“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ШААРДЛАГА хүргүүллээ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-аас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудад өнөөдөр /2020.03.26/ хүргүүллээ.

ШААРДЛАГАД

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ууд TV8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгээр дамжуулан Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Страто” ХХК-тай холбоотой асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга, ярилцлага, ТВ хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудын байр суурь, баримт нотолгоог нийтэд ил тод мэдээлж байна.  Үүний дагуу бид нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй “Страто” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дараах шаардлагыг хүргүүлж байна гээд дараах үндэслэлийг иш болгожээ.


1. “Страто” ХХК-ийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох.


Үндэслэл
 

  • “Страто” ХХК нь 2019 онд БОМТ – г батлуулаагүй, огт байхгүйгээр үйл ажиллагаа явуулсан
     
  • Шивээ Овоогийн нүүрсний шүүрлээс бүрдсэн Хаялга нуурын уснаас хэрэглэхээр ТЭЗҮ- болон БОНБҮ-д тусгасан хэдий ч одоог болтол ашиглаагүй, хашаандаа зөвшөөрөлгүйгээр 2 гүний худаг гаргаж 2019 оноос бүтэн жил үйл ажиллагаа явуулсан
     
  • Нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн 2018.10 сараас хойш 7 сарын дараа 2019.05.20-нд БОНБҮ-г нөхөн хийлгэж БОНБҮ-ний тухай хууль зөрчсөн байна.
     
  • БОНБҮ-ний тухай хуулийн  18.5 болон БОАЖЯ-ны сайдын 2014 оны А03 тоот тушаалаар батлагдсан “БОНБҮ-д олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ыг огт мөрдөөгүй, багийн ИНХ-аар хэлэлцүүлж санал авах тухай, тогтоол, тэмдэглэлийн хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй, оролцоог хангаагүй тул эрх зүйн чадамжгүй байна.


2. Таван толгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн дагууд нүүрсний тээвэрлэлтийг нэн даруй зогсоох


Үндэслэл
 

  • Уг чиглэлд хийгдэж байгаа нүүрсний тээвэр нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 379-р тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж заасныг зөрчиж байна.
     
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, ТЭЗҮ батлуулалгүйгээр Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын 13 багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч нийт 430 гаруй километр газарт 10 хүртэл километр өргөнтэй, 13 хүртэл эгнээ зам үүсгэн тээвэр хийж байгаа нь байгаль орчинд нэн хортой нөлөөлөл үзүүлж, экологийн хохирол учруулсаар нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Мөн дээрх гурван аймгийн долоон сумаас гадна, Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ч байгаль, экологийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
     
  • Тухайн маршрутын дагууд Их газрын чулуу, Заган усны Байгалийн нөөц газар, Уул хадаргана аймгийн тусгай хэрэгцээний газар, отрын бүс нутаг, морь уралдуулах газар зэргийг дайран өнгөрч байгааг харгалзан үзэх шаардлагатай.
     
  • Замын ажил явуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласан


3. Хууль зөрчсөн олон тооны үйлдлийн жишээ болж байгаа “Страто” ХХК-тай холбоотой дээрх зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах зорилготой хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллах


Үндэслэл
 

  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, ЗТХЯ, МХЕГ, АМГТГ, БХБЯ, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын болон иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тэгш хангаж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.


4. “Страто” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас экологид учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээ хийлгүүлж, экологи, хүн амд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх


Үндэслэл
 

  • 430 км шороон замд үүссэн экологийн хохирол
     
  • Зам дагуух иргэд, малчдад учирсан хохирол
     
  • Зөвшөөрөлгүй гүний худаг гаргаж, ус ашигласны хохирол зэргийг нэн яаралтай тогтоож, хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх  
     

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pkxny(202.131.230.86) 2020 оны 03 сарын 27

зика баларчээ. томроод байсан. зикагаас төрийн өмчөө буцааж авах хэрэгтэй. тэгээд ард иргэддээ хувааж өгөх, хувьцаа олгох ч юм уу. хариуцлага ярихгүй тооцохгүй байхаар нэг муу гэр бүлийн эрх ашиг улсын эрх ашгаас дээгүүр тавигдаад байна.

2  |  0
У(192.82.74.216) 2020 оны 03 сарын 27

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг яаралтай буцааж аваач жинхэнэ поп Оюуэрдэнээ

2  |  0
Иргэн(192.82.77.100) 2020 оны 03 сарын 26

Занданшатараа! Нөгөө хэдийгээ дагуулаад очиж зогсооно байгаа.

0  |  0
Хөдөө арал хөдөлгөөн(59.153.115.53) 2020 оны 03 сарын 27

Энэ хоёр ТББ хамтарсан үйл ажиллагаагаараа Энэ уурхайн хууль бус үйлдлийн талаар Экологийн цаг нэвтрүүлгээр олон нийтэд хүргэж дараа нь орон нутагт ажиллан ард иргэд ,уурхайхантай уулзаж дараа нь Яамдуудад хандаж асуудалд тун бодитой баримттай хандаж байгаад талархаж байна!!\nИнгэж л ажиллаж байж амжилтад хүрнэ.!Бусад иргэний хөдөлгөөнүүд хүч гэмэхэд бэлэн байгаа шүү!Амжилт хүсэе!

3  |  0
Зочин(64.119.21.47) 2020 оны 03 сарын 27

Энэ зөв шүү

1  |  1
болж(66.181.160.78) 2020 оны 03 сарын 27

зөв зөв

1  |  1
Top