“Страто” компанийн шороон тээврийг зогсоох шаардлагыг ЗТХ-ийн сайдад хүргүүллээ

2020 оны 03 сарын 30

-ЗТХЯ-наас Ажлын хэсэг гарч байгаль, экологи хохироосон газарт ажиллана гэв-

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг хийгээд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдаар шороон замаар нүүрсний тээвэр хийдэг “Страто” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтан, сайд нарт хүргүүлээд байсан. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс “Страто” компанид нүүрс нийлүүлэхээ зогсоогоод байгаа юм. Гэвч тус компанийн гаргасан байгаль, экологийг сүйрүүлсэн олон салаа шороон замаар өөр тээврийн компаниуд нүүрс тээвэрлэж, “Страто” компанид нийлүүлж буй мэдээлэл бий. Тиймээс өнөөдөр /2020.03.30/ дээр дурдсан иргэний нийгмийн байгууллага, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэдийн төлөөлөл шороон замын тээврийг зогсоох, тус улсын чанартай зам болгон өөрчилсөн нүүрс тээврийн замын ангиллыг өөрчлүүлэх албан шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд хүргүүллээ.

ВИДЕО ҮЗЭХ
 

Шаардлага хүргүүлэх уулзалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд хийгээд бусад холбогдох албан тушаалтнууд уг асуудалд анхаарал хандуулж, Ажлын хэсэг гарган, газар дээр нь очиж ажиллана гэдгээ мэдэгдэж санал хүсэлтийг хүлээн авсан байна.

Уг уулзалтын дараа "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, тус яамны газрын дарга нар удаа дараагийн шаардлагын дагуу биднийг хүлээж авч уулзсанд баяртай байна. Өнөөдөр гурван зүйлийг хэвлэлийнхэн, ард иргэдэд тодруулж хэлэх хэрэгтэй байх. Энэ компани иргэд олон нийтэд нэг өөр, төрийн байгууллагуудад бас өөр буруу ташаа мэдээлэл өгч байдаг юм байна. Нэг үгээр хоёр талд төөрөгдүүлсэн мэдээлэл өгөөд яваад байдаг гэсэн үг. Хоёрдугаарт, өнөөдрийн уулзалтад ТББ-ын төлөөллүүд, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дундговь аймгийн Баянжаргалан сум, Өлзийт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцлоо. Хууль зөрчсөн тодорхой асуудлууд байна. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас Ажлын хэсэг гаргаж энэ долоо хоногт ямар ч байсан газар дээр нь ажиллуулахаар шийдвэрлэлээ. Гуравдахь асуудал нь ерөөсөө энэ шороон замаар хүнд тээврийн машин явуулж байгаль, экологийг сүйтгэж буй асуудлаар төрийн яамд, байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай юм байна. Зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам асуудлыг шийдэх биш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бид шаардлага мэдээлэл, хууль зөрчиж байгаа баримтуудыг хүргүүлсэн. Тэгэхээр эдгээр яамд уулзаж асуудлыг илүү тодорхой ярьж хоорондоо уялдаж ажиллаж байж уг асуудлыг зогсоож хариуцлага тооцохгүй бол асуудал бүрхэгдээд үлдчих, хүчгүйдэх юмнууд байна гэж харж байгаа.

Энэ бол нэг компани, нэг замын асуудал биш. Шороон замаар хүнд даацын ачаа тээврийг хийж хууль зөрчсөн асуудлууд Монгол Улс даяар газар сайгүй явагдаж байна. Үүнээс болоод мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бүх юм алдагдаж байгаа юм. Тийм болохоор 430 км урттай, зарим газар 10 км хүртэл өргөн 14 салаа зам үүсгэж, байгаль орчныг ганцхан жилийн дотор аймшигтайгаар доройтуулсан хамгийн муу жишээ болсон энэ компанид анхаарлаа хандуулсан. Бид төрийн байгууллагуудад энэ шороон замын тээвэрлэлтийн асуудлыг нэгмөсөн журамлах төрийн бодлого гаргаж ажиллаач ээ гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа. Цаашдаа шат дараалсан арга хэмжээнүүдийг төрөөс авч ажиллах юм байна. Иргэний нийгмийн байгууллагууд өөрийнхөө хараа хяналт, үүргийг биелүүлж ажиллана. Ямар ч байсан Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, хуулийн дагуу шийдвэр гаргах чиглэлээр хамтран ажиллана гэдгээ сая мэдэгдсэн” гэсэн юм. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  


Х.МАНДАХБАЯР: БИД “СТРАТО” КОМПАНИЙН БАЙГАЛЬ, ЭКОЛОГИД ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙГАА АСУУДАЛ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЭГДТЭЛ ЗОГСОХГҮЙ
 

-“Страто” компанийн хувьд үйл ажиллагаа аль хэдийн зогсчихсон, дампуурчихсан гэдэг мэдээллийг газар дээр нь очиход өгч байсан. Олон жижиг компаниудад хуваачихсан. Одоо хариуцлага тооцьё гэхээр нэгдүгээрт, “Страто” компани өөрөө байдаггүй. Мөн нүүрс тээврийн хүнд даацын машинууд тус компанийн нэр дээр байдаггүй болохоор манайхтай хамаагүй гэх мэтчилэн  хариуцлагаас зугтах асуудал яригдаад байдаг. Үүнийг судалж үзсэн үү?

-Бид гурван аймгийн долоон сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ыг нэгтгэсэн албан бус ажлын хэсгийг Иргэний нийгмийн байгууллагууд оролцоод гаргасан байгаа. Бас гурван аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас төлөөллийг үүнд орж ажиллаач ээ гэдэг хүсэлт, мэдээллийг өнөө өглөө өгсөн. Жишээлбэл, Баянжаргалан сумын ганц пост дээр бүртгэгдсэн машины бүртгэлээс харахад найман компани тус шороон замаар нүүрс тээвэр хийж байгаа юм байна. “Страто” компанийн үүсгэсэн замаар хууль бус, хулгайн тээвэр хийж байна гэсэн үг. Сая Зам, тээврийн хөгжлийн яамны тодорхой албан тушаалтан “Энд ямар нэгэн нүүрс тээвэрлэх зөвшөөрөл өгөөгүй. Ямар нэгэн хүнд даацын ачаа тээвэрлэх зөвшөөрөл өгөөгүй” гэсэн нь өөрөө хулгайн тээвэр гэсэн энэ нэр томъёог хэрэглэх бүрэн боломжийг олгож байна.

-“Страто” компанийн нүүрс тээвэр зогссон уу?

-“Страто” компани гэрээ байгуулаад “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрсээ авч байсан. Харин нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагаар нүүрс олгохгүй болоод ирэхээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэдэг Зүүн цанхийн нүүрсний уурхайгаас гэрээ байгуулаад авчихсан гэдэг мэдээлэл ирж байгаа. Бид энэ мэдээллийг шалгаж байна. Нөгөө талд нь бол тодорхой компаниар энэ зам ашиглах гэрээ юмнуудыг давхар хийсэн байх магадлалтай байгаа юм. Зүсээ хувилгаж байна гэсэн үг. “Страто” компани олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад хууль бус үйлдлүүд нь ил болоод ирэхээр зүсээ хувилгаад үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх гарц хайж байгаа юм байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Жишээлбэл, Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа гэдэг хүн бол бидэнтэй хамт байж байна. Өчигдрийн тухайд гэхэд 45 машин ямар ч байсан яваад өнгөрснийг тоолсон байгаа байхгүй юу. Тэгэхээр “Страто” компанийн нүүрсний тээврийг зогсоочихлоо гэж байгаа боловч яг энэ цагт ч шороон замаар нүүрсний тээвэр үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс олгохоо зогсоочихоор өөр компаниас дахиад нүүрс авч байгаа ийм мэдээллүүд ирж байгаа юм.

-Та бүхнийг хууль зөрчиж, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгаа гэсэн мэдээлэл ялангуяа цахим орчинд нэлээд цацагдсан байна лээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тэгэхээр та бүхэн нэг зүйлийг л бодох хэрэгтэй. Дурын нэг аж ахуйн нэгж байгаль орчин сүйтгэх боломжийг эдлээд, хуулийг уландаа гишгээд, яамтай нь, орон нутгийн удирдлагуудтай нь, иргэдтэй нь, ард түмэнтэй нь элэг барих энэ их том хар хүч хаанаас гарч байна вэ. Бид мэдээллийг хэвлэл мэдээллээр ил тод болгоод ирэхээр эсрэг талд хэн нэгний захиалгаар явж байгаа юм шиг, ямар нэгэн байдлаар улс төрийн өнцгөөр хандаж байгаа мэт ийм хар гүтгэлгийг цацаж эхэлсэн. Цахим орчинд маш олон троллууд ажиллаж, хуурамч хаягнаас худал гүтгэлэг цацах нь сүүлийн долоо хоногт эрс ихэслээ. Хуулийн дагуу ажлаа хийж байгаа иргэд, жолооч нарыг энэ иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд зогсоогоод байгаа юм шиг ийм худал гүтгэлгийг цацаж, иргэдийг хооронд нь талцуулах байдал үүсгэж байна. Энэ асуудлаа “Страто” компанийн удирдлагууд, холбогдох хүмүүс зогсоогоорой гэдгийг хатуу хэлье. Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Страто” компанитай уулзах хүсэлтийг бидний нөхөд олон удаа гаргаж, оффис дээр нь шаардлага юмнуудаа хүргэж өгдөг юм. Биднийг дандаа үл тоосон байдал гаргаж байгаа. Телевизийн хэлэлцүүлэгт урьдаг, ирдэггүй. Уулзаж асуудлыг сурвалжилж, тодруулж тодорхой болгох санал тавьдаг. Мэдээлэл өгдөггүй. Ийм байдалтай байгаа. Хэвлэлийн бага хурал хийгээд ярихдаа бол өөрсдийгөө хууль зөрчөөгүй, бүх зүйл болж байгаа мэтээр ярьдаг. Гэтэл бодит байдал дээр асуудал огт өөр байгаа нь өнөөдөр тодорхой болж байгаа байх гэж бодож байна. Бид энэ асуудал хуулийн дагуу шийдэгдтэл зогсохгүйгээр явах болно.

-Та Зам, тээврийн хөгжлийн сайд хэд хэдэн асуудлыг шийдэхээр болсон гэлээ. Яг ойрын хугацаанд юуг шийдэх юм бэ?

-Хамгийн гол нь асуудлыг газар дээр нь очиж судлах ажлын хэсэг байгуулах чиглэл гарлаа. Асуудлыг судалж ирсний дараа сайдын эрдмийн зөвлөл, яамны харьяа холбогдох агентлагууд нийлж ярилцах юм байна. Бид үүндээ иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид, дээр нь орон нутгийн удирдлагуудад нээлттэй ил тод хэлэлцээч ээ гэж шаардаж байгаа. Нуугаад байх юм байхгүй. Хэрвээ хууль зөрчөөгүй байгаад бид асуудлыг тавиад байгаа бол тэр нь ч ил байг. Хууль зөрчсөн асуудал байгаа бол түүнийг хурдан түргэн шийдэх нь гол байна. Одоо мал төллөлт бараг дуусах шатандаа орж байна. Энэ их ажлын хажуугаар малчид зам хааж тэмцэх болтлоо туйлдсан байна шүү дээ. Тэр тоосжилт нь малчдын гол орлого болсон ноолуурыг нь үнэгүйдүүлнэ. Өмнөговийн Цогтцэций сумыг та бүхэн мэднэ. Тэнд одоо гурван том нүүрсний төсөл явж байгаа. Цогтцэций сумын ганц мал маллах, малчид амьдрах боломжтой бүс нутаг нь энэ Билгэх багийн нутаг юм. Яг энэ “Страто” компанийн сүйтгэчихээд байгаа газар нутаг байхгүй юу. Тэгэхээр тус сумын хамгийн сүүлчийн малын бэлчээрийн нутаг устаж байна гэсэн үг. Тийм болохоор малчид маань энэ асуудлыг хурдан түргэн шийдээч гэдэг үүднээс яг энэ коронавирусний хорио цээрийн үеэр зам дээр гарч жагсаал цуглаан хийх түвшинд хүрсэн байна л даа. Гэхдээ холбогдох сумын Засаг дарга нар нь Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу очиж байдлыг тайлбарлаж, иргэдийг тараасан ийм л байдалтай байна. Харамсалтай байгаа биз дээ. Бид нэг зүйлд итгэж байна. Энэ хууль зөрчсөн асуудлуудыг олон жил ярьдаг. Арав, хорин жил яриад шийдэгддэггүй. Тэгэхээр нэг жилийн дотор байгаль экологийг ингэж сүйтгэчихээд байгаа асуудлыг хол явчихаас нь өмнө хазаарлаж шийдэх хэрэгтэй. Улмаар яг энэ “Страто” компанийн жишээн дээрээс цаашдаа энэ шороон замын тээвэрлэлт, хүнд даацын ачаа тээврийн асуудлыг нэгмөсөн журамлах ийм төрийн бодлого хэрэгжээсэй л гэж хүсэж байна.

-Зам, тээврийн хөгжлийн яаманд дангаараа “Страто” компанийн эрхийг цуцлах, тэр шийдвэр гаргах эрх нь байдаг юм уу?

-Замтай холбоотой асуудлыг бодлогын яам нь хэрэгжүүлээд явах бүрэн чадамжтай.


О.БАДАРЧ: “СТРАТО” КОМПАНИ ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та орон нутгийн удирдлагын хувьд чамгүй хугацаанд “Страто” компанитай тэмцэж байгаа. Сүүлийн үед тус компани хариуцлагаас мултрах боломжтой болж байна гэсэн мэдээлэл гарах боллоо?

-Би бол тэднийг мултарч чадахгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл бид өдөр тутам тэр нөхдүүдтэй нүүр тулж ажиллаж байна. Ер нь бол Авто замын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль мөн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хууль, журмуудад маш тодорхой заалтууд бий. Анх 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Страто” компанийн төлөөлөл надтай ярьсан цагаас эхлээд хууль зөрчсөн асуудлыг дээр дурдсан бүх хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл шаардлага тавьж байгаа. Тэгснийхээ төлөө цагдаа, АТГ, шүүхэд дуудагдаж шалгуулдаг юм. Би гэм буруутай үйлдэл хийсэн бол өнөөдөр энд байхгүй байх ёстой. Тийм болохоор хуулийн дагуу явж байхад үнэн дийлнэ гэж үзэж байгаа. Энэ компанийн үйлдсэн үйлдэл нь тодорхой. Тэр ул мөр нь балрахгүй. Сүйрсэн байгаль орчин бол маргааш нь сайхан болчихдоггүй. Магадгүй маш олон жилийн байгалийн өгөөжийн үр дүнд эргэж сэргэдэг. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултрах юм байхгүй.

Сумын Засаг даргын хувьд 20-иод км зам дагуу хөрс сүйтгэсэн, дураараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан асуудлаар нь экологи, эдийн засгийн хохирол тогтоолгоод 724 сая төгрөгийн хохирлыг би шүүхэд нэхэмжилсэн. Ханбогдын шүүхэд хоёр удаа өгсөн, хоёр удаа буцаасан. Баянзүрхийн шүүх дээр харъяаллын дагуу өгөөд нэг удаа буцаасан одоо бид өгчихөөд байж байна. Хуулийн байгууллага дээр очихоор нааш цааш болоод байгаа юм бий. Гэхдээ надад мэргэжлийн байгууллагын тогтоогоод өгчихсөн баримт байгаа учраас би энэ үйл ажиллагаа зогстол нь үүнийхээ төлөө явна. Одоо хохирсон сумдын асуудлыг манай сумдын дарга нар хөөцөлдөх ёстой. Бүгд нийлэх юм бол байгаль экологи хохироосон маш их хэмжээний хохирол гарна шүү.

-Таныг яг ямар үндэслэлээр АТГ-т өгдөг юм бэ?

-Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэж өгдөг юм. Тэр нь юу гэхээр би нэг удаа ачилтыг нь зогсоох албан бичиг “Эрдэнэс Тавантолгой”-д 2019 оны тавдугаар сард өгсөн. Түүний дагуу гурав хоног зогсоосон. Тэр алдагдал хохирлоо нэхэж байсан. Гэхдээ би гурав хоног зогссон гэдэгт нь эргэлздэг юм. Бичиг авсан газраас надад “Бид дээрээс шийдвэргүйгээр гэрээгээ цуцлах боломжгүй” гэсэн хариу өгч байсан. Тэгж л би шалгагдсан. Мөн тэр явдал дээр би албан тушаалаа хэтрүүлсэн үү гээд үзэхээр Байгаль орчны хуулиндаа тов тодорхой заачихсан хуулийн заалтын дагуу ажилласан. Тэр байтугай Байгаль орчны тухай хуульд байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд сумын Засаг дарга хууль хяналтын байгууллагад өгөх, хохирлоо нэхэмжлэх эрх нь байсан. Тийм учраас би тэр дээр албан тушаал хэтрүүлсэн юм байгаагүй. Тэгээд шалгалтын явц дунд гэм буруу нотлогдоогүй.

-Захиргааны хэргийн шүүхэд хандаад яагаад амжилтгүй байгаад байгаа хэрэг вэ?

-Ханбогдын шүүх дээр эхний удаа хариуцагчийн хаяг тодорхой биш байна гээд буцаасан. Тэрнийг нь тогтоогоод өгөхөөр манай харъяалал биш гээд буцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн шүүхээс эхний удаа буцаасныг би сайн ойлгохгүй байгаа юм. Бараг л “Та үүнийг хувийн зүгээс нэхэмжлээд байгаа юм уу, төрийн өмнөөс нэхэмжлээд байгаа юм уу тодорхой бус байна” гэсэн юм байна лээ. Гэтэл би чинь сумынхаа Засаг дарга хүн. Газар бол ард түмний баялаг биз дээ. Түүнийг сүйтгэснийг далимдуулаад хэдэн төгрөг нэхэмжилж аваад өвөртлөнө гэж юу байх вэ дээ. Мэдээж, төрийнхөө нэрийн өмнөөс нэхэмжлэнэ шүү дээ. Бид дахиад нэхэмжлэхээ өгчихсөн байгаа. Чимээгүй л байна. Ямар учраас удаад байгааг би хэлж мэдэхгүй юм.  

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Био комбинат(202.126.89.138) 2020 оны 03 сарын 30

Био комбинатын цаана өчнөөн жил хайрга зөөлөө. Засаг дарга нь ч тоохгүй Оюунхорол нээх худлаа очоол сүржигнээд шоудаад байсан шал худлаа. Тэрийг зогсоож чадах мэдэлтэй сэтгэлтэй хүн байна уу

0  |  0
(202.179.25.95) 2020 оны 03 сарын 30

shuud shataagaad delbe shaa

0  |  0
иргэн (103.212.116.23) 2020 оны 03 сарын 30

хуули бусаар ажилладаг уурхайнуудыг зогсоох ни түмэн зөв тэр 5н толгой эниржй ни л бхд бол оо.бусад ни ирээдүй хойч үе .үр хүүхдүүдэд мини үлдэг .. шуналтануудаа .

0  |  0
зочин (49.0.191.250) 2020 оны 03 сарын 30

АН-ын муухай харагдуулж байгаа хүн бол МАНАН-ын хамгаалагч Эрдэнэ ван мөн. харин ЗИ бол ард түмнийи төлөө сэтгэлтэй хүн мөн шүү

2  |  0
Монгол геологич(64.119.18.174) 2020 оны 03 сарын 30

Энэ хүнд хэцүү үед нэг ч гэсэн тн нүүрсийг гаргаж байвал дээр биш үү. Страто нүүрсээ угаавал бүр их дойлуур орж ирнэ шүү дээ. тиймээс энэ цагаа олоогүй улс төр бна.

0  |  2
Tsog(103.26.193.76) 2020 оны 03 сарын 30

Yoo uilaad unahvii gj gesen airai uilsangui

0  |  0
Top