Хямралын дараах СЭРГЭЛТ ба Тахлын үеийн БОДЛОГО

2020 оны 03 сарын 29

 

ОУВС ирэх сарын дундуур дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай шинэчилсэн тоймыг нийтэд танилцуулна. Дэлхийн эдийн засаг хямарч эхэлснийг баталгаажуулсан мэдээллийг албан ёсоор дэлхий дахинд танилцуулна гэдгийг шинжээчид хэдийнэ хэлж, ярьцгааж байна.

Ер нь бол эдийн засгийн аливаа хямралын дараа СЭРГЭЛТ эргэн ирдгийг улс орнуудын олон арван жилийн замналаас  харж болно. Тэгвэл энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь төсөв болон мөнгөний  бодлогын өөрчлөлтүүд дангаараа биш юм.

Тодруулбал,  коронавирусний тархалт хэзээ хумигдахаас хамаарч байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын нэг БНХАУ-д эхэлж цохилт өгсөн  коронавирус яг өнөөдрийн байдлаар АНУ-ыг бүрэн хамарч, тархаад байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ буулгаж, зөөлөн бодлогоор эдийн засгаа дэмжих арга хэмжээг аль хэдийнэ аваад эхэлсэн. Гэхдээ халдварын тархалтын хурд өндөр байгаа нь бодлогын энэхүү арга хэрэгслийн нөлөөллийн үр дүнг бүдгэрүүлэх эрсдэлтэй дүр зураг харагдаж буйг тодотгоё.

БНХАУ коронавирусний тархалтыг барьж тогтоосон ч түүнээс хамаарсан шокноос ганцаараа гараад явчих боломжгүй тийм л эдийн засгийн нягт харилцаанд улс орнууд орж, сүлжилдсэн ийм цаг үед тахлаас хамаарсан эдийн засгийн хямрал тохиож буй нь яах аргагүй онцлогтой байна л даа. Дотооддоо шинэ халдварын тохиолдол гарахгүй байгаа ч гаднаас өвчин шинээр импортлохгүй гэсэндээ гаднынхныг нэвтрүүлэхгүй бодлого барьж байна. Эдийн засгийнх нь гол чухал салбар болох аялал жуулчлал нь бүхэлдээ зогссон.

Товчхондоо бол дэлхийн эдийн засаг хямралтай нүүр тулчихлаа. Хямралаас гарах арга зам нь цар тахлыг даван туулахаас, цар тахалтай хийх тэмцлээс хамаарч буй тул даван туулах арга хэмжээнүүд нь өнгөрсөн зуунд тохиосон  хямралуудын ард гарахын тулд авч, хэрэгжүүлж байсан уламжлалт бодлогуудад өөрчлөлт хийхийг нэг талаас шаардаж байна.

Ер нь бол дэлхийн улс орнуудад тохиож байсан эдийн засгийн хямралуудын ихэнх  нь богино хугацаанд үргэлжилдэг ба сэргэлтүүд хүчтэй байдаг. Жирийн тохиолдолд хямрал ойролцоогоор жил гаруй  хугацаанд үргэлжилдэг бол сэргэлт ихэнхдээ тав ба түүнээс дээш жил үргэлжлэх нь элбэг. Хямралын дараах сэргэлт ЭРГЭЖ-ОЙХ нөлөөний улмаас хүчтэй байдаг. Өндөр хөгжсөн орнууд дахь хямрал, эдийн засгийн тэлэлт нь цаг хугацааны эрхээр 1980-аад оны дундаас өөрчлөгдөж,  давтамжийн хувьд багасаж, зөөлөрсөн бол эдийн засгийн тэлэлт илүү удаан хугацаагаар үргэлжилдэг болсон гэсэн дүгнэлтийг ОУВС-гийн  судлаачид хийсэн байгаа юм.

 

Харин энэ удаагийн хямралт  байдал нэг жил үргэлжлээд илааршихгүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, ухаарч байна.

Коронавирусний эсрэг вакциныг гаргаж авах хугацаа 12-18 сар шаардаж байхад, улс орнууд халдварыг хяналтаасаа алдаад байхад, эдийн засаг нэгхэн жилийн дараа өргөс авсан юм шиг өнгө засна гэдэг боломжгүй биз ээ.

Тэгэхээр хямралаас тусах сөрөг нөлөөллийг хэрхэн яаж бууруулах вэ. Хэрхэн яаж нөхцөл байдалд “дасан зохицсон” маягийн бодлого барих вэ. Хямрал өшөө цаашид үргэлжлэх тохиолдолд дараа дараагийн бодлого, шийдвэрийн нөөц юу байх вэ гэдэг асуудал дэлхийн улс орон бүрийн өмнө тавигдаж байна. Мэдээж Монгол Улсад ч гэсэн адил.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар хуралдаж, эдийн засгийг дэмжих чиглэлээр ДОЛООН ШИЙДВЭР гаргасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана гэсэн тооцооллыг Ерөнхий сайд хэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Долоо хэмжиж, нэг огтолж” гаргасан шийдвэр гэж тайлбарласан.

Коронавируснээс хамаарсан хүндрэлт байдал үүссэн энэ үед эдийн засагчид ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа.

Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир “COVID-19 шокийн үргэлжлэх хугацаа, глобал хамтын ажиллагааны үр дүн, дотоод макро бодлогын уялдаа нь бид хямралыг “хохирол багатай давах уу” эсвэл “илүү гүнзгий хямралд орох уу” гэдгийг тодорхойлно.  Жижиг нээлттэй, эрдэс түүхий эдээс хэт хамааралтай, бүр секторын өрийн хүндрэлтэй эмзэг эдийн засгийн хувьд бодлогын сонголтод няхуур хандах ёстой. Хэрэв энэ шокийн үр дагавар дэлхийн эрдэс түүхий эдийн зах зээлд “урт” хугацаанд үргэлжлэх бол төсвийн болон мөнгөний Stimulus нь үр дүндээ хүрч “амжилгүй”, гадаад нөөцөө '”шавхаж”, улсын өрөө “тэнгэрт” тулгаад “ханшийн, санхүүгийн, өрийн” гэсэн гурвалсан хямралыг хурдасгана. Энэ тохиолдолд “салхийг сөрөх бус, салхинд амьд үлдэх”  стратеги илүү үр дүнтэй байж магадгүй. Өөрөөр хэлбэл, глобал эдийн засгийн төлөв L хэлбэртэй эсвэл U хэлбэртэй байхаас цаашдын бодлогын сонголт хамаарах ёстой болно. Глобал эрдэс түүхий эдийн үнийн уналт “илүү удаан хугацаанд” үргэлжилж, Оюутолгойн ГШХО зогссоноор 2012-2016 оны monetary stimulus нь өр хуримтлуулж, гадаад нөөц шавхагдаж, ханшийг сулруулж, 2015-2016 оны эдийн засгийн хүндрэлээр төгссөн. Иймд нөхцөл байдлыг мэдэрч “хурдасгуур”, “тормос”  гишгэх нь чухал. Макро бодлогууд өөр өөрийн онцлогтой. Төсвийн бодлогын хувьд шийдвэр гарах хүртэл хугацаа удаан, хөшүүн байдаг бол шийдвэр гарснаас хойш нөлөө нь хурдан, хүчтэй байдаг. Харин мөнгөний бодлогын хувьд шийдвэр гарах хүртэл шуурхай боловч, шийдвэрийн дараа үр дүн гарах хүртэлх хугацаа нь удаан юм.  Төсвийн stimulus-ийн хувьд хурдан, хүчтэй нөлөөтэй боловч, засгийн газар ямар "багц" санал болгохоос хамаарч популизм эсвэл авлигалд хөтлөх эрсдэлтэй гэж үздэг. Ковидномиксийн хувьд “байгаа оносон” төсвийн stimulus гарцаагүй чухал. Манай улсад зарлаад буй төсвийн stimulus-ийн зарим арга хэмжээ нь “байгаа оносон” боловч, зарим арга хэмжээ нь "хэт хавтгайрсан” буюу популист (үүсч буй хүндрэлд өртсөн, өртөөгүй ижил хөнгөлөлт үзүүлэх гэх мэт) орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх хэлбэртэй гэх болгоомжлол гарч байна.

Төсөв, мөнгөний тэлэлт нь эдийн засгийн уналтыг удаашруулж, "зөөлөн газардах"-д тусална. Зээлийн эргэн төлөлтөөр санхүүгийн зах зээлд орж ирж буй хүндрэлийн сөрөг нөлөөг зөөлрүүлнэ. Гэхдээ өрийн тогтвортой байдлын 'даац', гадаад валютын нөөцийн "тэнхээ"-нээс даваад эхэлбэл дээрх гурвалсан хямрал руу хурдан хөтөлнө. Иймд нэгэнт төсвийн stimulus хийгдэж байгаа бол ханшийн дарамтыг багасгахад мөнгөний бодлого нь “тормос” гишгэх ёстой болно. Үүнийг эдийн засгийн ухаанд 'боломжгүйн гурвал'-аар тайлбарладаг. Санаа нь маш энгийн: Төсвийн тэлэлтээр чөлөөлөгдөж буй 100 төгрөг тутмын 50 төгрөг нь импорт болж, валютын гарах урсгал нэмэгдүүлэх, ханшийн хүлээлтээр сулрах дарамтыг бий болгох бол ханшийг тогтмол барих хэмжээний валютын нөөцгүй, санхүүгийн урсгал бүрэн либералчлагдсан манай орны хувьд Төгрөгийн өгөөжийг өндөр байлгах, эдийн засгийг тогтворжуулах сонголт үлдэнэ. Энэ нь бодлогын хүүг цааш бууруул гэсэн "захиргаадалт" байх боломжгүйг илтгэнэ. Мэдээж "захиргаадаж" болно, энэ тохиолдолд Төгрөг ам.долларын эсрэг цаас болно. Ингээд асуудал зогсохгүй, гадаад валютын өр, зээлтэй иргэн, аж ахуйн нэгж хүндрэлд орж, улсын default-ын асуудал ч яригдана. Эдгээр нь онол, тоо, түүхэн бармтаас гарч буй ажиглалт. Гэхдээ эдгээр зарим муу үр дагаварт хүрэхгүйгээр төсвийн болон мөнгөний тэлэлтээ хийгээд эдийн засгийн хямралыг "аятайхан" даваад гарахад Монголчууд бидний үйл хэрэг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид “эх оронч” байж, төсвийн тэлэлтээс орж ирэх орлогоо импорт болгочихгүй, ноён ногоон руу руу хөрвүүлэхгүй тохиолдолд дээрх "муу ёрлолт" бий болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн энэ нөхцөл байдалд зардлын тэлэлтийн бодлого барих биш бүсээ чангалах бодлого барих нь дараа дараагийн эрсдэлүүдийг ижил тэнцүү түвшинд мэдрэх, дархлаатай байхад хэрэгтэй гэсэн байр суурийг зарим эдийн засагчид илэрхийлж байгаа бол иргэдийнхээ орлогыг хамгаалсан шийдвэрийг Засгийн газрууд гаргах ёстой гэсэн байр суурийг олон улсын эдийн засагчид хэлж, сануулж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hd(98.204.176.20) 2020 оны 03 сарын 29

12-18 sar vaccin huleeh uu? Arai Ugui bhaa

0  |  0
Top