ҮСХ: Эдийн засаг тогтвортой өссөн ч ядуурал буураагүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

 

Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны мэдээлэлд үндэслэн “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгож байна.

Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.

Хот, хөдөөд 2016-2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ.

Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь 5 тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого 1 хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан байна.

Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016- 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж буй тухай тайланд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top