Хавдраар өвчлөгсдийн 80 хувь нь хүндэрсэн шатандаа эмнэлэгт ханддаг

2020 оны 03 сарын 30

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тусламж үзүүлж, зовуурь шаналгааг нь хөнгөвчилдөг-

 

“Мөнгөн гүүр” эмнэлэг нь Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг нэвтрүүлээд жил болж байна. Энэхүү үйлчилгээний талаар тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Эрдэнээгээс тодруулсан юм.

 

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг нь ямар үйлчилгээг хэлээд байна вэ?

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг нь хорт хавдрын төгсгөлийн шатандаа орсон үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүй , оюун санааны тусламж үзүүлж, өвчтөний өвдөлт болон биеийн зовуурь шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Өвчиндөө шаналсан хүмүүсийг асрах, сувилах, эмчлэх  цогц үйлчилгээ гэсэн үг л дээ.

-Энэхүү үйлчилгээг танай эмнэлэг хэзээнээс эхэлж нэвтрүүлсэн бэ?

-Манай эмнэлгийн онцлог нь эрчимт эмчилгээний тасагтаа хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай өвчтөн хэвтүүлж байгаа юм. Манай эмнэлэг нь хөнгөвчлөх үйлчилгээг үйлчлүүлэгчдэд зохих стандартын дагуу албан ёсны  зөвшөөрөлтэйгөөр өнгөрөгч оноос эхэлж энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Засгийн газраас бодлогоор энэ чиглэлийн эмнэлгүүдийг нэмэгдүүлсэн ч орны хүрэлцээ үргэлж дутмаг байдаг. 100 мянган хүн ам тутамд 135,5 хүн хорт хавдраар оношлогдож байна. Энэ нь жилдээ 4000-5000 хавдрын өвчтэй хүн оношлогдож байна гэсэн юм. Үүнээс 80 гаруй  хувь нь өвчний төгсгөлийн шатанд ирж, нас барж байгаа нь  маш эмзэглүүштэй.

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасагт  ямар, ямар шинж тэмдэгтэй хүмүүс хэвтдэг вэ, үйлчилгээ болоод төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Хамгийн гол асуудал нь өвчтөний өвдөлт юм. Энэ зовуурь ар гэрийхэн болоод, эмчилж байгаа эмч сувилагч ер нь хүн бүрийн айдаг зовуурь шаналгаа байдаг. Иймээс өвдөлтгүй болгоно гэдэг нь хамгийн чухал асуудал. Хатуухан хэлэхэд өнөө, маргаашаа хүлээж байгаа хүмүүсийг л ая тухтай асарч сувилах л үйлчилгээ юм шүү дээ. Тодруулбал, гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй хүчтэй өвдөлттэй, амьсгал давчдах шинж тэмдэгтэй, цус алдалттай, их хэмжээний хаван үүссэн, задарч буй хавдартай, хими туяа эмчилгээний дараах хордлого ихтэй, сэтгэл санааны гүн хямралд орсон, тураалтай, ясны хугаралтай, ходоод гэдэсний замын цооролттой, яаралтай мэс ажилбар шаардлагатай, нойргүйдэлтэй, гэдэсний түгжрэлтэй, шээс хаагдалттай, хэвтрийн цооролттой хүнд хүмүүсийг хүлээж авдаг. Манай эмнэлэг дээрх үйлчилгээг эрчимт эмчилгээний тасагт, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, үйлчлэгч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй 24 цагийн тасралтгүй хяналт дор, эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон авто машинаар үйлчилдэг. Эрчимт эмчилгээний тасаг маань дөрвөн ортой. Ор хоногийн 50 мянган төгрөг байдаг.

 

Хүн зовуурьгүй л байх юм бол сэтгэл санаа нь өөдрөг байна. Сэтгэл санаа нь өөдрөг байж гэмээнэ амьдралын чанар сайжирч удаан амьдарна. Маш их өвдөлттэй үүнээсээ болоод сэтгэл санааны гүн хямралд орчихсон, сэтгэлээр унасан хүмүүс их ирдэг. Тиймээс тэдний өвдөлтийг намдааж  сэтгэл зүйг засах, сэргээх эмчилгээ хийсэн үед өөрийгөө хавдартай гэдгээ ч мартчихдаг. Ингэснээр дархлаа нь ч сэргээд, өвчин даамжирч хүндрээгүй тохиолдол бий.

 

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасагт хэвтсэнээр өвчин зовууриасаа түр ч гэсэн ангижирч, амьдрах хугацаа нь төдий чинээ уртсах юм байна шүү дээ?

-Тийм. Хүн зовуурьгүй л байх юм бол сэтгэл санаа нь өөдрөг байна. Сэтгэл санаа нь өөдрөг байж гэмээнэ амьдралын чанар сайжирч удаан амьдарна. Маш их өвдөлттэй үүнээсээ болоод сэтгэл санааны гүн хямралд орчихсон, сэтгэлээр унасан хүмүүс их ирдэг. Тиймээс тэдний өвдөлтийг намдааж  сэтгэл зүйг засах, сэргээх эмчилгээ хийсэн үед өөрийгөө хавдартай гэдгээ ч мартчихдаг. Ингэснээр дархлаа нь ч сэргээд, өвчин даамжирч хүндрээгүй тохиолдол бий. Энэ тохиолдолд өвдөлтийн 4-р шатны эмчилгээ хийсэн юм. Маш их өвдөлттэй морфин болон олон төрлийн өвдөлт намдаах эмэнд өвдөлт намдахгүй байгаа үед хийдэг эмчилгээний арга юм. Энэ эмчилгээний арга нь тухайн өвдөлт үүсч буй эрхтэнийг мэдрэлжүүлдэг мэдрэл рүү тариа хийж хориг үүсгэж өвдөлт намдаадаг арга юм. Энэ хүн маань бүрэн эдгэрээгүй ч  хавдар нь даамжраагүй, биеийн байдал нь тогтвортой байгаа. Тэгэхээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээг өвчнийг нь эдгээнэ гэж ойлгож болохгүй шүү. Манай монголчууд хайртай дотны хүмүүсээ  хажуудаа элгээ дэвтээгээд нэг ч хоног гэсэн амьд байлгах юм сан, эцсийн мөчид тэр хүндээ хоргодох юмгүй, өөрсөддөө ч харамсах зүйлгүй  байх юм сан гэж боддог хүмүүс шүү дээ. Энэ хөнгөвчлөх эмчилгээг мэддэггүй хүмүүс их байдаг юм байна лээ. Манай эмнэлэгт бүр  хоёр сар хэвтсэн өвчтөн ч байсан. Гол нь үйлчлүүлэгчийнхээ ар гэртэй нь сайн уулзаж ярилцаж, эдийн засгийн асуудлыг нь эртхэн шийдүүлэх хэрэгтэй байдаг.

-Ам бүл муутай, асарч харах хүнгүй өвчин зовуурьтай шаналсан ахмад настнуудад тун хэрэгтэй үйлчилгээ шиг санагдлаа?

-Хань ижил нь өнгөрчихсөн, халамжлах асрах хүнгүй хүн, таны хэлсэн шиг ам бүл муутай, дэм тус болох хүнгүй гар мухардсан, хэвтэрт орсон хүмүүст нэн шаардлагатай үйлчилгээ. Дэлхийн дээр ахмад настнуудын эзлэх хувь ихсэх хандлагатай байна. Тэдгээр хүмүүс хавдрын болон архаг хууч өвчнөөр өвчлөх нь их байдаг. Тийм учраас урьчилан сэргийлэх үзлэгийг жил тутам үзүүлж байх шаардлагатай гэж үздэг. Монголчууд эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна. Манай улсын нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдар байдаг. Монгол улсад элэгний хавдар, ходоодны хавдар, уушгины хавдар, эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар өндөр хувийг эзэлдэг. Манайд  хорт хавдар гурав, дөрөвдүгээр шатандаа буюу төгсгөлийн шатан оношлогдож байгаа нь иргэд маань эрүүл мэндийн боловсрол маш муу байгаатай холбоотой.

-Та монголчуудын эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна гэлээ, хорт хавдраас эрт урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээг иргэд авч байх ёстой вэ?

-Хугацаа алдахгүй эрт шинжилгээ, оношилгоо хийвэл эдгэрэх боломжтой байтал бүр хүндрүүлээд өвдөөд намдахгүй болсон үед эмчид ханддаг. Хавдраар өвчлөгсдийн 78,8 хувь нь өвчний гурав, дөрөвдүгээр шатандаа орчихсон ирдэг ба үүний 85,4 хувь нь эмчлэгдэх ямар ч боломжгүй тавилан муутайгаар шийдэгддэг. Иргэдэд дахин дахин хэлэхэд хамгийн наад зах нь өрхийн эмнэлэг дээр ч “в”, ”с” вирусний шинжилгээ үнэгүй хийдэг шүү дээ. Ер нь эдгэрдэггүй өвчин гэж байдаггүй, гол нь хугацаа алдахгүй л оношлуулах, эмчлүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт сайн хамрагдаж байгаарай эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөг сайн дагаж байгаарай гэж хэлэх байна даа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(103.229.123.211) 2020 оны 04 сарын 04

Yun teneg zurgaa avhuuldag ym be de

0  |  0
zochin(45.117.32.6) 2020 оны 03 сарын 30

saihan medeelel ugsund bayarlalaa, am bul ih ch gesen yag yasaa tulahaar hajuud ni asraad baihaar hetsuu shuu

0  |  0
Top