КОВИД-19: Коронавирусний тархалт хэзээ зогсох вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

-Вакцин гаргаж авахад 12-18 сарын хугацаа шаардлагатай-

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий даяар эрчимтэй тархаж, хөл хорионы үед бидний амьдралын хэмнэл өөр болоод байгаа билээ. Хүн бүрийг айдаст автуулж байгаа энэхүү нөхцөл байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Бид амьдралын ердийн хэв маягтаа хэзээ эргэн орох бол.

Эдинбургийн их сургуулийн олон улсын халдварт өвчин судлалын эрдэмтдийн дүгнэж байгаагаар шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг зогсооход урт хугацаа шаардлагатай аж. Магадгүй бүр хэдэн жил ч шаардагдаж болзошгүй гэнэ. Улс орнуудын одоогоор хэрэгжүүлж буй хөл хорио тогтоох арга хэмжээ нь урт хугацаанд ирээдүйгүй гэдэг нь тодорхой байгаа аж. Энэ нь нийгэм болон эдийн засагт асар их хэмжээний хохирол учруулах юм.

Хэвийн нөхцөл байдалд орох хэрэгтэй гэв

Улс орнууд хөл хориогоо цуцалж, хэвийн нөхцөл байдалд эргэж орох хэрэгтэй байгаа аж. Гэхдээ ингэлээ гээд коронавирус алга болохгүй, вирусийг тогтоон бариад байгаа хязгаарлалтыг цуцалчихвал халдварын тохиолдлын тоо гарцаагүй өснө. Эдинбургийн их сургуулийн халдварт өвчний тархалт судлалын профессор Марк Вулхаус хэлэхдээ “Дэлхийн аль ч улс орон энэхүү өвчний тархалтыг зогсоох стратеги боловсруулаагүй байгаа. Дэлхий дахинд шинжлэх ухаан, нийгмийн маш том сорилт тулгараад байгааг зохицуулахад гурван арга зам бий. Вакцинжуулах, халдвараар дамжуулан олон хүнд дархлаа үүсгэх, өөрсдийн болон нийгмийн зан төлвийг бүрмөсөн өөрчлөх. Эдгээрийн аль аль нь вирусний тархалтыг бууруулах боломжтой” гэжээ.

Вакцин гаргаж авахад 12-18 сарын хугацаа шаардлагатай

Аливаа өвчин тусахаас урьдчилан сэргийлэх дархлааг үүсгэдэг вакцин нь хүн амын 60 орчим хувь буюу хангалттай тооны хүнийг дархлаажуулснаар вирусний дэгдэлт үүсэх боломжийг хязгаарлана. АНУ-д коронавирусний эсрэг вакциныг амьтан дээр эхэлж турших шатыг алгасан шууд хүн дээр туршиж эхэлсэн байна. Гэхдээ аливаа вакцины судалгаа тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг. Шууд амжилттай болж, дэлхий нийтийг дархлаажуулна гэсэн баталгаа байхгүй.

Бүх үйл явц жигд үргэлжилсэн ч вакциныг 12-18 сарын дотор гаргаж авдаг байна. Энэ нь энхийн цагт хөл хорио тогтоосон үед хүлээхэд маш урт хугацаа юм гэдгийг судлаачид хэлж байна.

Байгалийн дархлаа хоёр жилийн хугацаанд тогтоно

Их Британи улс коронавирусний халдварын тархалтыг гурван сарын дотор даван туулна гэж мэдэгдсэн. Энэхүү богино хугацааны стратеги нь эрчимт эмчилгээний орнууд дүүрч, нас барагсдын тоо огцом нэмэгдэхээс өмнө буюу аль болох ойрын хугацаанд халдварын тархалтыг бууруулах зорилготой. Тархалт намжсан тохиолдолд зарим арга хэмжээг түр хугацаанд буюу халдварын тохиолдол дахин гарах, дахин хязгаарлалт шаардагдах хүртэл цуцлах боломжтой болно. Одоогоор дээр дурдсан нөхцөл байдал хэзээ үүсэх нь тодорхойгүй байна. Их Британийн эрдэм шинжилгээний ахлах зөвлөх Патрик Валланс тодорхой товыг одоогоор тогтоох боломжгүй байна гэжээ.

Их Британи даяар гурван долоо хоногийн хөл хорио тогтоогоод байгаа юм. “COVID-19”-ийн тархалтын эсрэг тэмцэхээр энэхүү арга хэмжээг авч байгаа талаараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид бүгдээрээ илүү том арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Өнөөдөр би британичуудад маш энгийн тушаал өгч байна. Та бүхэн гэртээ байцгаагаарай” гэж “Twitter”-ээрээ дамжуулан шууд мэдэгдэл хийжээ. Британичууд маш цөөхөн шалтгаанаар л гэрээс гарч болох аж. Олон хүн зэрэг өвчилбөл эрүүл мэндийн газар ачааллаа дийлэхээ болино. Иймээс өвчний тархалтыг удаашруулах хэрэгтэй гэж Борис Жонсон үзжээ. Түүнчлэн хоёроос дээш хүн цуглах хориотой болжээ. Мөн Их Британид хүнснийхээс бусад бүх дэлгүүр хаагдсан байна. Их Британийн Гадаад хэргийн яам өмнө нь иргэдээ хилийн чинадаас эргэн ирэхийг уриалсан юм. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи гурван сарын дотор коронавирусний халдварын тархалтыг даван туулах болно гэсэн юм.

Олон хүн халдвар авснаар дархлаа тогтох уу?

Олон хүн халдвар авах тусам санамсаргүй байдлаар “хавсай дархлаа” тогтох аж. Гэхдээ ийм нөхцөл үүсэхэд олон жилийн хугацаа шаардагдаж болзошгүй гэж Лондоны Хааны коллежийн профессор Нейль Фергусон ярьж байна. Тэрбээр мөн “Тархалтыг бүх түвшинд намжаах талаар бид ярьж байна. Хүн амын багахан хувь нь халдвар авна гэж найдаж байгаа” гэжээ. Бид энэ байдлаараа хоёр болон түүнээс дээш жилийн хугацааг үдвэл хүн амын багахан хувь халдвар авч улмаар бусад хүмүүст зарим түвшний хамгаалалт үүсэх аж. Гэхдээ уг дархлаа хэдий хугацаанд байх нь тодорхойгүй юм. Ханиадны шинж тэмдгээр илэрдэг бусад коронавирус нь маш сул дархлаа тогтоодог бөгөөд хүмүүс амьдралынхаа хугацаанд ижил вирусээр олон удаа халдварлах эрсдэлтэй байдаг байна.

Түүнчлэн коронавирусээр халдварласан үед үхэлд хүргэх аюулыг нэмж буй өвчнүүдэд зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин, хорт хавдар оржээ.

Оросын тусламжийн 14 дэх онгоц Италид газардлаа

ОХУ Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь буцалтгүй тусламж үзүүлж байгаа билээ. Оросын тусламжийн 14 дэх онгоц өчигдөр Италид газарджээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид тусламж нийлүүлэх агаарын хүчний багийг энэ сарын 21-нд томилсон юм. Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд уржигдараас Италид очиж эхэлсэн билээ. Кремлиэс мэдээлснээр энэхүү тусламж нь буцалтгүй, ямар нэгэн болзолгүй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь үзүүлж буй тусламжийнхаа хариуд Орос улс ямар нэгэн болзол, мөнгө төгрөг хүлээхгүй аж. Владимир Путин болон Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нар утсаар коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ярьсны дараа ОХУ тус улсад цэргийн вирус судлаач эмч нар болон эмнэлгийн тоног төхөөрөмж илгээхээр болсон билээ. Эдгээр онгоцоор Оросоос 100 орчим цэргийн мэргэжилтэн Италид иржээ. Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянгад хүрч, 5400 хүн нас бараад байна.

Өмнөд Солонгост халдварын тоо 9000 давлаа

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн өчигдрийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 70 гаруйгаар нэмэгдэж, 9000 давжээ. Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 2, Дэгү хотод 31, Инчон хотод 1, Кёнги мужид 15, Умард Чүнчон мужид 1, Умард Гёнсан мужид 1, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 20 тохиолдол илэрчээ. Нийт 348582 (+10546) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 324105 (+8658) иргэний хариу сөрөг гарч, 15440 (+1812) иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Нийт 3507 (+341) иргэн бүрэн эдгэрсэн бол 120 (+9) иргэн нас баржээ. Одоогоор 5410 (-274) иргэн тусгаарлагдсан байгаа аж.

Монгол Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс БНСУ-д халдварын тархалт намжтал иргэдэд консулын үйлчилгээг зөвхөн шуудангаар болон цахимаар үзүүлж байгаа юм.

Top