Коронавирусний улмаас эрэлт муу байсан нь шатахуун нөөцлөх боломж бүрдүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлд долоон арга хэмжээ авах шийдвэрийг баасан гарагт гаргасан. Тухайлбал,  2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэсэн.

Тэгвэл Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн нөхцөл байдал ямар байгааг тодотгоё. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр мэдээлэл өгөхдөө  “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой.

Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой.  Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх ёстой чиглэл барьж байгаа” гэсэн.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22  ам.доллар болж буурсан нь  шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. COVID 19 вирусний  улмаас Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан юм. Одоогоор дотоодын зах зээлд АИ-92 шатахууны 30, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа нь нийтдээ энгийн үетэй харьцуулахад 10 хоногийн илүү нөөцтэй байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Top