Такато Наохиса: Олимпын багийг дахин сонгох нь шударга бус

2020 оны 03 сарын 26

“Токио 2020” олимпын наадам хойшлогдсонтой холбогдуулан олон асуудал гарч ирсэн. Үүний нэг нь олимпын эрхийн тэмцээнүүд хэзээ болох, олимпын эрхээ хэдийн авчихсан тамирчид яах билээ гэдэг асуудал болоод байгаа юм. Олимп болох хугацааг зарлаагүй тул тамирчдын бэлтгэл ч тодорхой бус. Хэзээ ямар бэлтгэл хийж, формоо хэдэн сард оргил үед гаргах вэ гээд олон олон асуудал үндэсний олимпын хороод, спортын холбоодын өмнө тулгараад байна. Бүхэл бүтэн олимпын циклийн хүч хөдөлмөр үр дүнгүй боллоо гэж хэлэхэд болно.

Олимпыг зохион байгуулагч Япон орны хувьд олимпын эрхээ авсан тамирчдын талаар сүүлийн үед их ярьж байна. Японы ҮОХ-ны тэргүүн Ямашита Ясүхиро энэ талаар “Зарим спорт холбоод олимпод орох багийн бүрэлдэхүүнээ солино, зарим нь дахин сонгон шалгаруулалт явуулна гэж зарлаад байна. ҮОХ-ны хувьд спорт холбоодын шийдвэрийг хүндэтгэн үзнэ” гэж мэдэгдсэн.

Одоогийн байдлаар Японы чөлөөт бөх, марафон, ширээний теннис зэрэг хэд хэдэн холбооноос нэгэнт сонгогдсон, эрхээ өөрийн хүчээр авсан тамирчдыг солихгүй гэж мэдэгдсэн бол Жүдо бөхийн холбооноос харин шигшээ багаа дахин бүрэлдүүлнэ гэж мэдэгдсэн. Нутагтаа болох олимпод үндэсний жүдо бөхөөрөө бүх төрөлд медаль авах зорилготой байгаа Жүдо бөхийн холбоо олимпын наадам эхлэх цаг хугацаа тодорхой болох үед хамгийн формтой, хүчтэй байгаа тамирчдаа сонгоно гэдгээ илэрхийлсэн.   

Японы жүдо бөхийн холбооноос хоёрдугаар сарын 27-нд “Токио 2020” олимпын наадамд оролцох шигшээ багаа танилцуулсан. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Марүяма Жоширо, Абэ Хифүми нарын хэн сонгогдохыг дөрөвдүгээр сард шийдэхээр болоод байлаа.

Эрэгтэй шигшээ багт 60 кг – Такато Наохиса, 73 кг – Оно Шёохэй, 81 кг – Нагасэ Таканори, 90 кг – Мүкай Шёоичиро, 100 кг – Вольф Аарон, +100 кг – Харасава Хисаёши, Эмэгтэй шигшээд 48 кг – Фүна Тонаки, 52 кг – Абэ Үта, 57 кг – Ёшида Цүкаса, 63 кг – Таширо Микү, 70 кг – Арай Чизүрү, 78 кг – Хамада Шёори, +78 кг – Сонэ Акира нар сонгогдоод байгаа.

Харин шигшээ багийг дахин сонгох болсон явдлыг 60 кг-ийн жингийн Такато Наохиса эрс шүүмжиллээ. Тэрбээр олимпын багт Нагаяма Рюүжитэй ширүүн өрсөлдсөний эцэст олимпын эрх олж авсан тамирчин. Дэлхийн чансаагаар Нагаяма түүнээс мянга гаруй оноогоор илүү, сүүлийн нэг жилийн амжилтаар давуу байсан ч хоёулаа хамт оролцсон гурван ДАШТ-д Такато 2017, 2018 онд түрүүлсэн бол Нагаяма хүрэл л медальтай. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын Их Дуулгад халз барилдаж, Такато ялж, том тэмцээнд сайн барилддагаа батлан харуулсан. Мөн  гадаадын сайн тамирчдад оноо бага алддаг нь үнэлэгдэж, олимпын багт сонгогдсон юм.  

Олимпын наадам хойшлогдсоны дараа Такато “Олимп 2021 онд явагдах болсон уу? Хэзээ ч болсон би бэлэн байна” гэж бичиж байсан юм. Харин олимпын багийг дахин тодруулах болсны дараа твиттер дээрээ “Олимпын багийг дахин сонгож болохгүй. Эрхээ авчихсан тамирчныг аваагүй тамирчинтай дахин өрсөлдүүлэх нь сэтгэл зүйн хувьд аваагүй тамирчин илүү байх нь ойлгомжтой. Эхлээд олимпод оролцох эрхээ авсан нь хохирно. Спорт шударга байх ёстой” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top