Цар тахлын эсрэг тэмцэж буй ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр. Хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үүргийг хуулиар биш чин сэтгэлийн тангарагаараа хүлээсэн онцгой хүмүүс бол ЭМЧ НАР. Дэлхийн долоон тэрбум хүний эрүүл мэндийн манаанд өдөр, шөнийг үл умартан зүтгэж буй сая сая эмч нарыг алдаршуулах өдөр ӨНӨӨДӨР тохиож байна.

Өнөөдөр 2020 оны гуравдугаар сарын 30. Энэ өдөр дэлхийн бүхий л улс оронд эмч, мэргэжилтнүүд хүний амь насыг аврахын төлөө нэг ч хором алдахгүйг хичээн ажиллацгааж буй билээ.

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын тархалтыг барьж тогтоох нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш, улс орнуудын эв нэгдэлтэй, хамтын ажиллагаанаас хамаарах зүйл гэдгийг ДЭМБ-ын зүгээс мэдэгдэж байгаа.

Гэхдээ ачааны хүндийг ЭМЧ НАР нуруундаа үүрч, цар тахалтай тэмцэх фронтод 24 цагаар ажиллаж байгааг сануулъя. Монгол Улсад ч нөхцөл байдал тийм л байгаа.

Гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдлуудыг илрүүлэн, цаг алдалгүй арга хэмжээ авч, эмчилгээг шуурхай хийж, бусад монгол иргэдээ халдвараас хамгаалах ажлыг эмч нар л гардан гүйцэтгэж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ  “Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань хэзээ хэзээнээс илүүтэй эр цэргийн нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ коронавирус гэдэг цар тахлыг даван туулахын төлөө ОНЦ БАЙДАЛ зарлаад байна” гэснийг тодотгоё.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.147) 2020 оны 03 сарын 30

Дайны үед цэргүүдэд нөхөн олговор олгодог шиг эмч нарт нөхөн олговор

1  |  0
Top