Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгын баримт бичгээс Мөрийн хөтөлбөртөө тусган танилцууллаа

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

МҮЭ-ийн холбооноос УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд хүргүүлэх “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хорио цээрийн цаг үетэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан тоотоор хүргүүлсэн билээ. Харин өнөөдөр /2020.03.24/ МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл уулзалт хийж, “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж ажиллахаа танилцууллаа.

Уулзалтаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбоо нь иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд өөрийн гишүүн 36 холбоогоороо дамжуулан иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч боловсруулан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулан хүргүүлээд байна. Иргэд хөдөлмөрчид үе үеийн засгийн газраас цалин хөлс, зохистой, аюулгүй ажлын байрыг хүсч ирсэн. МҮЭ-ийн холбоо ч нийгмийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Дэлхий нийт ч өнөөдөр энэхүү асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байна. Бид улс төрийн хоёр нам, гурван эвсэлд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн. Энэхүү баримт бичгээс тодорхой асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусган өнөөдөр бидэнд танилцуулж байгаад баяртай байна. Бид энэхүү баримт бичигтээ 5 багц, 37 асуудлыг тусгасан. Энэхүү нийгмийн захиалгад санал болгосон асуудлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган засгийн эрх авсан нөхцөлд бодитой хэрэгжүүлж чадах улс төрийн нам, эвслүүдтэй цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх болно” гэсэн юм.

Харин “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл 2020 оны мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлэхээсээ өмнө МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хэрхэн тусгаснаа танилцуулж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус эвслээс 2020 оны мөрийн хөтөлбөртөө "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгээс Сайн засаглалын хүрээнд 5, Эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд 7, Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2, Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд 4, бусад заалтаас тоймлон оруулжээ.

Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгээс мөрийн хөтөлбөртөө тусган бодитой хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэнд талархаж буйгаа хэлээд тус холбооноос улс төрийн нам, эвслүүдэд уламжлал ёсоор гардуулан өгдөг энэхүү баримт бичгээс тусган, өндөр хэмжээнд бодитой хэрэгжүүлэх нам, эвслүүдэд нээлттэй гэдгийг МҮЭ-ийн холбооны зүгээс онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top