ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Өнөөдөр 2020.03.26. Энэ оны 85 дахь өдөр бол он дуусахад 281 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 42 минутад мандлаа. 19 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Вьетнамд Залуусын өдөр, Украинд Үндэсний гвардын өдөр, Бангладешт Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Женнифер Грей, Эми Смарт, сагсан бөмбөгч Жон Стоктон, программист, “Google” хайлтын системийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж, Английн жүжигчин Кира Найтли, Японы уран гулгагч Сатоко Мияхара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат буюу Нэгдүгээр цахилгаан станц ашиглалтад оржээ.

1956 - БНМАУ, БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийв.

1958 - БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулжээ.

1963 - БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглав.

1910 - Манжийн харьяанд байсан дотоод Монголын Их хүрээнд Монгол лам нар болон Манж хятад худалдаачдын хооронд зодоон болжээ. Хүрээнд гурван монгол лам, Хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, зодолдсонд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар руу авч явахыг оролджээ. Харин хүрээний олон монгол тэд нар руу дайрч, улмаар хятад пүүсийг эвдэв.

2006 - Хятад, Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцжээ.

2010 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан билээ.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, бич, тахиа, гахай.

Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, өглөг хандив өгөх, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш гаргахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top