Тони Фергюсоны тухай солиотой 10 баримт

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Америкийн холимог тулаанч Тони Фергюсон 36 наслахдаа маш олон юм үзэж, туулсан хүн. Архинд орж, мэдрэл нь муудан, нэг хэсэг өөрийгөө Есүс гэж өргөмжилсөн удаатай. Гэхдээ энэ бүхэн түүнд UFC холбоонд 12 дараалан ялахад нь саад болж чадаагүй юм. Ингээд Хабиб Нурмагомедовын өрсөлдөгчийн талаарх 10 баримтыг хүргэе.

1. Ууж, тамхи татаж, таргалсан

Тони Фергюсон үргэлж одоогийнх шигээ булчинлаг сайхан байгаагүй. Дунд сургуульд байхдаа бөх, бейсбол, хөл бөмбөгөөр хичээллэж байсан ч коллежид ороод тэр спортоо хаясан юм. Бааранд ажилд орсон тул архи ууж, тамхи татах нь жирийн үзэгдэл. Удалгүй тэр 100 кг болж таргалсан байлаа. “Спортоор хичээллэхээ больсон нь би яг юу зорьж байгаагаа мэдэхийг хүссэнээс болсон юм. Бааранд ажилласан маань миний амьдралын хамгийн ашиггүй зүйл байсан” гэж Фергюсон “FOX Sports”-д ярилцлага өгөхдөө хэлж байв. Нэг найзынхаа зөвлөгөөгөөр тэр дахин тамирчин болсон юм. 2018 онд дахин архинд орсон ч удалгүй архийг амьдралаасаа бүр мөсөн хасжээ.

2. TUF-д бүгдэд үзэн ядагдсан

2011 онд Тони “The Ultimate Fighter” реалити-шоунд оролцсон. Оролцогчид байнга ууж, зугаацаж байлаа. Нэг удаа Чарли Рэйдер Тонигийн толгой дээр тоглоомоор ус асгахад Тони зодох гэж дайрч, ширээ эвдэлж байв. Шоунд оролцогчид бүгд түүнийг үзэн ядаж байсан ч Тони октагонд бүгдийг нь ялан, түрүүлсэн юм. TUF-13-д түрүүлээд Тони Мичиганд байгаа эцэг эхтэйгээ уулзахаар явлаа. Онгоц дотор тэр гэнэт уурлан, хүмүүс рүү дайрч эхэлсэн тул Мичиганд буунгуут нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ.

3. Хугарсан гартай тулалдсан

2012 оны тавдугаар сард Тони Деннис Холлмантой тулалдах ёстой байв. Гэвч Деннис гэмтэж, оронд нь сонгогдсон Тиаго Таварес ч бас бэлтгэл дээр гэмтэж орхилоо. Ингээд түүний эсрэг TUF-12 шоунд үзүүрлэсэн Майкл Жонсон гарч ирлээ. Эхний үед Тони ялагдаж, хоёрдугаар үед Жонсоны өшиглөлтийг хааж байгаад зүүн гараа хугалсан байна. Гэвч Тони тулаанаас гарсангүй. Ганц гараараа зодолдсоор цагаа дуусгаж, шүүгчдийн саналаар ялагдсан. Хугарсан гартай тулалдсан нь түүнийг гурван удаа хагалгаанд орж, хагас жил эмчлүүлэхэд хүргэсэн юм. Энэ ялагдал түүний сүүлийн ялагдал.   

4. Шилдэг тулааны шагналыг 9 удаа хүртсэн

Гараа эмчилж дуусаад Тони ялж эхэллээ. Энэ хооронд тэр шилдэг тулааны шагналыг найман удаа, шилдэг мэхийн шагналыг нэг удаа хүртэж, бонус мөнгө авсан. Түүний “Д'Арсе боох” мэх (тулаанч Жо Д ’Арсын нэрээр нэрлэгдсэн мэх) нь эзэндээ олон ялалт авчирсан. Тони энэ мэхээр 2013 онд Майк Риог, 2015 онд  Эдсон Барбозаг, 2016 онд Ландо Ваннатаг ялсан. 2018 оны Фергюсон, Энтони Петтис нарын тулаан 2018 оны шилдэг тулаан болж байлаа. UFC холбооны бонус 50 мянган ам.доллар байдаг. Тони Хабиб шиг их мөнгөөр тулалдаж байгаагүй ч 2017 онд Кевин Лиг ялаад 530 мянган ам.доллар авч байлаа (250 мянга авах ёстой хөлс, 250 мянга нь ялалтад, 30 мянгыг UFC холбооны ивээн тэтгэгчээс).

5. Хүнд жингийнхнээс айдаггүй

UFC 216 тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр Тони сэтгүүлчдийн асуултад хариулж байтал дэргэд нь суусан хүнд жингийн аварга асан Фабрисиу Вердум ярианд нь хөндлөнгөөс оролцоод байв. Тони эхлээд ярьж дуусахыг нь хүлээхийг эелдгээр гуйсан ч Фабрисиу тоосонгүй. Энэ үед Тони “Намайг ярьж байхад амаа хамхи” гэж загнасан юм. Вердум хариуд нь “Чи хөнгөн жиндээ ингэж ярьж болно, надтай бол болохгүй” гэснээр тэд зодолдох шахсан билээ. Дараа нь Вердум “Ганц цохиод алчих болохоор би түүнийг тэнд зодоогүй юм” гэж байв.

6. Бүдэрч унаад хүнд гэмтсэн

2018 оны дөрөвдүгээр сард UFC 223 тэмцээнд Тони Хабибтай тулалдах ёстой байлаа. Гэвч тэр өвдөгний чагтан холбоосоо тасалж орхисон юм. Бэлтгэл дээр биш, телевизийн студи дээр. ESPN-ий сэтгүүлч Бретт Окамото энэ талаар “Тэр телевизэд удаан уулзаагүй нэг танилтайгаа тааралдсан. Зүгээр алхаж яваад гэнэт танилаа хараад мэндлэх гээд огцом эргэтэл бүдрээд гэмтчихсэн. Ийм гэмтэл эдгэрэхэд л хагас жил хэрэгтэй. Дараа нь бэлтгэлээ эхэлж, тэмцээнд ороход ахиад хоёр сар хэрэгтэй байдаг” гэж хэлж байв. Гэвч Тони мэс заслын дараа зүгээр хэвтээд байдаг хүн биш. Хагалгаанаас гурван долоо хоногийн дараа Тони бэлтгэлийн танхимд очиж, бэлтгэл хийж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сард UFC 229 тэмцээнд Энтони Петтистэй тулалдаж, гарыг нь хугалан ялж байлаа.

7. Галзуу ярилцлага өгдөг

Тони октагоны гадна ч шуугиан тарьдаг. Заримдаа сэтгүүлчийн асуултад тун хачирхалтай хариулт өгдөг тул ерөнхийлөгч Дана Уайт түүнийг заримдаа солиорсон биш байгаа гэж айдаг гэнэ. Энтони Петтистэй хийх тулааны өмнө түүнээс сэтгүүлчид сэтгэл зүйн бэлтгэлийг нь асуухад тэр “Үхэр оготны зам гэж бий. Гэхдээ би үхэр оготно биш. Би бол яст мэлхий. Нинжа яст мэлхий. Та нарт хэн нь таалагддаг вэ? Надад Микеланжело” гэж хариулж байв.

8. Өөрийгөө Есүс, эхнэрээ шулам гэж нэрлэсэн

2019 оны хоёрдугаар сард Тонигийн гэр бүл хямралд ороод байлаа. Фергюсон галзуурсан мэт болж эхэлсэн ч эхнэр Кристина нь тэвчсээр байв. Эхлээд Тони “Сар хиртэж, үер бууна” гээд эхнэр, хүүхдээ аваад хөдөө очлоо. Тэнд долоо хоногийн дараа дахин солиорч эхэлжээ.

“Нэг сэрээд хартал Тони миний дээр зогсчихсон, намайг шулам гэж загнаж байсан” гэж Кристина дараа нь ярьсан. Удалгүй Тони гэрт нь нууц камер дүүрэн байна, хөлд минь байрлал тогтоогч чип хийчхэж, хүүгийн хоолонд хор хийж гээд жинхэнэ галзуурч эхэлсэн байна.

Ингээд Тони сэтгэцийн эмчилгээнд орохыг зөвшөөрсөн юм. Гэрээр эмчилгээ хийлгэж байхад нь Кристина аавтайгаа эргэж очтол Тони гэрийн бүх тавилгаа эвдлээд сууж байж. Учрыг асуутал хананы цаана нууц хаалга байх ёстой гэж зүтгэсэн тул цагдаа дууджээ. 2019 оны гуравдугаар сарын 5-нд түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр явж байтал түгжрэл дунд машинаас гарч зугтжээ. Хоёр хоногийн дараа хадмынхаа гэрт дайрч орон, нүцгэн байсан хүүгээ аваад бороон дундуур гарч зугтаасан байна.

Кристина шүүхэд хандаж, Тониг хүүхдэдээ ойртохгүй байх шийдвэр гаргахыг хүссэн байна. Тэрбээр “Тони өөрийгөө Есүс Христос гэж нэрлээд хүү минь ч Есүс гэж ярьсан. Би түүнийг намайг, хүүхдээ алчих байх гэж айсан. Өөрийгөө ч алах шинжтэй байсан. Гэхдээ би түүнээс салахгүй, тэр эдгэрнэ” гэж ярьж байлаа.

Тонигийн хоч нь Эль-Кукуй. Эль-Кукуй гэлэг нь үлгэр домгийн мангас юм. Тони эмчлүүлээд гарсан. Гуравхан сарын дараа тэр Дональд Серронег хоёрдугаар үед хүнд цохилтоор ялаад зогсож байв.

9. Бэлтгэл хангагч хэрэггүй

Тонигийн бэлтгэлийг өвөрмөц төрлийн урлаг гэж хэлж болно. Тэр бэлтгэл хангагч хэрэглэлгүй таван жил болж байна. Харин саяхнаас бэлтгэл хангагчтай болж, “Хабибийг би бэлтгэл хангагчаа л гэж боддог” гэж ярьсан юм. Холимог тулааны бүх багш, дасгалжуулагч, шинжээч нар хэт солиотой тул Тонигийн бэлтгэлийг хийхийг шавь нартаа хориглосон байдаг.

10. Өрсөлдөгчдийнхөө нүүрийг зэрэмдэглэдэг

Фергюсон тохой, өвдгөө хутга, хайч мэт ашигладаг тул түүнтэй зодолдсон тамирчид тулааны дараа цусан далайд хутгалдсан байдаг. Энэ зургуудыг харахад л ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top