КОВИД-19 | Орос улс АНУ руу тусламжийн онгоц илгээнэ

2020 оны 04 сарын 01

ОХУ тахлын хүнд байдалтай байгаа АНУ-д тусламж үзүүлэх санал тавьжээ. Коронавирустэй тэмцэхэд нь туслахаар ОХУ-аас АНУ-руу онгоц илгээх талаар хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Песков “Оросоос нислэг үйлдэх техникийн зөвлөгөөн, бэлтгэл ажлыг хийж байна” гэжээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр онгоц өнөө орой /2020.04.01/ АНУ-руу нисэж магадгүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын тусламжийг хүлээж авна гэсэн талаар Путины хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д тусламж санал болгосноороо Америкийн эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчид дэвшил гаргаж, тэд Орост хариу барих болно гэж үзжээ.

Доналд Трамп, Владимир Путин нар өнгөрсөн сарын 30-нд утсаар ярьж, коронавирусний халдварын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх нефтийн асуудал зэргийг хэлэлцсэн билээ.

 

Top