ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Өнөөдөр 2020.03.25. Энэ оны 84 дэх өдөр бол он дуусахад 282 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 44 минутад мандлаа. 19 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатар үүлшинэ. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -12 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхий дахинд энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр. Мөн Абортод өртөж амиа алдсан хүүхдүүдийг дурсах өдөр юм. ОХУ-д энэ өдөр Соёлын ажилтнуудын өдөр тохиож байгаа бол Словенид Ээжүүдийн өдөр, Беларусьт Эрх чөлөөний өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн домогт дуучин Элтон Жон, олимпын аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга, Украины боксчин Владимир Кличко, Америкийн дуучин Катерин МакФий,  Америкийн сагсан бөмбөгч Кайл Лаури, Нигерийн хөл бөмбөгч Виктор Обинна, Английн хөл бөмбөгч Скотт Синклейр зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

Тэгвэл энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1918 оны энэ өдөр Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагджээ.

1957 оны энэ өдөр Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгуулав.

1969 оны энэ өдөр Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.

1979 оны энэ өдөр АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедийн сансар судлалын төвөөс хөөрчээ.

1988 оны энэ өдөр Братислав хотод Чехословакийн коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулж байв.

Энэ өдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, уул овоо тахихад тохиромжгүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top