Маргааш үнэт цаасны салбарт ШИНЭ ГОРИМ нэвтрүүлнэ

2020 оны 03 сарын 30



Санхүүгийн зохицуулах хорооны 29 дүгээр тогтоолоор Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020 оны гуравдугаар  дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү шинээр нэвтэрч буй төлбөр тооцооны горимоор арилжаанд оролцоход хөрөнгө оруулагчид эрсдэлийн түвшингээсээ хамаарч 100 хувь мөнгөн хөрөнгө байршуулалгүй тодорхой хувийг нь урьдчилан байршуулж захиалга өгөх бөгөөд 2 хоногийн дотор үлдсэн мөнгөө байршуулж, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой болох юм.

Ингэхдээ “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдсан клирингийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан арилжаанд оролцсоноор ийнхүү төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой.

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдаагүй үнэт цаасны компаниудаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох хөрөнгө оруулагчдын хувьд одоогийн төлбөрийн нөхцөлөөр буюу урьдчилан эх үүсвэрийг байршуулснаар арилжаанд хэвийн оролцох бөгөөд харин үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог Т+2 горимын дагуу 2 хоногийн дараа гүйцэтгэнэ.

Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн компаниудын холбогдох журмуудыг шинэчлэн батламжилж, санхүүгийн системд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэхтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын програм хангамж, системийн шинэчлэл, өргөтгөл, сайжруулалтыг хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хэвийн байдлыг алдагдуулахгүй, хөрөнгө оруулагч, оролцогчдын эрх ашгийг хөндөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчим нэвтэрснээр зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцоход  таатай нөхцөл бүрдэх зэрэг эерэг нөлөөтэй юм.

Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг төлөвшүүлэх, төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход дээрх горимын шинэчлэлт чухал үүрэг гүйцэтгэх юм.

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top