"Сүүлийн 48 цагт Монгол Улсад КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.30/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Халдвар авч, эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Энэ бол сайн мэдээ. Эдгээр хоёр иргэнээс сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдгүүд бүрэн арилсан учраас бид хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд гаргах гэж байна. Гэхдээ энэхүү хоёр хүн маань 14 хоног өөрсдийгөө гэртээ хянах ёстой. 

2020 оны гуравдугаар сарын 29-нд шинэ коронавирусний халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа буюу ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт тав, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 

2020 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэв. 

Top