргийг ярих бол өнгөрсөн. Өнөөдөр хүмүүсийн ургийн хөгжил юманд орчихсон. Нэг өвөлжөөн дээр таван залуу эмэгтэй үр зулбасан байх жишээтэй. Мөн тэнд залуу эмэгтэйчүүд жирэмсэн болох магадлал Монголын дунджаас хамаагүй доогуур болсон. Тэгээд төрөл бүрийн хавдарын асуудал асар их болж байна гэдгийг нутгийн иргэд барин тавин ярьж байна. Үүнийг ураны цацрагаас болж байна уу, өөр юмнаас болж байна уу гэдгийг тогтоогоод өгөөч гээд төрийн байгууллагуудад хандахаар ямар ч хариу өгдөггүй.  

“Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал, эрдэмтэн, НБД доктор Ш.Түвдэнбалжир:

-Цөмийн технологи, цөмийн хэрэглээ гэдэг хоёр өөр утгатай юм л даа. Монголоос уран олборлоод эрчим хүчний хэрэглээнд л хэрэглэнэ. Гэтэл “Арева”-г дэмжигчид цөмийн технологи гээд яриад байдаг байхгүй юу. Тэр өндөр хэрэглээний технологийг нь яриад ашигтай гээд байдаг. Гэтэл олборлолт хийж байгаа технологи нь өөрөө асар их хортой технологи. Тэгэхээр дэлхий дахинд цөмийн технологийн ашиг шимийг хүртэж байгаа улс орнуудын бэлтгэл бааз нь манайх болох гээд байна шүү дээ. Хэрэв бид үнэхээр өөрсдөө том атомын цахилгаан станцуудтай байгаад цөмийн эрчим хүчний түүхий эд маань дутагдаад байвал худалдаж авснаас илүү ашигтай байвал тодорхой хэмжээгээр олборлож болно. Гэтэл зүгээр бэлтгэл бааз болох гээд байна. Хэдийгээр экспортолж тодорхой хэмжээний ашиг олж болох боловч хэдэн зуу, мянга дахин хор, хохирол учирна. Мал аж ахуйдаа, ургамлын нөөцдөө, усны судлууддаа нөлөөлнө гэдгий хэлмээр байгаа юм. Тэгэхээр асуудалд зөв талаас нь хандах ёстой. Өнөөдөр дэлхий даяар ураны эрчим хүчээс татгалзаж эхэлж байна шүү дээ. Хамгийн аюултай юм юу гэхээр “Бадрах энержи” буюу хуучин “Арева” компанийн ашиглалтын лицензийг олгохдоо юуг баримталсан юм, ямар судалгаа хийх ёстой байсан бэ гэдгээ бүрэн гүйцэд гаргаж чадаагүйгээс болоод өнөөдөр гол үндсэн хор хохирол учирч байна. Газрын гүнд уусган баяжуулж олборлох технологи гээд байна. Ганц уран дээр хэрэглэдэг арга биш. Алт, нүүрс, зэс гээд ямар ч ашигт малтмал олборлоход хэрэглэж болно. Энэ чинь хамгийн нөөц багатай ордыг хамгийн хямд аргаар олборлох арга байхгүй юу. Яадаг вэ гэхээр хүчил хольсон уусгагчаар дотор нь шахаад буцаагаад соруулж авах арга. Гэхдээ нөгөө уран чинь 100 хувь исэлдэнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр цэвэр уран газрын гүний ус руу нэвчинэ. Энэ тал дээр бүрэн судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж байж зөвшөөрлийг нь өгөх ёстой ч харанхуйгаар өгчихсөн учраас хор хохирол учраад байгаа юм. Энэ “Бардах энержи” буюу “Арева” Монголыг туршилтад оруулсан гэсэн үг. Одоо холбогдох судалгаа хийсэн үү гэдэг асуудал яригдах ёстой. Тэр нь ил гарах ёстой.

“Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө:

-Одоо уран яриад хадуурдаг морь шиг хөөсрөөд, тэр “Арева”-гийн тендерт нь ороод байх хэрэггүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үнэхээр монгол мал, монгол малчин нь үхэж байна. Монголын газар шороо хордож байгаа. Тийм болохоор нутаг усаа гэсэн хүмүүс зүгээр очоод харах хэрэгтэй. Дараа нь тэр уран энэ тэрээ ярь. Эхлээд манай аймгийг, хүнээ, эх орноо аврах ажлыг л хийе. Энэ тухай нэгдүгээрт, төр засаг анхаарлаа хандуулаач ээ. Манай ард түмнийг бол дэндүү дорд үздэг юм байна. Анх би “Арева”-г манай нутгийг хордуулсан дайсан гэж хардаг байлаа. Гэтэл биш юм байна. Тэднийг оруулж ирсэн хүмүүс дайсан юм байна. Тэр “Дүлзэн”-гүүд нь гэсэн үг. Тэр “Дүлзэн”-гүүдийг ард түмэн бид өөрсдөө төрүүлсэн. Одоо бол би хэнтэй тэмцэхээ мэдэхгүй болоод төөрөлдөөд явж байна. Миний хувийн дүгнэлт шүү. Энэ уран гэдэг юм бол бизнес биш. Алт, мөнгийг 10-аар аваад 100-гаар зарна гэдэг бол бизнес. Хариныг ураныг аваад явъя л даа, тэр “Их найм” гэдэг улсуудаас өөр авах газар байхгүй шүү дээ. Тэгэхээр аюултай байгаа биз.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэж чадахгүй байна уу даа гэж хардаг. Тэгж байж төрдөө ойлгуулна. Төр иргэн хоёр дайсан биш шүү. Төр иргэн хоёр бол нэгдмэл юм. Тэгэхээр Экологийн цагийн зорилго бол энэ асуудлыг шийдвэр гаргадаг олон хүнд ойлгуулах ёстой. Дахиад олон ярих ёстой. Асуудлыг ярихаас халширч болохгүй, уйдаж болохгүй. Байгаа баримтуудыг дэлгэмээр байна. Янз бүрийн зургууд яваад байдаг. Яг тэр үхсэн малын сэг зэм, ургийн гажигтай төл малыг олон хүнд үзүүлмээр байгаа юм. Ингэж байж л санаж, сэрж, удахгүй энэ ураны аюул бол таны хаалгаар, таны хүүхдийн эрүүл мэндээр энэ коронавирус шиг цар тахлын хэмжээнд орж ирэх аюул болчихсон гэдгийг ойлгуулах ёстой. Би бол сэтгүүлчийн хувьд үүнийг үүрэг гэж үзэж байна. Улаанбадрахын хордсон мал тэндээ үхэж байгаа биш байхгүй юу. Тэнд байгаа малыг чинь Улаанбаатарынхан идэж байгаа. Малчдын амьжиргаа нь мал ахуй л шүү дээ. Бид бол уран яриад л байдаг. Энэ яг хэзээ аюул занал болох юм гэдгийг хүлээлгүйгээр та бүхний гэрийн хаалгаар орчихсон байх бүрэн боломжтой гэдгийг ойлгоцгооё. Тэнд хэсэг ус хордсон тухай асуудал гэж ойлгож болохгүй. Коронавирус нэгэн цагт дуусаад мартагдана. Ураныг бид мартаж болохгүй.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Архангай салбарын тэргүүн:

-Юуны өмнө танай “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг манай Архангайд ирсэнд бид баяртай байгаа. Уран ганцхан Дорноговь аймгийн Улаанбадрахын асуудал биш. Энэ бол 53 газрын 59 лицензийн асуудал болчихоод байгаа. Хоёрдугаарт, энэ ганц сум, аймаг тэр байтугай Монгол Улсын ч асуудал биш. Дэлхийн хэмжээний асуудал болчихсон. Манай Архангай аймгийн Өндөр-Улаанд үүн шиг жишээ аль эрт гардагаа гараад зөвхөн хайгуул хийгээд өрөм зоохын хооронд гурван хөлтэй ишиг, хоёр нүд нь таг сохор хурга, мотоциклийн банкнаас том толгойтой ишиг гэх мэт хор хохирлууд нь гараад эхэлсэн. Тэгэхээр шат шатны дарга удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд олон хэлэлцүүлэгт очиж үгээ хэлээд, тэмцээд явж байна. Ураны талаар ийм байна, тийм байна гээд яриад байвал дуусахгүй сэдэв болж хувирна шүү дээ. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллага, төр засаг энэ ураныг яах вэ гэдгээ ярих цаг нь болжээ. Архангайн гурван сумыг дамнасан “Нуклер энержи Монголиа” гэж компани бий. Тэр компани зөвхөн хайгуул хийхэд манай аймагт асар их хохирол учирсан. Үүнийг хангалттай нуун дарлаа.

Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн Н.Батбаяр:

-Танай телевизийг монголын ард түмний төлөө гэсэн цуврал нэвтрүүлгүүд хийж байгаад талархаж байна. Манай сум аймгийн дөрөвний нэгийг эзэлдэг том сум. Сумын нэг, хоёрдугаарт багт 1995 оноос ураны хайгуул хийж эхэлсэн юм. Хэдэн зуун цооног ухсан. Ингэхдээ цэвдэгийн шар усыг гаргасан. Тэрнээс эхлээд манай нутгийнхан тэмцэж эхэлсэн. 2005 оны тавдугаар сард гэхэд арваад хоногийн дотор мянгаад ямаа үхэж байсан. Аянгад ниргүүлчихсэн юм шиг л зуу зуугаараа үхээд тэр үед нь аймгийн Онцгой комисс ажиллаад хөл хорио тавиад, анх халдварт өвчин гэж оношилсон юм. Халдварт өвчин гэж оношлоод наашаа Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхэд “Өвчний шинж тэмдэг огт илрээгүй. Ямар нэгэн халдварт өвчин биш байна. Энэ хорогдлийг цаашид нарийвчлан шинжлэн судлах ёстой” гэдэг дүгнэлт гарсан байдаг. Хоёр дахин шинжилсэн байгаа юм (Дүгнэлтийг харуулав). Гэвч төр засгийн зүгээс цааш нь огт судлаагүй, хаасан. Компанийн зүгээс бол таананы хордлого гэсэн цуу дэгдээгээд л өнгөрөөсөн. Таананы хордлого ямар байдгийг нутгийн иргэд мэднэ шүү дээ. Ямаа дангаараа үхсэн байхгүй юу. Хонь огт үхээгүй. Ямаа бол шинжлэх ухаан талаасаа аливаа хордлогод хамгийн хэврэг амьтны тоонд ордог юм билээ.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Та бүхэндээ хариуцлагагүй уул уурхайтай холбоотой асуудлыг ил болгохоор явж байгаад иргэдийнхээ өмнөөс талархаж байна. Энэ ураны эсрэг тэмцэж байгаа ТББ, иргэд хүчээ нийлүүлэх ёстой. Үүнийг төрийн чихэнд хүргэх ёстой. Төрд шийдвэр гаргаж байгаа нэг, хоёр, гурван хүн ойлгоод ирэхээр асуудал өөр болно. Заримдаа иргэний нийгмийн байгууллага, иргэд маань арга ядаад хууль бус замыг сонгох нь бий. Үүнийг бол сайшааж болохгүй. Бидний сонгох зам бол нэгдлийн зам. Нэгдэж тэмцэх зам юм. Тэр утгаараа та бүхэн маань нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй. Ингээд уран яриад эхлэхээр Монголын эдийн засаг руу хэдэн хүн халдаж байгаа юм шиг тархи угаалт явдаг. Бид эдийн засаг ярихаас илүүтэй ирээдүйгээ эхлээд ярих ёстой. Тийм учраас олуулаа сууж төртэйгөө, иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамгийн гол нь эрдэмтэдтэйгээ тойрч сууж байгаад асуудлыг дэнслэх ёстой юм. Энэ нь бол Экологийн цаг нэвтрүүлгийн үндсэн зорилго гэдгийг та бүхэнд хэлье. Бидэнтэй цуг байсан үзэгч танд баярлалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.195) 2020 оны 04 сарын 03

Мөнхнаран ээжийн гэрэл тусдаг

0  |  0
Хэнчбиш(98.244.106.112) 2020 оны 04 сарын 02

Та бүхэн газрын гүнд НҮҮРС ЗЭС АЛТЫГ уусган баяжуулах технологио нэвтрүүлчихвэл жинхэнэ ЭКОЛОГИ болох юм бус уу Ийм мундаг эрдэмтдийг тоохгүй яагаад хөрс хуулаад ббайгаа юм бэ?

0  |  0
selengee(192.82.68.171) 2020 оны 04 сарын 02

уран бол маш аюултай..Ер нь байгаль орчны төлөө цөөн хүн л тэмцэж байгаа .. дийлэнхээрээ босохгүй бна.. би хүртэл гэртээ л ,,, Тэр Мандахбаярыг занаж зүхэхээ болиороо

1  |  0
Top