Үндэсний аудитын газарт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Үндэсний аудитын газраас өнөөдөр /2020.03.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис өгсөн юм.

Тэрбээр "Үндэсний аудиторын газар нь Сонгуулийн тухай хуулийн 38.5-т заасны дагуу сонгуульд оролцохоо мэдэгдсэн нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт гаргадаг. Уг заалтад сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн байх ёстой. Мөн хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн төсдийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэх ёстой. Өөрөөр хэлвэл эдийн засгийн янз бүрээр савлуулахгүй, янз бүрийн амлалт өгч сонгогчдын саналыг худалдаж авахааргүй байх ёстой. Иймэрхүү заалтууд бол дэлхийн улс орнуудын сонгуулийн тухай хуульд байдаг заалт юм. Өчигдөр энэ хуулийн 38.6-д зааснаар нам эвслүүд гуравдугаар сарын 25-ны өмнө хөтөлбөрөө ирүүлэх ёстой. Нийтдээ 2020 оны гуравдугаар сарын 01-ний байдлаар Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нам эвсэл энэ удаагийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн" гэв.

Түүнчлэн "Нийт 15 нам, дөрвөн эвсэл нийтдээ 19 мөрийн хөтөлбөр ирсэн. Шинэ эвсэл дотор дөрвөн нам нэгдэж сонгуульд оролцохоо мэдэгдлээ. Бие дааж оролцож байгаа 15 нам байна. Өчигдөр хамгийн сүүлд 23:50 цагт хамгийн сүүлийн нам мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Хэрэв мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн аль нэг нам эвслийн мөрийн хөтөлбөрт хууль бус зүйл заалт орсон бол залруулахаар буцаана. Хэрвээ залруулаагүй бол хөтөлбөр нь нийцээгүй гэж үзнэ" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top