О.Бадарч: “СТРАТО” компани хариуцлагаас МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг хийгээд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдаар шороон замаар нүүрсний тээвэр хийдэг “Страто” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтан, сайд нарт хүргүүлээд байсан. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс “Страто” компанид нүүрс нийлүүлэхээ зогсоогоод байгаа юм. Гэвч тус компанийн гаргасан байгаль, экологийг сүйрүүлсэн олон салаа шороон замаар өөр тээврийн компаниуд нүүрс тээвэрлэж, “Страто” компанид нийлүүлж буй мэдээлэл бий. Тиймээс өнөөдөр /2020.03.30/ дээр дурдсан иргэний нийгмийн байгууллага, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэдийн төлөөлөл шороон замын тээврийг зогсоох, тус улсын чанартай зам болгон өөрчилсөн нүүрс тээврийн замын ангиллыг өөрчлүүлэх албан шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд хүргүүллээ.

Шаардлага хүргүүлэх уулзалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд хийгээд бусад холбогдох албан тушаалтнууд уг асуудалд анхаарал хандуулж, Ажлын хэсэг гарган, газар дээр нь очиж ажиллана гэдгээ мэдэгдэж санал хүсэлтийг хүлээн авсан байна.

Уг уулзалтын дараа "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, тус яамны газрын дарга нар удаа дараагийн шаардлагын дагуу биднийг хүлээж авч уулзсанд баяртай байна. Өнөөдөр гурван зүйлийг хэвлэлийнхэн, ард иргэдэд тодруулж хэлэх хэрэгтэй байх. Энэ компани иргэд олон нийтэд нэг өөр, төрийн байгууллагуудад бас өөр буруу ташаа мэдээлэл өгч байдаг юм байна. Нэг үгээр хоёр талд төөрөгдүүлсэн мэдээлэл өгөөд яваад байдаг гэсэн үг. Хоёрдугаарт, өнөөдрийн уулзалтад ТББ-ын төлөөллүүд, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дундговь аймгийн Баянжаргалан сум, Өлзийт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцлоо. Хууль зөрчсөн тодорхой асуудлууд байна. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас Ажлын хэсэг гаргаж энэ долоо хоногт ямар ч байсан газар дээр нь ажиллуулахаар шийдвэрлэлээ. Гуравдахь асуудал нь ерөөсөө энэ шороон замаар хүнд тээврийн машин явуулж байгаль, экологийг сүйтгэж буй асуудлаар төрийн яамд, байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай юм байна. Зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам асуудлыг шийдэх биш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бид шаардлага мэдээлэл, хууль зөрчиж байгаа баримтуудыг хүргүүлсэн. Тэгэхээр эдгээр яамд уулзаж асуудлыг илүү тодорхой ярьж хоорондоо уялдаж ажиллаж байж уг асуудлыг зогсоож хариуцлага тооцохгүй бол асуудал бүрхэгдээд үлдчих, хүчгүйдэх юмнууд байна гэж харж байгаа.

Энэ бол нэг компани, нэг замын асуудал биш. Шороон замаар хүнд даацын ачаа тээврийг хийж хууль зөрчсөн асуудлууд Монгол Улс даяар газар сайгүй явагдаж байна. Үүнээс болоод мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бүх юм алдагдаж байгаа юм. Тийм болохоор 430 км урттай, зарим газар 10 км хүртэл өргөн 14 салаа зам үүсгэж, байгаль орчныг ганцхан жилийн дотор аймшигтайгаар доройтуулсан хамгийн муу жишээ болсон энэ компанид анхаарлаа хандуулсан. Бид төрийн байгууллагуудад энэ шороон замын тээвэрлэлтийн асуудлыг нэгмөсөн журамлах төрийн бодлого гаргаж ажиллаач ээ гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа. Цаашдаа шат дараалсан арга хэмжээнүүдийг төрөөс авч ажиллах юм байна. Иргэний нийгмийн байгууллагууд өөрийнхөө хараа хяналт, үүргийг биелүүлж ажиллана. Ямар ч байсан Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, хуулийн дагуу шийдвэр гаргах чиглэлээр хамтран ажиллана гэдгээ сая мэдэгдсэн” гэсэн юм. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  


О.БАДАРЧ: “СТРАТО” КОМПАНИ ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ
 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та орон нутгийн удирдлагын хувьд чамгүй хугацаанд “Страто” компанитай тэмцэж байгаа. Сүүлийн үед тус компани хариуцлагаас мултрах боломжтой болж байна гэсэн мэдээлэл гарах боллоо?

-Би бол тэднийг мултарч чадахгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл бид өдөр тутам тэр нөхдүүдтэй нүүр тулж ажиллаж байна. Ер нь бол Авто замын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль мөн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хууль, журмуудад маш тодорхой заалтууд бий. Анх 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Страто” компанийн төлөөлөл надтай ярьсан цагаас эхлээд хууль зөрчсөн асуудлыг дээр дурдсан бүх хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл шаардлага тавьж байгаа. Тэгснийхээ төлөө цагдаа, АТГ, шүүхэд дуудагдаж шалгуулдаг юм. Би гэм буруутай үйлдэл хийсэн бол өнөөдөр энд байхгүй байх ёстой. Тийм болохоор хуулийн дагуу явж байхад үнэн дийлнэ гэж үзэж байгаа. Энэ компанийн үйлдсэн үйлдэл нь тодорхой. Тэр ул мөр нь балрахгүй. Сүйрсэн байгаль орчин бол маргааш нь сайхан болчихдоггүй. Магадгүй маш олон жилийн байгалийн өгөөжийн үр дүнд эргэж сэргэдэг. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултрах юм байхгүй.

Сумын Засаг даргын хувьд 20-иод км зам дагуу хөрс сүйтгэсэн, дураараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан асуудлаар нь экологи, эдийн засгийн хохирол тогтоолгоод 724 сая төгрөгийн хохирлыг би шүүхэд нэхэмжилсэн. Ханбогдын шүүхэд хоёр удаа өгсөн, хоёр удаа буцаасан. Баянзүрхийн шүүх дээр харъяаллын дагуу өгөөд нэг удаа буцаасан одоо бид өгчихөөд байж байна. Хуулийн байгууллага дээр очихоор нааш цааш болоод байгаа юм бий. Гэхдээ надад мэргэжлийн байгууллагын тогтоогоод өгчихсөн баримт байгаа учраас би энэ үйл ажиллагаа зогстол нь үүнийхээ төлөө явна. Одоо хохирсон сумдын асуудлыг манай сумдын дарга нар хөөцөлдөх ёстой. Бүгд нийлэх юм бол байгаль экологи хохироосон маш их хэмжээний хохирол гарна шүү.

-Таныг яг ямар үндэслэлээр АТГ-т өгдөг юм бэ?

-Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэж өгдөг юм. Тэр нь юу гэхээр би нэг удаа ачилтыг нь зогсоох албан бичиг “Эрдэнэс Тавантолгой”-д 2019 оны тавдугаар сард өгсөн. Түүний дагуу гурав хоног зогсоосон. Тэр алдагдал хохирлоо нэхэж байсан. Гэхдээ би гурав хоног зогссон гэдэгт нь эргэлздэг юм. Бичиг авсан газраас надад “Бид дээрээс шийдвэргүйгээр гэрээгээ цуцлах боломжгүй” гэсэн хариу өгч байсан. Тэгж л би шалгагдсан. Мөн тэр явдал дээр би албан тушаалаа хэтрүүлсэн үү гээд үзэхээр Байгаль орчны хуулиндаа тов тодорхой заачихсан хуулийн заалтын дагуу ажилласан. Тэр байтугай Байгаль орчны тухай хуульд байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд сумын Засаг дарга хууль хяналтын байгууллагад өгөх, хохирлоо нэхэмжлэх эрх нь байсан. Тийм учраас би тэр дээр албан тушаал хэтрүүлсэн юм байгаагүй. Тэгээд шалгалтын явц дунд гэм буруу нотлогдоогүй.

-Захиргааны хэргийн шүүхэд хандаад яагаад амжилтгүй байгаад байгаа хэрэг вэ?

-Ханбогдын шүүх дээр эхний удаа хариуцагчийн хаяг тодорхой биш байна гээд буцаасан. Тэрнийг нь тогтоогоод өгөхөөр манай харъяалал биш гээд буцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн шүүхээс эхний удаа буцаасныг би сайн ойлгохгүй байгаа юм. Бараг л “Та үүнийг хувийн зүгээс нэхэмжлээд байгаа юм уу, төрийн өмнөөс нэхэмжлээд байгаа юм уу тодорхой бус байна” гэсэн юм байна лээ. Гэтэл би чинь сумынхаа Засаг дарга хүн. Газар бол ард түмний баялаг биз дээ. Түүнийг сүйтгэснийг далимдуулаад хэдэн төгрөг нэхэмжилж аваад өвөртлөнө гэж юу байх вэ дээ. Мэдээж, төрийнхөө нэрийн өмнөөс нэхэмжлэнэ шүү дээ. Бид дахиад нэхэмжлэхээ өгчихсөн байгаа. Чимээгүй л байна. Ямар учраас удаад байгааг би хэлж мэдэхгүй юм.  


 

ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.14.18) 2020 оны 03 сарын 31

Строта чинь З.Энхболдынх гээд хэл ам гараад байгаа биз дээ

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2020 оны 03 сарын 31

КОРОНАГИЙН ХАЖУУГААР ЗИКА ВИРУС Ч ЮУ Ч ВЭ ДЭ. НАМ ДАРААД ӨГӨӨЧ. МОНГОЛД ХУУЛЬ ГЭЖ БАЙНА УУ

0  |  0
Зочин(202.9.40.9) 2020 оны 03 сарын 30

ер нь бол хэний мафид харьяалагддагаасаа л болно доо

0  |  0
Top