КОВИД-19 | Оксфордын эрдэмтэд вакцинаа хүн дээр туршиж эхэлнэ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Женнер хүрээлэнтэй хамтран “ковид-19” вирусний эсрэг вакциныг хүн дээр туршихад бэлэн болсноо зарлалаа.

Одоогоор Английн 18-55 насны 510 иргэн сайн дураар туршилтад хамрагдахаар болж, судалгааны ажил эхлэх нөхцөлөө бүрдүүлсэн байна.

Эрдэмтдийн баг аль болох хурдан хугацаанд вирусний эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаагаа дуулгасан юм. Өмнө нь ямар ч өвчний эсрэг вакцины хүн дээрх туршилт тухайн өвчин дэгдсэнээс хойш гурван сарын дотор бэлэн болж байгаагүй аж.

Сайн дураараа хамрагдах иргэдийг өнгөрсөн баасан гарагт шинжилгээнд хамруулж, тэнцсэн иргэдийг лабораторид тусгаарлажээ.

“Бид урд өмнө байгаагүй хурдан хугацаагаар вакцин бий болголоо. Хүн дээрх туршилт амжилттай болсон тохиолдолд магадгүй төсөөлснөөс хурдан хугацаанд иргэдэд хүрэх боломжтой” гэж Оксфордын их сургуулийн дэргэдэх Женнер Хүрээлэнгийн захирал, профессор Адриан Хилл ярьсан байна.

Сайн дурынхныг элсүүлэх ажил дуусаагүй бөгөөд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг одоо ч гэсэн бүртгэж буй аж. Их Британийн холбогдох байгууллага туршилтын ажил эхлэх зөвшөөрлийг олгожээ.

Вакцины туршилтыг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн ажилчид биечлэн хянах юм.  

Эх сурвалж: Live Mint

 

Top