А.Гылымхан: Бүгдээрээ хамтарч улс, эх орноо хөгжүүлэхийг л хүсэж, мөрөөдөж байна

2020 оны 03 сарын 25

Энэ удаагийн “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн зочноор Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцлоо.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгч, уншигчдадаа энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна.

-Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Аймагт хаваржаа сайхан болж байна.

-Нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуулт асууна, та 100 хариултыг өгнө.

-За.

-Та эхлээд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Монголчууд цөөхөн, гуравхан сая хүн амтай. Манай аймаг 100 мянга гаруй хүн амтай. Нэг нэгнээ мэддэг. Манайх энгийн л нэг гэр бүл. Эхнэр маань орос, англи хэлний багш. Хүүхдүүд маань том болцгоосон. Хоёр хүү, гурван охинтой. Бүгд л ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, жирийн хүүхдүүдийн адил дээд сургуулиа ч төгсөцгөөсөн. Тус тусдаа ажил, төрлөө хийж байгаа.

-Казах түмэнд онцлог гэж бий. Овог, аймаг гэж байдаг. Та аль овог, аймгийн хүн бэ?

-Манай ард түмэнд 12 аймаг, овог бий. Би Молхо гэдэг овгийн хүн.

-Монголоор ямар утгатай үг вэ?

-Молхо гэдэг нь омгийн нэр л дээ. Мол гэдэг нь элбэг, хангалуун гэсэн утгыг илэрхийлдэг.

-Хүн бүрд хэлэх дуртай үг гэж бий. Та ямар үгийг хэлэх дуртай вэ?

-Хэлэх дуртай үг гэхээр хүн зүгээр суугаад нэг үгийг олон дахин давтахыг хэлэхгүй. Би хурал, цуглаанд олон хүнтэй уулзаад сууж байхдаа нэг үгийг хэлэх дуртай. Үнэлж, цэгнэж явбал аз ирнэ. Баярлаж, үнэлж явж байх хэрэгтэй.

-Та аль суманд төрж, өссөн бэ?

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. Манай аймаг 13 сумтай. Тэр дундаа дөрвөн том сум байдаг.  Дэлүүн сум социализмын үед мал, хүн амынхаа тоогоор улсад гуравт ордог байсан. Үүнээс би сургуулиа магтах дуртай. Дэлүүн сумын 10 жилийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг нь би. Намайг төгсөхөд сургууль маань улсын тэргүүний сургуулиар шалгарч байлаа.

-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Инженер болохыг мөрөөддөг байсан.

-Хаашаа сургуульд явав?

-Би 1982 онд арван жилээ төгссөн. Онц төгссөн. Би тээврийн инженер болох хүсэлтэй байсан ч түүгээрээ байгаагүй. Их сургуулийн математикийн ангийг авсан. Хотод очсоныхоо дараа ангиа сольж, авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн.

-Дараа нь банга хүртэв үү?

-Тэгсэн. Дураараа сольсон. Тушаал гараагүй байсан юм.

-Казах эр хүн болгон бүргэдчин байдаг юм уу?

-Бүгдээрээ байна гэж байхгүй. Хөдөөгийнхөн голдуу бүргэдтэй байна. Түүгээрээ ан хийдэг. Хөдөө байдаг ах нарт бүргэд байдаг байсан. Дагаж явдаг л байлаа.

-Хэр бухимдаж байна вэ?

-Бүгдэд нь бухимдаад байж болохгүй. Аль болох ойлгож, тэрийгээ давахыг боддог.

-Бухимдлаа яаж тайлдаг вэ?

-Аль болох давж гарахыг л боддог.

-Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт томоохон ямар бүтээн байгуулалтын ажлыг хийв?

-Маш их хийсэн. Би 2016 онд Засаг даргаар томилогдохдоо том зорилт тавьсан. Зоригтой тавьсан, түүндээ баярладаг. Аймагтаа 20 км зам тавих зорилт тавьсан. Нийт 16 км авто замыг тавьсан байна. Мөн 16 цэцэрлэг, есөн сургууль, зургаан дотуур байр тавигдсан. Нийт 112 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байна. Олон жил ярьсан үерийн даланг барьж, дуусаж байна. Бид 2020 онд юу хийхээ төлөвлөөд байна. Орон нутгийн хөгжүүлэх сангаас хийх ажлаа төлөвлөсөн. Нийт 157 тэрбум төгрөгийн ажил байна. Энэ бол маш том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил юм.

-Энэ 2020 онд ямар том ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Аймгийг тойрч гарах замтай холбоотой гүүр барих ажлыг төлөвлөөд байна. Энэ жил Толбо чиглэлийн 60 км замыг барьж, ашиглалтад оруулсан. Мөн босоо тэнхлэгийн замын хүрээнд Цагаан нуур явах Улаан байшин боомт явах 25 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг барина. Нийт 30-аад тэрбум төгрөгийн том ажил юм. Түүнчлэн үерийн далан барих ажил байна. Бөхөн уулын тойрсон асуудал шийдэгдэх гээд байна. Эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол тавьж, аймгийн Нэгдсэн эмнэлгийг барих ажлыг эхлүүлээд байна. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх төрийн үйлчилгээний цогцолборыг ашиглалтад оруулна. Олон цэцэрлэг, сургуулийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Нийт 2020 онд 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Манай аймгийн түүхт 80 жилийн ой болно. Энэ хүрээнд 80 арга хэмжээ, урлагийн ажлыг хийхээр төлөвлөөд байна. Аймагтаа 80 мянган мод тарихаар төлөвлөсөн. Ард иргэд ч хашаандаа тарина.

-Зам их сайхан болжээ. Баян-Өлгий аймагт анх удаа ирж байна. Монголд байхгүй замыг л энд барьчихсан юм шиг санагдаж байна. Улсын төсвөөр хийсэн зам уу?

-Тийм. Ховдоос Баян-Өлгий орох 217 км зам бол сайхан болсон. Үнэхээр чанартай баригдсан зам шүү. Засгийн газраас бариулсан.

-Аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна вэ?

-Цэцэрлэгийн хүрэлцээ 62 хувьтай байсан. Одоогоор 86 хувьд хүрч байна. Үүнийг илүү нэмнэ. Одоо 2020 онд цэцэрлэг барих бодолтой байна.  

-Архи, согтууруулах ундаа гэж аюул байна. Та ямар бодолтой явдаг вэ?

-Манай казах ёс заншилд бол архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэггүй. Гэхдээ соёлт хэрэглээ гэж байна. Тэр хүрээндээ хэрэглэх хэмжээнд л бий. Би өөрөө архи хэрэглэдэггүй хүн. Сөрөг л үр дагавартай зүйл дээ. Сайн зүйл авч ирдэггүй шүү дээ. Манай аймагт тав дахь өдөр архи зарахгүй, үйлчлэхгүй. Энэ бол тогтсон, хэвшил болсон зүйл юм.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Олон бий. Тэр дундаас эх орон, гэр бүлээ хайрлаж явах хэрэгтэй. Энэ хоёрыг л хамгийн үнэт зүйл гэж ойлгож явдаг даа.

-Албан тушаалыг мөнгө дагаж явах уу?

-Албан тушаал бол хариуцлага юм. Түүнээс албан тушаалыг мөнгө гэж харж болохгүй, буруу.

-Та шүүмжлэлд хэр өртдөг вэ?

-Шүүмжлэл бол бий. Гэхдээ түүнийг зөвөөр хүлээж авах хэрэгтэй.

-Та өөрөө хэр шүүмжилдэг вэ?

-Шүүмжилнэ ээ, шүүмжилнэ. Өөрөө шүүмжлэлийг ч хүлээж авдаг.

-Хүн яаж явах нь юунаас шалтгаалдаг вэ?

-Өөрөөс нь шалтгаална. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж үг бий.

-Та хүнтэй анх уулзахдаа хаанаас нь эхэлж дүгнэдэг вэ?

-Харц, нүднээс нь л харна даа.

-Таньдаг уу?

-Хүнийг ганц хараад л танина гэж байхгүй дээ.

-Хүнийг хэр таньдаг вэ?

-Хүн таних хамгийн хэцүү. Ялангуяа боловсон хүчнийг шилэх, сонгох, таних гэдэг хэцүү. Хүний удам угсаа, гарал хүмүүжлээс нь л хүнийг дүгнэнэ дээ. Аав, ээж болон сурсан сургууль зэргээс нь хардаг. Казах үг бий. Сайн удамтай хүнээс сайн үр хүүхэд төрөн гардаг гэсэн утгатай үг бий дээ.

-Танд таагүй хүн хэр олон байдаг бол оо?

-Би аль болох ойлголцох, өөрийгөө ойлгуулж ажиллах талыг баримталдаг. Надад таагүй хүн гайгүй байх л гэж бодож явна. Надад 12 мянган өргөдөл байна.

-Ихэвчлэн юу хүсэх юм бэ?

-Ихэнх нь ажил хүсдэг. Манай аймаг 105 мянган хүн амтай. Ажилгүйдлийг шийдэж чадаагүй л байна. Энэ бол бүх газрын толгойны өвчин. Шийдэхийн тулд ажилласан. Сургууль, цэцэрлэгт ажлын байр бий болгосон л доо. Гэхдээ бүрэн шийдэж чадаагүй л байна. Аймгийн ноос угаах үйлдвэрт 67 хүн ажилладаг. Үүнийг дэмжсэн. Өнөөдөр 320 хүн ажиллаж байна. Гэхдээ л анхаарах хэрэгтэй.

-Залуус хотод л үлдчих гээд байна уу, ирэх хандлагатай байна уу?

-Энд ажил байхгүй болохоор тэнд үлдчих гээд байна.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Сая гаруй төгрөг. Төрөөс тогтоосон цалинг л авна.

-Таны гарын хоол юу вэ?

-Шөлтэй хоол. Би өөрөө ч дуртай. Оюутан байхдаа л шөлтэй хоол хийдэг байсан. Оюутны байрандаа дөрвүүлээ байсан.

-Казах түмний үндэсний хоол гэж байна шүү дээ?

-Манай казах түмэнд үндэсний хоол олон бий.

-Та хэдэн насандаа өөрийгөө би гэдэг бие хүнээ мэдэрч үзсэн бэ?

-Зургаадугаар ангид байхдаа олимпиадад түрүүлээд аймагтаа анх удаа ирсэн юм. Багш маань таньдаг айлаар нь тарааж, амраагаад маргааш нь цуглуулж авсан. Дараа нь нэг газар байрлуулсан. Тэгэхэд л бие дааж явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. 

-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан үе хэзээ вэ?

-Ичиж байсан уу.

-Тийм, бүр шараа болж байсан үе?

-Тэрийг сайн мэдэхгүй байна.

-Хэр цаг барьдаг хүн бэ?

-Би бол цагийн яс барина.

-Аймгийнхан хэр цаг барьж байна вэ?

-Янз бүр. Нуух зүйл байхгүй. Зарим газарт хайнга юм бий. Хүмүүс бэрхшээл хэлэх дуртай.

-Та хэр ачлалтай хүү вэ?

-Би хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэх тал дээр л явна.

-Эцэг, эхийн ачийг хариулна гэж байх юм уу?

-Бүрэн хариулна гэж байхгүй байх. Би эцэг, эхийнхээ ачийг бүрэн хариулсан гэж боддоггүй. Багаас минь л эцэг, эх минь сайн сураарай, онц сураарай гэж захидаг байсан. Тэрийг нь биелүүлсэн байх гэж боддог.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Сурагч, оюутан байхдаа математикийг сайн хийдэг байсан. Тэрийгээ үргэлжлүүлээд инженер, эдийн засгийн тал дээрээ сайн байсан. Эдийн засаг талдаа л сайн гэж боддог.

-Таны сонсох дургүй үг юу вэ?

-Чадахгүй гэдэг үг сонсох дургүй.

-Одоо таны хамгийн том мөрөөдөл юу байна вэ?

-Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Би мэргэжил эзэмшлээ, тэр чиглэлээрээ ажиллалаа. Одоо аймаг, улс орноо хөгжүүлмээр байна. Манай улсад боломж бий. Гуравхан сая хүн амтай, 70 сая малтай. Бүгдээрээ хамтарч улс орноо л хөгжүүлэхийг мөрөөддөг. Боломж ч байна.

-Улс төр гэж юу юм бэ?

-Сэтгэл, үзэл бодлоороо нийлсэн, улс эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн бодлоо хэрэгжүүлж байгаа үйл явц гэж бодож байна.

-Баян-Өлгий аймагт хамгийн тулгамдаж байгаа зүйл юу байна вэ?

-Ажилгүйдэл, ядуурал байна. Ажилгүйдлийг шийдэж чадахгүй байна. Үүнийг шийдэхийн тулд бодлого хэрэгтэй байна.

-Та нэг хүнд зориулж баярлалаа гэж хэлэхгүй юу?

-Нэг хүнд үү. Яг толгойд орж ирэхгүй л байна. Нэгэнд нь зориулаад хэлбэл олон хүн гомдох байх. Би өнөөдрийг хүртэл сайн явахад итгэл хүлээлгэсэн Өлгий сумын иргэдэд баярладаг. Би нэг тойргоос дөрвөн удаа аймагтаа сонгогдсон. Ард иргэдэд баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

-Баян-Өлгий аймагт хариуцлагын тогтолцоо хэр байна вэ?

-Шууд хэлэхэд их хэцүү. Өнөөдөр хариуцлага, үүргээ мэддэг хүн хэд байна вэ. Гол нь хүн үүргээ мэдчихвэл сайн байна. Хүн бүр хариуцлага, үүргээ нэг номерт тавиад түүнийгээ л биелүүлэх хэрэгтэй. Хариуцлагаа ухамсарлахгүй хувиа боддог хүн байдаг. Хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Бид цэвэр Өлгий хот, хоггүй хот гэж зарласан. Багийн Засаг дарга нар гүйгээд дийлэхгүй. Хүн бүр хог хаяхгүй л байх хэрэгтэй. Энэ ухамсрын түвшинд л хүрэх хэрэгтэй.

-Өнгөрсөн оныг ямар жил болгон зарлав. Энэ жилийг ямар жил болгон зарлаж байна вэ?

-Өнгөрсөн оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ бол амжилттай биелсэн. Энэ оныг хэд, хэдэн хувилбараар ярьж байна. Ажилгүйдлийг багасгах, аймаг орон нутгаа хөгжүүлэх тал дээр сэдэв олох байх. Бүгдээрээ ярьж явна.

-Наурызын баяр ямар утга учиртай юм бэ?

-Энэ бол хаврын баяр. Нарны баяр юм. Хавар эхэлж байна гэсэн үг юм.

-Таны муу зуршил юу вэ?

-Архи, тамхи хэрэглэдэггүй. Надад муу зан байхгүй.

-Таны нэр ямар утга, учиртай юм бэ?

-Шинжлэх ухааны хаан гэсэн утгатай. Миний нэрийг аав минь өгсөн.

-Таны харамсаж явдаг зүйл юу вэ?

-Хүмүүсийн хандах хандлага байна. Хувиа хичээсэн занд л харамсдаг. Бүгд л улс, эх орныхоо хөгжлийн төлөө явбал сайн. Бас бэлэнчлэх сэтгэлгээнд харамсдаг. 

-Амьдрал гэж юу юм бэ?

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэж л боддог.

-Баян-Өлгий аймгийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Хөгжиж, дэвшиж байгаасай л гэж хүсдэг. Бусад орны түвшинд хөгжих хэрэгтэй. Ард иргэд нь эрүүл байх хэрэгтэй. Хөгжихийн тулд хүмүүс нь оюунлаг байх хэрэгтэй.

-Урилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

-Маш их баярлалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 25

Muslim rape children

0  |  0
Хэл соёл хүндэл(202.126.88.184) 2020 оны 03 сарын 25

Монгол хэлээр ч ярихгүй тусгаар тогтносон зэвүүн хүний сэтгэлтэй юмнууд байдаг казакууд

0  |  0
Зочин(103.14.36.6) 2020 оны 03 сарын 25

Тэр Замын тендерийг Баделхан энэ нөхөр хоёр хувааш авсан шүү. бэлтгэсэн асуултаа асуулгажээ хэ хэ .Их хуралд гарга гээд мөрөөдөөд байгаа нөхөр

0  |  0
Top