Хосгүй үнэт үзмэр: ШОНХ ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ

2020 оны 03 сарын 23

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийг дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт Монголын эзэнт гүрний үеийн үнэт ховор дурсгалын нэг Шонх таван толгойн хүн чулуун хөшөөг толилуулж байна.


ШОНХ ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ

Хэмжээ: 1608 x 70 x 48 см, жин 800 кг

Материал: Цагаан гантиг Олдсон газар: Дорнод аймаг, Халх гол сум, Шонх таван толгой

Он цаг: XIII-XIV зуун Хүн төрөлхтөн нэн эрт үеэс овог аймаг, төр улсын тэргүүн, цэргийн жанжин зэрэг алдар цуутнуудаа мөнхлөн хүн чулуу босгож, тэдний тахилын онгоны бүрэлдэхүүнд багтаасан байх нь олонтаа.

Монгол нутгаас 70 гаруй олдсон Монгол гүрний үеийн чулуун урлалын ховор дурсгал хүн чулуу хөшөөд нь язгууртнуудын дүр төрх, хувцас заслыг нарийн дүрсэлсэн үнэт эх сурвалж болж байна. Манай нэрт эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Баяр дундад зууны монголчуудын хүн чулуудыг судлан тодорхойлж эртний угсаатан судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан билээ. Монголын Үндэсний музейн II давхарт буй энэхүү хүн чулуун хөшөөг 1999 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг “Шонх таван толгой” хэмээх газраас тухайн үеийн ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын Үндэсний Түүхийн музей, Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд залж авчирсан түүхтэй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 51-р тогтоолоор /1998.4.18/ “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр”-ийг батлаж, “...Дорнод аймаг. Халхгол сум. Шонх толгойн хүн чулуу 1998-1999. Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Монголын үеийн хүн чулуунуудаас ганц бүтэн үлдсэн, хийц маш уран. Хуулбарыг хийж үлдээн, эхийг Монголын Үндэсний түүхийн музейд татан авах” хэмээн зааж уг ажлын хүрээнд дорнын хязгаараас Монголын эзэнт гүрний үеийн ганц бүтэн үлдсэн уг хөшөөг хадгалан хамгаалах, олон нийтэд таниулан музейн үзүүллэгт байрлуулсан түүх ийм буюу.

Хөшөөний дүрслэл: Түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрийг тун уран чадварлаг цоолборлон урласан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй бүтэн, сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж, баруун гараа сандлын тохойвч дээр тавьжээ. Шанаархаг өргөн нүүр, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй бөгөөд бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Дээлийнхээ гадуур богино ханцуйтай урт хормойтой, хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн нь ганц өргөн эмжээртэй, зөв ташуу энгэртэй ба үүний хормой дотуур өмссөн дээлийнхээс арай богино болохыг тун бодитой илэрхийлжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэвтэр ултай гутал өмссөн нь хормойн дороос цухуйж сандлын дорхи тавцанд гишгэсэн байна. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзвар дээр нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Анх бүтэн байхдаа дээл хувцасны цээжин хэсгээр битүү хээ угалзтай байсны бүдэг ором мэдэгдэх ба ерөөс энэ хөрөг хүний зүс царай, бие бялдрын хэмжээ харьцааг нарийн сайн илэрхийлж уран чадварлаг дүрслэгдсэнээрээ нэн онцгой.

Энд дүрсэлсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь ХIII-ХIV зууны дурсгал болохыг гэрчилнэ. /Ч.Амартүвшин., Монголын түүхийн толь / Энэ хөшөөнөө дүрсэлсэн дээл хувцас, үс гэзэг, исэр сандал зэрэг нь эдүгээ археологийн малтлагуудаар илрэн олдсоор байна.


Ашигласан ном зохиол Баяр Д. Монголчуудын чулуун хөрөг. УБ., 1995. Викторова Л.Л. Монголы. Происхождение народа и истоки культуры. М., 1980. стр. 39-40. Мэнэс Г. К. Археологической характеристике северо-восточной и западной групп каменных статуи монгольского времени /XIII-XIV вв/ //Studia archaeologica. Тom. XV,Fasc. 8. УБ., 1995, стр.73-86. Сэр-Оджав Н. Археологические разведки в Восточном аймаке МНР в 1962 году //К вопросу древнейшей истории Монголии. Studia archaeologica. Тom. III, Fasc.10. УБ., 1964.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top